sonin.mn
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг угтаж оюутан, залуучуудын дунд волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлт гэсэн спортын таван төрөлтийн тэмцээн болж байна.
 
Тус тэмцээний нээлт мягмар гарагт /2019.10.01/ “Буянт-Ухаа” спортын ордонд болов. Нийслэлийн Засаг даргын ивээл дор  болж буй тус спорт наадам есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-нд зохион байгуулж шилдгүүдээ тодруулна. Нээлтийн ёслолд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа, НСХ-ны Спортын хөгжлийн хэлтсийн дарга С.Саранцэцэг тэргүүтэй зочид төлөөлөгчид болон тэмцээнд өрсөлдөж буй оюутан, залуучууд оролцов.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа: “Улаанбаатар хотод анх удаа Нийслэлийн Засаг даргын ивээл дор оюутан, залуучуудын таван төрөлт спортын наадмыг зохион байгуулж байна. Өнөөдрийн бидний зохион байгуулж байгаа тэмцээнд төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудын баг тамирчид өрсөлдөж байна. Та бүхэнд тэмцээндээ амжилт гаргахыг хүсч, өргөн баг бүрэлдэхүүнтэй ирж оролцож байгаад нь талархал илэрхийлье” хэмээн онцлов.
 
Сагсан бөмбөгийн нийслэлийн шигшээ тэмцээнд 16 сургуулийн 224 оюутан, волейболын шигшээ тэмцээнд 12 сургуулийн 180 оюутан тус тус оролцож байна.
Мөн нийслэлийн иргэд оршин суугчдын дунд 10 дугаар сарын 23-ныг хүртэл спортын наадмыг явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр тэмцээн зохион байгуулах юм. Дугуйн тэмцээн болон бүх нийтийн гүйлтийг 10 дугаар сарын 12-ны өдөр “Хөшигтийн хөндий”-н хурдны зам дээр, Шатрын тэмцээнийг 10 дугаар сарын 12-13-нд “Аврагч” спорт хорооны зааланд тус тус зохион байгуулна.
Мөн Нийслэлийн иргэдийн спортын наадам нь хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шаттай найман төрлөөр зохион байгуулж байна. Тус наадмын анхан шатны тэмцээнүүд есдүгээр сарын 20-ноос өмнө явагдаж дууссан бөгөөд 10 дугаар сарын 5-20-нд урьдчилсан тоглолтууд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.