sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны баг тамирчид дэлхийн оюутны Универсиад наадамд 1965 онд Унгарын Будапешт хотноо волейболын спортын төрөлд оролцон тус наадмын тэнгэрт анх удаа төрийн далбаагаа өргөн мандуулсан түүхтэй.
Хоёр жил тутам зохион байгуулдаг Универсиад наадмаас өнгөрсөн 55 жилд Монгол Улсын оюутны тамирчид алт 11, мөнгө 17, хүрэл 27 нийтдээ 55 медаль хүртээд байгаа аж. Монголын оюутны баг тамирчид Универсиадаас хүртсэн 55 медалиас 48 медалийг Монголын оюутны спортын холбоо /МОСХ/ байгуулагдсан 1989 оноос хойш авсан юм. Оюутны ДАШТ-д 1988 оноос эхлэн оролцож, спортын 9 төрлөөс алт 25, мөнгө 17, хүрэл 45 нийтдээ 87 медаль хүртсэн бол Азийн оюутны АШТ-д 2005 оноос орж, спортын арван төрөлд 10 алт, 12 мөнгө, 22 хүрэл нийтдээ 44 медаль хүртэж шилдэг оюутан тамирчдыг олимп, дэлхийн медальтай замыг заасан билээ.
 
 
Монголын оюутнууд эх орондоо 2002 оноос эхлэн шатар, чөлөөт бөх, бокс, байт харвааны 4 төрлийн оюутны ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан. Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/-ноос өндөр үнэлгээ авсан МОСХ-ны оюутан тамирчид Азийн ОСХ-ноос зохион байгуулдаг тэмцээнээс 2005 оноос эхлэн модон бөмбөг, ширээний теннис, эмэгтэй волейбол, эрэгтэй сагсан бөмбөгийн 4 төрлийн оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан юм. Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч  Д.Баясгалан Монголын оюутны спортын холбооны 31 жилийн ойн баярын мэндчилгээг энэ өдөр дэвшүүллээ.
 
 
 
Тэрбээр: “Үе үеийн оюутнууд, эрдэмтэн багш нар, хамтран ажилладаг Олон улсын оюутны спортын холбоо, Азийн оюутны спортын холбоо, МОСХ-ны УЗ-ийн гишүүд, дотоодын түнш байгууллагууд, хамтран зүтгэгч 100 орчим их, дээд сургуулийн 160 мянган оюутан тамирчиддаа МОСХ-ны нэрийн өмнөөс ойн баярын мэнд дэвшүүлэн, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын оюутны спортыг хөгжүүлэх их үйлст бидэнтэй байнгын хамтран ажиллаж, тэмцээн, наадам бусад оюутны спортын арга хэмжээг зохион байгуулах, гадаадад баг тамирчдыг явуулахад байнга дэмжин тусалж байдаг БСШУСЯ, БТСГ, ИДС-ийн удирдлага, Монголын спортын холбоод, биеийн тамирын тэнхим, багш дасгалжуулагч нар, оюутан тамирчид, ивээн тэтгэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК, Голомт банкны хамт олонд гүн талархлаа илэрхийлье” гэжээ.
2020 он бол “Оюутны спортын жил” бөгөөд 2017 онд батлагдсан БТС-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга, 2018 оны Засгийн газрын 183 тогтоол, 2019 оны БСШУСС-ын 493 тоот тушаал, БТС-ын газрын даргын 2019 оны А/357 тоот тушаалын дагуу Монголын оюутны спортын V наадмыг өвөл, зуны спортын 13 төрлөөр улс даяар зохион байгуулах юм.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг