sonin.mn

Шинэ коронавирусийн тархалт олон улсад идэвхжиж байгаагийн улмаас хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авах эрхээсээ Казахстан улс татгалзсан билээ. Тус улсад хүрэлцэн ирэх тамирчид болон өөрсдийнхөө аюулгүй байдлыг бодолцож уг шийдвэрийг гаргаснаа тэд онцлоод байв.

 

Тэгвэл хүндийг өргөлтийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Узбекистан улс хүлээн авахаар болжээ.“Токио-2020” олимпын эрх олгох тус тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 16-25-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болно.

 

Сонирхуулахад, Узбекистан улсын Ташкент хотод болсон хүндийг өргөлтийн өсвөр болон залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас зургаан тамирчин дасгалжуулагч Ц.Батзаяагийн удирдлага дор хүч чадлаа сорьж эх орныхоо нэрийг гаргажээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин