sonin.mn
Эртнээс нааш уламжлалтай эрийн гурван наадмын нэг хүчит  бөхчүүдийн тухай түүх шашдирт тэмдэглэж, хад чулуунд дүрслэн үлдээсэн баримт, эх сурвалж цөөнгүй ажээ. Бүр эртний Хүннүгийн үеэс дайн тулалдаанд бэлтгэх, ялалт юугаа тэмдэглэх зэрэгтээ цэрэг эрс, хүчтэнүүдийг хооронд нь барилдуулж, нум сум харван цэц мэргэнийг сорих, хурдан сайн морьдыг уралдуулан наадам цэнгээн үүсгэдэг байсан гэдэг. Энэ бүхэн эртний Хүннүгийн булшнаас олдсон барилдаж байгаа бөхийн дүрс бүхий бүсний хүрэл арал олдсоноор нотлогдож байгааг эртний судлаачид /археологичид/ зохиол бүтээлдээ дурдсан байдаг билээ.
XIII зууны үеийн Монголын түүх, уран зохиолын гайхамшигг дурсгал болох “Монголын нууц товчоо”-нд бяр чадалтай хүдэр чийрэг эрс, зоригт баатар өрлөг  жанжин, хүчит бөхчүүдийн талаар олонтаа өгүүлсэн байна. 
 
 
 
Монголын түүхэнд холбогдох эх сурвалжуудад ч ийм мэдээ баримт цөөнгүй байх юм. “Бартан баатрын хүү Есүхэй баатрын хөвгүүдээс Чингис, Хасар, Бэлгүтэй нар бөх барилдах, харваж намнахын алинд ч гарамгай хүмүүс байсан” гэж В.Инжинаш “Хөх судар" зохиолдоо бичсэн байдаг.
 
 
 
Мөн 1220-оод оны эхээр Монголд ирж байсан Сүн улсын түшмэл Жо-Хун “Монгол татарын тухай бүрэн тэмдэглэл” номдоо Чингис хааныг “Өндөр нуруутай, өргөн магнайтай, урт сахалтай...” хэмээн дүрслэн бичсэн нь түүний арал чац, сүр жавхаатай эр байсныг гэрчилж байгаа хэрэг юм. Торголжин баяны хүү Добу мэргэнийг нас барснаас хойш Алунгоо эхээс төрсөн бага хүү Бодончар мунхгийг “Монгол аймгуудын дийлэнхийг захирсан, эрэмгий зоригтой асар их хүчтэй, аварга том биетэй хүн байсан бөгөөд өөрийн нөхдөдөө ч хүч тэнхээтэй залуусыг шалгаруулан авдаг байсан ажээ” гэж Л.Ням-Осор, Б.Батсүх нар 1989 онд хэвлүүлсэн “Монгол бөхийн хөгжил” бүтээлдээ дурдсан байдаг. Бодончарын Түнхэлэг горхиноос барьж авсан эмээс хожим төрсөн Баарьдайн хүү Зүтгэл бөх гэдэг байсныг “Монголын нууц товчоо”-ны 41 дүгээр зүйлд дурдсанаас үзэхэд тэр лав барилддаг бөх хүн байсан биз ээ. Мөн Мэргидийн их  Чилэдү Олхонуд аймгаас Өүлэн Үжинг эхнэр болгон аваад буцах замдаа эхнэрээ Есүхэй баатарт булаагдсаны өшөөг авахаар хожим 1178 оны шар нохой жил Тэмүжинг Хэрлэн мөрний Бури эрэгт нутаглаж байхад Уруйд Мэргидийн Тогтоо бэхи, Увас мэргидийн дайр Усун, Хаад Мэргидийн хаатай дармалч нарын Гурван мэргидийнхэн гэнэт довтлон ирж Бөртэ Үжинг олзлон “өвөг эцгийнхээ өшөөг авлаа” хэмээн баярлан аваачиж Уруйд Мэргидийн мөнөөх Чилэдүгийн дүү Чилэгэр бөх гэгчид өгсөн /МНТ 103 дугаар зүйл/ тухай өгүүлснийг үзэхэд тэр бас барилддаг байсан хэрэг. 1190 оны цагаан нохой жил Жамухыг довтлон ирэхэд Чингис хаан угтан тулалдсан Арван гурван хүрээний байлдааны дараа Уруд аймгийн Журчидай, Мэнгуд аймгийн Хуйлдар нар харьяат аймгаа даруухан, Хонхотаны мэнлиг эцэг долоон хөвгүүнтэйгээ Жамухаас салж Чингис хааныг түшин ирэв. /МНТ 130 дугаар зүйл/ Энэ бүхнийг тэмдэглэн Ононы шугуйд найр хурим болоход Чингисийн талаас Бэлгүтэй, Жүрхэний талаас Бури бөх нар хуримыг засаж /МНТ 131 дүгээр зүйл/ удирдсаныг үзэхэд бөхчүүд өвөг дээдсийн үеэс ихэд хүндэлж байсны жишээ гэлтэй. Гэтэл Хатгин овгийн нэг хулгайчаас болж хурим удирдаж байсан хоёр хэрэлдэж Хабул хааны долоон хөвгүүний нэг Хутагт Монхорын хүү Бури бөх Есүхэй баатарын нэг хатан Сочигэлээс төрсөн Бэлгүтэй /Чингисийн дүү/ нүцгэн баруун мөрийг илдээр цавчсан тухай /мөн зүйлд/ бичсэн байдаг. Цааш нь Бэлгүтэй үргэлж барилдах-тул баруун ханцуйгаа мулталж/ сугалдаргалж/ гараа нүцгэн гаргаж явах бөлгөө” хэмээн түүний бөх болох тухай тодорхойлсон байх юм.
 
 
 
“Монголын нууц товчоо”-ны 132 дугаар зүйлд түүний хүч чадлыг илэрхийлэн дээрх хэрүүл зодооны үеэр Бэлгүтэй Хөхүүртэй айргаар цохиж байсныг дурдсаны гадна Тайчууд Бэлгүтэйг барьж аваад хасаг тэргэнээс хүлж орхиход Бэлгүтэй тэднийг унтсан хойно хүлэгтэй чигээрээ тэргийг үүрсээр нөхөд дээрээ ирж байснаас үзэхэд тэр эгэлгүй тэнхээтэй бөх байж дээ гэх бодол төрнөм.
 
 
 
Чингис хааны том хүү Хавт Хасар ч бяр чадал ихтэй, мэргэн харваач байсан гэдэг. Тиймээс ч Рашид Ад-Дин Хасарыг “Хүн хүнээс хэтэрхий чадалтай...” гэж бахдан бичсэн байдаг. Бас Мэнлиг эцгийн долоон хөвгүүн дүү Хавт Хасарыг нь олны хүчээр элбэн зодсоныг сонсоод Чингис хаан Хасар дүүдээ “Амьтанд  дийлэгддэггүй хүн гэдэг биш бил үү чи. Яагаад дийлэгдэв?” гэж асууснаас л Хавт Хасарын хүү чадалтай нь улам тод харагдана. Цааш нь Тэб Тэнгэр Чингис хаанд Хасарыг хаан ширээ булаагдах хүн гэж худал ховлосноос болж Чингис Хаан Хасар дүүгээ баривчлан хүлж байцааж байхад Өүлэн эх хүрч очоод Хасарын хүлгийг тайлж хоёр хөхөө ил гарган “...Хасар бол хоёр хөхний минь сүүг дуустал хөхөж цээжийг минь уужим болгож амирлуулдаг билээ. 
Хасар хав хүчтэй тул 
Хатгалдан зайлагсдыг 
Харвах сумны хүчээр 
Хамж авчирдаг билээ...
Одоо дайснаа дарж төгсөв гэж Хасарыг үзэн ядаж байна уу гэж зэмлэхэд Чингис хаан буруугаа хүлээж “Бид одоо ингэхээ больё” Монголын нууц товчоо 244 дүгээр зүйл”/ гэж байгаагаас үзэхүл Хасар хар багаасаа л тэнхлүүн тамиртай, хүү байж, хүч чадалтай мэргэн баатарлаг дайчин эр болж өссөнийг эх нь бахдан өгүүлсэн байна гэлтэй.
Чингис хаан 1204 онд Наймантай байлдахаар Халх голоос мордож Наху гүнд хүрэлцэн очоод хаан өөрөө цэргийн магнайд явж Хавт Хасар дүүдээ гол хүчээ захируулан, дайрахад тэднээс айж уул өөд өгсөж явахдаа Найманы Таян хан “Бас тэр хойноос нь ирж яваа нүсэр амьтан хэн бэ?” гэж асуухад Жамуха
Хүндэт Өүлэн хатны
Хүний махаар тэжээсэн
Хүчит Хасар гэдэг
Хүү нь тэр мөн
Гүрван бухаар зүтгүүлэвч
Гулзайхгүй хүчтэй
Гунан үхрийг идэвч
Цадахгүй ходоодтой 
Хэдэн алд биендээ 
Хэлхээ хуяг өмссөн 
Хэрцгий догшин Хасар... гэх зэргээр сүр бадруулан хариулахад Таян хан “Тийм бол өндөр ууланд хоргодъё” гээд ууланд улам авирав” гэж “Монголын нууц товчоо”-ны 195 дугаар зүйлд өгүүлснээс үзсэн ч, Чингис хааны төрсөн дүү Хавт Хасар ямар сүрлэг, хүч тэнхээтэй хүн байсныг мэдэж болно. Хавт Хасарын хүү Есүнгэ мэргэн 1224 оны сүүлчээр Эрчис мөрний эх Буга Сочигай гэдэг газар болсон Монгол хуралдай, их хурим хийж наадах үеэр 335 алд газар сур харваж байг мэргэн онож түрүүлсэнд зориулан босгосон бичигт хөшөөг “Чингисийн чулууны бичиг” гэж нэрлэдэг. Түүнд Есүнгэ мэргэний хол зайд харвах хүч чадал, оноо мэргэнийг мөнхлөн үлдээсэн хэрэг бизээ. Мөн Чингис хааны бага хүү Толуй отгон хүүдээ Ариг бөх нэр өгсөн нь Монголчууд хүү төрвөл бөх болно хэмээн бэлгэдэн баясдаг болсны нэгэн жишээ юм. Чингис хаан өөрийн элчүүдийг алсан Сартуултай дайтахаар мордох болоход Есүй хатан Чингис хаанд хандан
...Уул мэт бие чинь нурж унаваас
Улс олон Монголыг чинь
Хэн захирах юм бэ
Тулгуур мэт биеийг чинь
Туйлж одвол
Туг их сүлдийг чинь
Хэн өргөх юм бэ
Төрсөн дөрвөн хүүгээс чинь
Төр барих нь хэн бэ... гэж асуухад Чингис хаан “Хатан хүн боловч Есүйн үг зөвөө зөв” гэж зөвшөөрөөд ахмад хүү Зүчийг үгээ хэл” гэхэд Цагаадай эгдүүцэн “Зүчийг “Үг хэл гээд Зүчийг юунд томилох гэж байна. Энэ мэргидийн орхидост /Бөртө үжин эхийгээ Мэргидэд олзлогдон Чилэгэр бөхөд очин хэдэн сар болсныг хэлж буй/ бид захирагдах гэж үү” хэмээн уурсахад Зүчи босож Цагаадайн энгэрээс шүүрэн барьж ”Хаан эцэг намайг гадуурхаж үзээгүй байхад чи намайг юунд ялгаж байна. Чи надаас ямар эрдэм, чадлаар илүү вэ. Барилдаад чамд ялагдвал унасан газраасаа бүү бостугай.
 
 
 
“Монголын нууц товчоо”-ны 244 дүгээр зүйл/ гэж маргалдаж байснаас үзвэл Зүчийн өөртөө итгэхээр хүч чадалтайг харуулж байгаа бус уу. Энэ бүхнээс үзэхэд Их эзэн Чингис хааныхан өвөг дээдсээсээ эхлээд үе удмаараа шахам хүч тэнхээ ихтэй, хүдэр чийрэг биетэй, бөх олонтой байжээ гэж үзэх үндэстэй ажээ.
 
 
 
Эзэн Чингис хааныг залгамжилж Их Монгол Улсын хаан суусан Өгөөдэй ч “Бөхөд маш их дуртай байсан бөгөөд нэлээд тооны бөхчүүдийг өөрийнхөө ордонд байнга байлгадаг байжээ” гэхийн гадна Өгөөдэй хаан “...хааны ордны бүх бөхийг хаясан... Филь гэдэг хүчит ихэд үнэлэн үлэмж мөнгө, шан өгч байсан...” гэж 1966 онд хэвлэгдсэн “БНМАУ-ын түүх"-ийн нэгдүгээр ботид бичсэн байх юм.
Ер нь XIII зууны Их Монгол Улсад
Хүр  гэсэн газар хүрч
Хүр  чулууг хэмх цохиж
Халд гэсэн газар халдаж
Хад чулууг хага цохиж явсан” бяр чадалтай, баатар зоригтой хүмүүс л эзэн Чингис хаанаас эхлээд их хаадын итгэлийг хүлээж, хайр хишгийг олонтаа хүртэж байсныг “Монголын нууц товчоо”-ноос уншиж мэдэж, ухааран ойлгож болно. Өнө эртнээс уламжлалтай өнөөгийн монгол бөхийн босоо сүлд хийморь үеийн үед үргэлж өөдөө байх болтугай.
 
 
Ю.САНЖААГОНЧИГ /Ахмад зохиолч, сэтгүүлч /