sonin.mn
"Голден жим" фитнесс клубийн сургалт хариуцсан захирал Ө.ДОЛГОРМААГ ярилцлагын зочноор урилаа. Тэрбээр зумба фитнессийг олон улсад албан ёсоор заах эрхтэй багш юм.
 
-Жилийн энэ үед охид бүсгүйчүүд гэлтгүй залуучууд эрүүл мэнд, биеийн галбиртаа илүү анхаарч дасгал хөдөлгөөн хийх нь нэмэгддэг. Тэдэнд зориулж хөл хорионы нөхцөлд ямар дасгал хийж болох талаар зөвлөнө үү?
 
-“Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Хөл хорионы үед хөдөлгөөн хорилоо гээд гэртээ үр бүтээлгүй өнгөрүүлэхэд цаг хугацаа хайран шүү дээ. Хаврын улиралд хүний дархлаа сулардаг. Ийм үед бид дасгал хөдөлгөөн хийхийн зэрэгцээ зөв хооллож илүүдэл жинтэй болохоос сэргийлэх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөнийг хүн хаана ч хийж болно. Өөрөөр хэлбэл, заавал аль нэг фитнесс төвд явснаар хэрэгждэг зүйл биш. Хүн өөрөө л хүсвэл гэр, ажлынхаа байранд ч дасгал хөдөлгөөн хийж болох юм. Наад зах нь өглөө эртлэн босож, цэцэрлэгт хүрээлэнгээр гүйж болно. Цахим хуудаст байгаа олон төрлийн дасгалаас өөрт тохирохыг сонгон хийх боломжтой. Ер нь өдөрт 30-40 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
 
 
 
Эрүүл амьдралын хэв маягийг 100 хувь гэж үзвэл үүний 20 хувийг дасгал хөдөлгөөн эзэлдэг. 70 хувь нь зөв хооллолт, үлдсэн 10 хувь нь амьдралын зөв дадал хэвшил гэж үздэг. 
 
 
 
-Идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдгийг хэрхэн тодорхойлох вэ. Бидний өдөр тутамдаа хийдэг хөдөлгөөн, жишээлбэл, гэрээс ажил хүртлээ алхах нь идэвхтэй хөдөлгөөнд тооцогдох уу?
 
-Дасгал хөдөлгөөнийг дөрөв ангилдаг. Хамгийн түрүүнд зорилтот дасгал хөдөлгөөн гэж фитнесс, аэробик, бүжиг, усан сэлэлтээр хичээллэх зэрэг яг зорьж хийж байгааг нь хэлдэг. Энгийн буюу ахуйн дасгал хөдөлгөөнд алхах, гүйх зэрэг багтана. Нөхөн сэргээх дасгал хөдөлгөөн буюу хөнгөн бэртэл гэмтлийн үед эмчийн заавраар дасгал хөдөлгөөн хийдэг. Хамгийн сүүлд спортын буюу мэргэжлийн тамирчдын хийдэг дасгал хөдөлгөөн орно. Ер нь ДЭМБ-аас гаргасан судалгааны дагуу хүн өдөрт 30-40 минутыг зайлшгүй дасгал хөдөлгөөнд зарцуулах шаардлагатай гэж үздэг. Үүний дүнд илүүдэл жинтэй болохоос урьдчилан сэргийлж  чадна. Хүн бүр фитнесс төвд очиж дасгал хийх боломжгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийх шаардлагатай учраас чөлөөт цаг гарвал алхаж, гүйж ахуйн хөдөлгөөнөө идэвхжүүлэх боломжтой.
 
ЦАГААН ГУРИЛ, ТӨМС, ЯНЗ БҮРИЙН ЧИХРЭЭС ТАТГАЛЗ
 
-Эрүүл амьдрах хэв маягийн 70 хувь нь зөв хооллохоос шалтгаалдаг гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
 
-Зөв хооллолт гэхээр хүмүүс ихээхэн хэмжээний мөнгө төгрөг шаардлагатай гэж боддог. Гэтэл зөв хооллолт цаг хугацаанаас ихээхэн шалтгаална. Хүн биологийн амьтан учир өөрийн гэсэн цагтай. Жишээлбэл, өглөө 06.00-08.00 цагийн хооронд хоол боловсруулах эртхэн системийн үйл ажиллагаа хамгийн дээд цэгтээ идэвхждэг. Өдөр, оройн хоолны цагаас гадна завсрын хоолны үечлэл гэж бий. Илчлэгийг хоол хүнснээсээ их аваад буцаагаад шатааж чадахгүй нь илүүдэл жин үүсэх шалтгаан болдог. Тэгэхээр зөв хооллоно гэдэг нь зөв цагт, ойр ойрхон хоолло гэсэн үг. Монголчуудын нүүрс усны хэрэглээ өндөр байдаг. Тэглээ гээд заавал нарийн дэглэм барьж өөрийгөө стресстүүлэх шаардлагагүй. Юуны түрүүнд гурван төрлийн хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, цагаан гурил, төмс, янз бүрийн чихрээс татгалзаж чадвал үр дүн маш сайн байх болно. Хүний биед хэрэггүй илчлэг өндөртэй хоол хүнснээс аль болох татгалзаж сурах хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүн авахдаа сонголтоо маш зөв хийх нь чухал. Учир нь, нэг төрлийн бүтээгдэхүүн орц, найрлагаасаа хамаараад олон янз байдаг. 
 
 
-Дасгал хөдөлгөөний үед хүнсний ямар бүтээгдэхүүнийг хэрэглэхэд тохиромжтой вэ?
 
-Фитнессээр эрчимтэй дасгал хийж байгаа үеийн тамирчдын хооллолт гэж бий. Сонирхон хичээллэж буй хүмүүсийн хооллолт нь тэднийхээс арай өөр. Дасгал хөдөлгөөн хийж байгаа учир нүүрс усаа бүрэн мөсөн хасаж болохгүй. Хөдөлгөөн хийхэд хүнд энерги маш их шаарддаг учир бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой. Мөн нарийн ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх ёстой. Үүнд нэг зүйлийг анхаарах шаардлагатай. Бүсгүйчүүд хаврын улиралд мацаг барьж жингээ хурдан хасах сонирхолтой байдаг. Гэхдээ хаврын улиралд мацаг барих нь буруу. Ялангуяа фитнессээр хичээллэж их ачаалал авч байгаа хүмүүс мацаг барьж болохгүй. Учир нь, булчингийн алдагдалтайгаар буруу байдлаар жингээ хасдаг. Дээр нь сульдаж, дархлаагаа унагах эрсдэлтэй. Тиймээс өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг зөв хооллолттой хослуулбал хүссэн үр дүндээ хурдан хүрнэ. Ер нь фитнессээр хичээллэж байгаа гэлтгүй хүмүүс уураглаг хүнс хэрэглэхэд тохиромжтой юм.
 
-Энэ үед хүнсний ямар бүтээгдэхүүнийг хориглодог вэ?
 
 
 
-Чихэр агуулсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Мөн найруулж хэрэглэдэг цай, кофе болон бэлэн гоймон зэрэг илчлэг өндөртэй зүйлээс аль болох татгалзах ёстой. Эрүүл зөв амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд хүмүүсийн сэтгэл зүй маш чухал. Хүмүүс 80:20 зарчмыг баримтлах нь зөв. Тодруулбал, хүн эрүүл амьдрахын тулд ямар нэг алхам хийх ёстой.  
 
 
 
Үүнийг 80 хувь гэж үзнэ. Харин үлдсэн хувьд нь хүмүүс янз бүрийн зүйл туршиж алдаж болно. Хүн бүр төгс биш. Дасгал хиймээргүй санагдана, амттай зүйл иднэ. Гэхдээ энэ бүхний дараа эргээд хийх ёстой зүйлээ мэддэг байх ёстой. Үүнийг 20 хувь гэж үзэж байгаа юм.
 
-Эрүүл амьдрах хэв маягийн нэг чухал зүйл нь ус гэж боддог. Энэ талаарх мэдлэгээсээ хуваалцаач. Дасгал хийсний дараа ус уухгүй байхыг зөвлөдөг нь зөв үү?
 
-Янз бүрээр л ярьдаг. Гэхдээ устай орчинд бодисын солилцоо явагдаж, өөхний шаталт нэмэгдэнэ. Дасгалын үед амны цангаа тайлах маягаар бага багаар ус ууж болно. Зарим хүн ус уухгүй байж байгаад хэдэн аягаар нь уудаг. Энэ буруу, 30 минутын зайтайгаар ус уухыг зөвлөдөг. Ингэж хүн өдөрт 8-9 аяга цэвэр ус уусвал тохиромжтой гэж үздэг.
 
СТРЕССТЭХ НЬ ЖИН ХАСАХАД СӨРГӨӨР НӨЛӨӨЛДӨГ
 
-Хүмүүс жингээ хурдан хугацаанд хасахын  тулд цай, кофе хэрэглэдэг. Ер нь жингээ хурдан хугацаанд  хасах нь хэр эрсдэлтэй вэ?
 
 -Ялангуяа охид бүсгүйчүүд богино хугацаанд их жин хасах гэж хүсдэг. Гэтэл жин хасахад цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойдгодоггүй. Дасгал хөдөлгөөн хийхээр аяндаа бодисын солилцоо эрчимжиж жин хасдаг. Ингэснээр долоо хоногт 2-3 кг хаявал дундаж хэмжээгээр жингээ хасаж байна гэж ойлгох хэрэгтэй. Долоо хоногт таваас дээш кг жин хасвал эргээд сөрөг нөлөөтэй гэж ойлгож болно. Жишээлбэл, гэдэс цэвэрлэдэг цай хүний биеийн усыг л шавхаад байдаг. Үүнээс болоод арьс унжих, үс унах зэргээр гоо сайханд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Тиймээс жингээ боломжийн хаяхын тулд дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллохоос гадна амьдралын зөв дадал хэвшилтэй байх хэрэгтэй. Нэг зүйлийг анхааруулахад, стресстэх нь жин хасахад сөргөөр нөлөөлдөг. Тиймээс сэтгэл санаагаа тайван байлгах нь чухал юм.
 
-Жин хасаж байгаа хүний арьс суларч унждаг. Үүнийг дасгал хөдөлгөөнөөр хэвийн байдалд оруулах боломжтой юу?
 
-Хэт их жингээ хасвал арьс суларч, унждаг. Ийм үед арьсыг хэвийн болгоно гэдэг хэцүү. Харин 10-20 кг хасаж байгаа тохиолдолд арьс эргээд хэвийн байдалдаа ордог.
 
-Жин хасахаас гадна нэмэх хүсэлтэй хүмүүс сүүлийн үед ихсэх болсон. Тэдэнд хандаж зөвлөгөө өгөөч?
 
-10 жилийн турш олон хүнтэй ажиллалаа. Жин хасах нь том асуудал биш. Тухайн хүн л зорилго тавьж чадвал үр дүнд амархан хүрнэ. Харин жин нэмэх нь бага зэрэг асуудалтай. Жингийн алдагдалтай бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Хоол боловсруулах эрхтэн системийн ажиллагаа хэвийн байна уу гэдэгт анхаарах ёстой. Ер нь жингийн алдагдалтай хүмүүс уургаар баялаг хүнсийг түлхүү хэрэглэвэл жингээ зөв байдлаар нэмэх боломжтой. Уураг уугаад жингээ хурдан нэмье гэсэн хүмүүс байдаг. Тийм хүмүүст бид уураг ууж байгаа бол заавал дасгал хөдөлгөөн хийх ёстой гэж зөвлөдөг. Тэгэхгүй бол уургийг буруу хэрэглэснээр элэг, бөөрний үйл ажиллагаанд өөрчлөлт ордог. Үнэндээ уураг нь хүн хүсээд байхаар зүйл биш. Маш их хэмжээний ачаалал авдаг, дасгал хийдэг, эргээд түүнийгзэ шатаах чадамжтай мэргэжлийн тамирчид уураг хэрэглэдэг.
 
-Сүүлийн үед зумба фитнессээр хичээллэгсдийн тоо олширсон. Та энэ төрлийн фитнессийн багшаар олон жил ажиллаж байгаагийн хувьд ямар онцлогтой талаар сонирхуулна уу? 
 
-Зумба фитнесс бол “Голден жим”-ийн брэнд болсон хөтөлбөрүүдийн нэг. XXI зуун бол вэлнэс зуун. Дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зөв хооллохын ач холбогдлыг хүн болгон мэддэг болсон. Үүнийг дагаад фитнессийн салбар өдөр өдрөөр хувьсан өөрчлөгдөж байна. Олон төрлийн хөтөлбөрийг гаргасан. Зумба фитнесс нь тэсрэлттэйгээр гарч ирж байгаа хөтөлбөр. Энэ бол маш эрчимтэй, бас хөгжилтэй аргаар тураах хөтөлбөр юм. Монголын зумба фитнессийн холбоог 2014 онд байгуулаад олон байгууллага, хүнийг хамруулсан. Зумба аз жаргалын гормоныг маш их ялгаруулдаг. Эрчимтэйгээр турааж галбиржуулна. Ядарсан мэдрэмж өгөхгүйгээр бүжиглэнгээ давхар галбиржуулан тураадаг онцлогтой учраас энэ хөтөлбөрт нэг хамрагдсан хүн улам дурладаг.
 
“ГЭРТЭЭ ГАЛБИРЖЪЯ” ХӨТӨЛБӨРТ  ХҮССЭН ХҮН БҮР ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
 
-Та зумба хичээлээ онлайнаар зааж байгаа юу?
 
-Нийгмийн хариуцлагын хүрээнд “Гэртээ галбиржъя” хөтөлбөрөө үнэ төлбөргүй хэрэгжүүлж байна. Эрүүл хэв маягийг дадал зуршил болгох үүднээс гэртээ байгаа хүмүүст зориулсан дасгал хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт дасгал хөдөлгөөнийг гэртээ хэрхэн хийх вэ, яаж эрүүл зөв хооллох ёстой юм бэ гэдгийг заадаг. Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс үр дүнгээсээ хуваалцаж, сайн үр дүн гаргасан нэгнээ урамшуулдаг. “Гэртээ галбиржъя” хөтөлбөрт хүссэн хүн бүр хамрагдах боломжтой. Мөн бид Гэр бүл, хүүхэд, хөгжлийн газартай хамтран “Зумба кидс" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөл хорионы үед хүүхдүүд энэ хөтөлбөрт хамрагдан сонирхолтойгоор дасгал хөдөлгөөн хийх боломжтой. 
 
-“Голден жим” хөл хорио тавигдахаар ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
 
-Бид энэ хавар олон зүйлийг хийхээр төлөвлөж байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрлөө гээд төлөвлөсөн ажлаа орхихгүй. Жин хасах уралдаанаа зохион байгуулна. Мөн залуусын дунд бодибилдинг фитнессийн мисс, мистерийн тэмцээн  явуулахаар төлөвлөж байна.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин