Японы мэргэжлийн сүмогийн оны эхний башё тун сонирхолтой болж байна. Юу нь сонирхолтой юм гэх хүн байх л биз. Тэгвэл аварга, арслангууд нь бараг унаад дууслаа. Хакүхо аварга тэмцээний гурав дахь өдрөөс Какирюү аварга дөрөв дэх өдрөөс тэмцээнийг орхисон. Тэр хоёр 2-3 уначихаад яваад өгсөн дөө. Түүнээс хойш хэн ч түрүүлж болох үүд нээгдсэн гэж болно.Тэмцээний долоо дахь өдрийн байдлаар Такикейшо, Шёодай, Тэрэцүоши, Эндо, Токишёорюу нар зургаан даваа, нэг унаатай тэргүүлж яваа бол Осанаяама, Кагаяки, Хокгофүжи, Гоэйдо нарын бөхчүүд таван даваатай нэхэж явна. Дээд зиндааны барилдаанд барилдаж буй монгол сүмочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр, Азүмарюү Тодбилэг дөрөв, Кирибаяма Б.Лхагвасүрэн гурван даваатай байна. Хэн ч түрүүлэх боломжтой байгаа. Жэүрёо зиндаанд Тэрүнофүжи Ган-Эрдэнэ унаагүйгээр тэргүүлж яваа гэнэ. Дээд зиндаанд найм дахь өдрийн адара тавин хувиа хангасан бөх байсангүй ээ.

 

Д.Надмид

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин