sonin.mn
-П.ТЭМҮҮЖИН: 2021 ОНЫ ОЛИМПЫН ДАРАА ДАСГАЛЖУУЛАГЧААР АЖИЛЛАНА-
 
Монголын таэквондогийн түүхэнд шинэ хуудас нэмсэн олон улсын хэмжээний мастер Тэмүүжингийн үүсгэн байгуулсан “Тэмүүжин” клубээр зочиллоо. Нас насны ангиллаар өдөрт гурван удаа хичээллэдэг тус клуб биднийг очиход өдрийн ангийнхантай бэлтгэлээ хийж байхтай таарав. Үнэндээ “Тэмүүжин" клубийнхэн буурь сэлгэжээ. Өмнө нь Хавдар судлалын үндэсний төвтэй ойролцоо байсан бол одоо “Имарт” худалдааны төвийн тавдугаар давхарт суурьшин тав тухтай орчинд хичээлээ хийх болжээ. Үүнд нь ч тус клубээр хичээллэгсэд ам сайтай байлаа.
 
ТАЭКВОНДО БОЛ ХҮНДЛЭЛИЙН СПОРТ
 
Өсвөр насны 10 орчим хүүхэд бэлтгэлдээ иржээ. Олон улсын хэмжээний мастер П.Тэмүүжин тэдний халууныг үзэж бэлтгэлийн танхим руугаа нэвтрүүлж байв. Хүүхдүүд багшийнхаа мэндийг асуусны дараа дэвжээндээ хүндэтгэл үзүүлнэ. Энэ нь таэквондо хүндлэл агуулсан спорт гэдгийг харуулах аж. Клубт хичээллэгсэд бүгд нас чацуутнууд уу гэвэл үгүй. Ахлах ангийн хүүхэд гэмээр хэд хэдэн хүүхэд харагдсан. Түүнээс гадна дөнгөж дунд ангид орсон болов уу гэмээр хүүхэд ч тус клубт хичээллэж байлаа. Дасгалжуулагчийн дохиогоор бүгд жагслаа. Өндөр намаас үл хамааран зогсов. Хамгийн сүүлд зогсох болов уу хэмээн бодож байсан хүү жагсаалын дунд очоод байраа эзлэв. Энэ талаар дасгалжуулагчаас асууж тодруулахад хэн, хэдэн настайгаас үл хамааран ямар бүстэйгээс шалтгаалан зогсдог журамтай ажээ. Клубийн багш, дасгалжуулагч П.Тэмүүжин хар бүстэй. Миний ойлгосноор ихэвчлэн мэргэжлийн тамирчид хар бүстэй байдаг аж. Харин таэквондогоор анхлан суралцагсад цагаан бүстэй байдаг юм байна. Ер нь бүсний эрэмбийг тоочвол цагаан, шар, ногоон, цэнхэр, улаан, хар гэсэн дараалалтай. “Тэмүүжин” клубт дасгалжуулагчаас гадна хар бүстэй ганц нэг хүүхэд байв. Олонх нь цагаан бүстэй бөгөөд ирээд удаагүй байгаа суралцагч ч цөөнгүй харагдсан. Тэднийг ялгах зүйл нь таэквондогийн өмсгөл. Зарим нь мэргэжлийн тамирчин шиг. Харин нэг хэсэг нь ердийн биеийн тамирын хувцастай байлаа. Тэдэнд гаднаас хувцас хэрэглэл авах боломж бий. Гэхдээ багшдаа тусгайлан захиж таэквондогийн өмсгөлтэй болохоор шийджээ.
 
ХҮҮХДҮҮД ТАЭКВОНДОГООР ХИЧЭЭЛЛЭХИЙН ЗЭРЭГЦЭЭ СОЛОНГОС ХЭЛНИЙ МЭДЛЭГТЭЙ БОЛНО
 
Таэквондо нь Солонгосын тулааны урлаг юм. Сонирхуулахад, таэ-хөл, квон-нударга, до-урлаг гэсэн үгнээс бүрддэг. Анх 1955 онд Өмнөд Солонгосын армийн генерал Чой Хонг Хи 2000 гаруй жилийн түүхтэй таэквондог спортын нэгэн төрөл болгон бүртгүүлсэн түүхтэй ажээ. Энэ улбаа нь одоо ч гэсэн харагдана. Мэндлэх хүндлэхээс эхлээд дасгал сургуулилтын үеэр багш солонгос хэлээр заавар өгөх аж. Түүнийг нь ч зааланд байгаа хүүхдүүд сайн ойлгоно. Бие халаах дасгалын үед солонгос хэлээр 1-10 хүртэл тоолно. Сунгалтын дасгал хийж эхлэх үед босох, суух зэргийг мөн л солонгос хэлээр хэлж байлаа. Энэ нь хүүхэд таэквондогоор хичээллэхийн зэрэгцээ гадаад хэл сонирхон судлах үндсийг тавьж байгаа нь харагдсан. Бие халааж дууслаа. Үндсэн дасгал хийж эхлэхэд өмнө нь хэдэн сар хичээллэсэн хүүхдүүд илт ялгарна. Тулааны өмнөх өрөлт, өшиглөх байдал нь содон харагдлаа.
 
П.ТЭМҮҮЖИН ЭХНЭРИЙН ХАМТ ХИЧЭЭЛЭЭ ЗААДАГ АЖЭЭ.
 
“Тэмүүжин” клуб эрэгтэй, эмэгтэй дасгалжуулагчтай. Эмэгтэй дасгалжуулагч багш нь П.Тэмүүжингийн гэргий Г.Оюу-Эрдэнэ хэмээх бүсгүй юм. Таэквондогийн олон улсын хэмжээний мастер тэрбээр Монголын шилдэг эмэгтэй тамирчдын нэг байсан. Одоо айлын эзэгтэй, хөөрхөн хүүгийн ээж болсон тэр тамирчны карьераа өндөрлүүлжээ. Өдгөө клубийнхээ үйл ажиллагаанд анхаарч, дасгалжуулагч хийж байна. Биднийг очиход Г.Оюу-Эрдэнэ дасгалжуулагч байсангүй. Харин түүний хичээл заадаг эмэгтэй суралцагсад багшийнхаа талаар бидэнд ярилаа. Г.Оюу- Эрдэнэ олон улсын таэквондо болон олимпын таэквондогийн хар бүс, гурван дантай. Олон улсын таэквондогийн улсын 10 удаагийн аварга, олимпын таэквондогийн дөрвөн удаагийн аварга бүсгүй ажээ. 2011 онд зохион байгуулсан олон улсын таэквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2012 оны Азийн аваргын хүрэл медальтан гээд тоочвол нэлээд олон шагналын талаар хэлэх шаардлагатай болно. Тиймээс үүнийг өндөрлөж “Тэмүүжин” клубийн үйл ажиллагааны талаарх сурвалжилгаа үргэлжлүүллээ. Бэлтгэл эхлээд цаг хагас болжээ. Өндөрлөх тийшээ ч хандах болсон бололтой. Багш хүүхэд болгонтой ажиллаж ямар нэгэн зүйлийн талаар тусгайлан зааварчилна. Мөн юунд анхаарч бэлтгэлээ хийх шаардлагатайг хэлж байлаа.
 
 
“ТАЭКВОНДОГООР ХИЧЭЭЛЛЭСНЭЭР ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ БОЛСОН"
 
Хүүхдүүдийг бэлтгэлээ хийж дууссаны дараа заримынх нь сэтгэгдлийг сонслоо. Юуны түрүүнд тус клубэд ирээд удаагүй байгаа Г.Андтай ярилцлаа. Тэр ихэр дүүтэйгээ хамт энэ клубт хичээллэхээр ирээд хэдхэн хонож байгаа аж. Түүний ихрийн нэрийг Г.Од гэдэг. Нэг эсийн ихэр болоод ч тэр үү их адилхан харагдсан. Тэд айлын бага. Ах нар нь багадаа таэквондогоор хичээллэдэг байсан учир тэд мөн адил бие хамгаалах энэ спортыг сонгон хичээллэжээ. “Цар тахлын үед гэртээ хичээлээ л хийнэ. Түүнээс биш гадагшаа гарч, найзуудтайгаа уулзах боломжгүй. Таэквондогоор хичээллэхээс өмнө оройтож унтаад нэлээд хожуу сэрдэг байсан. Одоо бол эрт унтаж, бэлтгэлээ хийхээр яаран ирдэг” хэмээн ярьсан. Анх клубийнхээ бусад хүүхэдтэй ярилцахдаа маруухан бүрэг талдаа байсан бол одоо байдал өөрчлөгджээ. Хэдэн настайгаас үл хамааран мэдэхгүй чадахгүйгээ бусдаас асуудаг болсон байна. Тэр бэлтгэлээ сайн хийж байгаад тэмцээнд оролцох зорилготой болжээ. Одоогоор найзууддаа таэквондогоор хичээллэдгээ хэлээгүй бөгөөд тэмцээнд өрсөлдөх хэмжээнд хүрсэн хойноо хэлнэ хэмээв. Үүний дараа Э.Тулгын сэтгэгдлийг сонслоо. “Бие жижиг ч бэлчээр том” гэдэг дээ. 10 гаруйхан настай ч цэнхэр бүстэй. Өөрөөсөө том хүүхдүүдийн чадахгүйг чаддаг ёстой мундаг хүүхэд. Мэриймтгий, унасан ч эргээд босож бэлтгэлээ үргэлжлүүлэхийг хараад бахархмаар санагдаж байлаа. Үеийнхнээсээ түрүүлээд хэд хэдэн тэмцээнд оролцоод амжсан. Ирээдүйд том зорилго тавьсан Э.Тулгыг багш дасгалжуулагч нь илүү сайн болгохын төлөө бэлтгэдэг юм шиг санагдсан. Цар тахлын үед тэдний насныхны олонх нь гэртээ байгаа. Зарим нь утсаа маажиж, хийх зүйлээ олж ядаж суухад тэд бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж, зорилгодоо хүрэхийн төлөө тэмүүлж байна. Хэдийгээр тэд бүгдээрээ тамирчин болохгүй ч тамирчин шиг хатуужил, тэсвэр тэвчээртэй болно.
 
П.ТЭМҮҮЖИН: МАШ ИХ ЗОЛИОС ШААРДАХ Ч ГАНЦ НЭГ ТУЛААН ХИЙНЭ
 
“Рио-2016” олимпын наймдугаар байр, олон улсын хэмжээний Мастер П.ТЭМҮҮЖИНТЭЙ бэлтгэлийнх нь дараа ярилцлаа.
 
-“Тэмүүжин” клубийг хэзээ байгуулсан юм бэ. Шинэ байрандаа ирээд хэр удаж байна вэ?
 
-Клубийг 2018 онд байгуулсан. Энэ байрандаа ирээд хоёр долоо хонох гэж байна. Клубийг анх байгуулснаас хойш хичээллэсэн хүүхдүүд одоо ч энд бий. Шинээр ирсэн хүүхэд ч цөөнгүй байгаа.
 
-Олимпын циклийн үед дасгалжуулагч хийж байгаа тань сонирхол татаж байна. Цаашид дасгалжуулагчаараа ажиллах юм уу?
 
-Манай эхнэр энэ клубтээ багшилдаг. Хоёулаа таэквондогийн тамирчин учраас клуб байгуулахаар шийдсэн. Миний хувьд 2021 оны олимпын дараа дасгалжуулагчаар ажиллана гэсэн бодолтой байна. Түүнээс наана завтай үедээ клубтээ хичээлээ заагаад явах юм. Г.Оюу-Эрдэнэ багш хүүхдүүдтэйгээ тулж ажилладаг. Одоогоор манай клуб нэг ангид 10 хүнтэйгээр хичээллэж байна. Ер нь дөрвөөс дээш настай хэн ч таэквондогоор хичээллэж болно. Манай клубийн хувьд одоогоор 12-50 насныхан хичээллэж байна.
 
-Энд хичээллэж байгаа суралцагч болгон тамирчин болохгүй ч таэквондогоор хичээллэснээр ямар ач холбогдолтой вэ?
 
 
 
-Спорт талаас нь хэлэхэд, тууштай хичээллэвэл олимп, дэлхийн аварга болох боломжтой. Сонирхон хичээллэж байгаа хүн хөлийн техник сурахаас гадна эрүүлээр жингээ хасаж болно. Хүн болох талаас нь харвал, хамгийн түрүүнд хүнтэй зөв мэндэлж, хүндэлж сурна. Ерөнхийдөө хүнийг зөв хүн болгож төлөвшүүлдэг.
 
 
 
-Та цаашдаа клубтээ мэргэжлийн тамирчин болох хүүхдүүдийг бэлтгэх үү?
 
-Үйл ажиллагаагаа өргөжүүлэх бодол бий. Тиймээс клубээ өөрийнхөө нэрээр нэрлэсэн. Ингэж нэрлэхийг багш маань зөвлөсөн. Анхандаа өөрийгөө дөвийлгөлөө гэж бодох болов уу хэмээн эмээж байсан. Харин одоо бол бодол өөрчлөгдсөн.
 
-Таныг сүүлд харснаас хойш жин нэмжээ. Бэлтгэл сургуулилалттай холбоотой юу?
 
-Жилийн өмнө бэртэл аваад хагалгаанд орсон. Хагалгааны дараа хэдэн сар гам барьж хөдөлгөөн багассанаас жин нэмэгдсэн тал бий. Би 68 болон 74 кг-ын жинд тулалддаг.
 
-Цар тахлаас шалтгаалан Токиогийн олимпыг хойшлууллаа. Энэ нь нэг талаараа та бүхэнд бэлтгэл сургуулилалт хийх цаг олдож байгаа гэдгээрээ давуу талтай юм?
 
-Миний хувьд том боломж болж байна. Хэрвээ энэ жил Токиогийн олимпыг зохион байгуулсан бол бэртлийн улмаас зорьсон амжилтаа биелүүлэхэд амаргүй болох байсан. Харин одоо байдал өөрчлөгдөж байна. Олимпод чансаагаараа эхний зургаад жагссан тамирчин оролцох боломжтой болдог. Шигшээ багаас 7-8 тэмцээнд оролцох нөхцөлөөр хангадаг. Тэдгээр тэмцээнд оролцож оноогоо авч болно. Түүнээс гадна бидний ганц хүлээдэг зүйл нь тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн. Энэ тэмцээний эхний хоёр байрт шалгарсан тамирчин олимпод оролцох эрхтэй болдог юм.
 
-Таны олон улсын таэквондогийн спортод оруулсан техник гэж байдаг гэсэн. Тулааны шинэ техникийг таны алдраар нэрлэдэг үү?
 
-Таэквондогийн үндсэн техник гэж бий. Түүнээс гадна тамирчид өөр өөрийн сурсан арга барилтай. Миний хувьд бэлтгэлийн үеэр туршиж байсан өшиглөлтөө тэмцээний үеэр хэрэгжүүлж “дархан” гэж хэлж болохоор болсон. Түүнийг гадаадын тамирчин төдийгүй шүүгчид хүлээн зөвшөөрч “Монгол өшиглөлт” гэж нэрлэсэн байна билээ. Гаднын тамирчин тэр өшиглөлтийг маш их даган дуурайж хийж байгаа.
 
-Токиогийн олимпын дараа холимог тулаанд хүч сорих бодол бий юү?
 
-Холимог тулааны спортыг сонирхдог. Хэрвээ тулалдвал маш их золиос шаардана. Чанартай ганц нэг тулаан хийж өөрийгөө сорьж үзэх бодолтой байна.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин