sonin.mn
Дэлхийд үзүүлсэн амжилтаараа ХХ Америкад XIV байрт бичигддэг тэрээр Японд болох паралимпод Перу улсыг төлөөлж оролцох аж. Тэрээр өнгөрсөн жил Лимад болсон Пан Америкийн пара тэмцээний хүрэл медальтай тамирчин юм. Энэ удаа “Токио 2020” олимпод оролцохын тулд бэлдэж байгаа аж. Мөн ирэх сарын 20-нд Колумбид болох эрхийн төлөөх тэмцээнд оролцоно. Ноами Васкестай “Lа Republica.pe” цахим хуудаст хийсэн ярилцлагыг хүргэе.
 
-Та их хүчтэй тамирчин шүү дээ?
 
-Би халдварт саа өвчний улмаас 15 нас хүртлээ суга таягтай байсан. Түүнээс хойш одоог хүртэл тэргэнцэр дээр сууж байна. Ээжийгээ хавчуургатай талх зарахад нь үргэлж тусалдаг. Ээж бол миний гол ивээн тэтгэгч.
 
-Спортын хувьд ямар түвшинд байна вэ?
 
-Пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож гурав дахь удаагийн оролдлогоороо 50,53, 56 кг-ыг өргөсөн нь их урам зориг өгсөн. Би их сайн байна. “Токио 2020” олимпод оролцох эрх авахын тулд бэлтгэлдээ анхаарч Арекипа хотоос Лима руу явж байна.
 
-Та олимпод оролцох эрх олгох тэмцээнүүдээс юу хүлээж байна?
 
-Колумбид болох тэмцээнд бусад орны пауэрлифтингийн шилдэг тамирчид очно. Тиймээс шүүгчид чадвараа үнэлүүлэхийн тулд хүч, техникийн бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Би номер нэг тамирчнаар шалгарах, оролцох эрхээ баталгаажуулахыг хүсч байна. Миний дээд амжилт бол 56 кг. Харин Токиогийн олимпод оролцох эрхээ авахын тулд миний үзүүлэх амжилт дунджаар 55-57 кг байх ёстой. Би энэ амжилтад хүрэх ёстой гэдгээ их сайн ойлгож байгаа.
 
-Колумбид болох энэ тэмцээн олимпод оролцох эрх олгох цорын ганц боломж уу?
 
-Үгүй. Бурхан минь, тамирчныг дэмжих хөтөлбөр, Перугийн паралимпийн үндэсний нийгэмлэгт талархаж байна. Бидэнд дөрөвдүгээр сард  Дубай хотод болох тэмцээнд оролцох хоёр дахь боломж бий. Яагаад гэвэл энэ үзүүлэлтийг хангасан учраас бидэнд тэмцээнд оролцох хоёр боломж байгаа. Гэхдээ Колумбид болох тэмцээнээр оролцох эрхээ авахыг хүсч байна. Дубайн тэмцээн миний бэлтгэлийн нэг хэсэг болно.
 
-Бэлтгэл ямар байна?
 
-Би эхлээд 56 кг, дараа нь 57 кг-ыг өргөнө. Гэхдээ хамгийн багадаа хоёр дахь оролдлогоороо өргөх, үүнийгээ олон улсын шүүгчид харуулахын тулд техник сайтай байх хэрэгтэй. Сайн өргөх хангалттай биш.
 
-Дэлхийд болон Америкт амжилтаараа хэддүгээрт орж байна вэ?
 
-Дэлхийд болон Америкт XX, XIV байрт ордог. Гэхдээ энэ жил миний амьдардаг Арекипа хотын компаниуд намайг дэмжинэ. Ингэснээр спортын олон тэмцээнд оролцохоос гадна цаашид сайжирна гэж найдаж байна. Мөн Лимагийн компаниудыг тамирчдаа дэмжихийг хүсч байна.
 
-Тэгэхээр Ноами “Токио 2020” паралимпод оролцох эрхийн төлөө бүгдийг хийж байна гэж болох уу?
 
-Тамирчныг дэмжих хөтөлбөрт талархаж байна. Би ажиллаж байна. Мөн энэ олимпод шалгарах эрх авахын төлөө бүхнээ зориулж байна. Намайг гэсэн бүхнээс эрч хүч, урам авдаг. Гэсэн ч хувийн компаниудын дэмжлэгийг авахаар хөөцөлдөж байна.
 
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин