sonin.mn
Хийн гар бууны спортын “Монголын практик буудлагын холбоо”-ны сургагч багш, “Экшн эйр” клубын захирал, практик буудлагын спортын мастер А.Арслантай ярилцлаа.
 
-Анх яагаад энэ спортыг сонирхох болсон талаар яриагаа эхэлье?
 
-2010 оноос эхлэн эйрсофтын буу хэмээх галт зэвсэгтэй ижил загвартай, гэхдээ цохилтын хэмжээ харьцангуй бага зэвсгийг судалж, сонирхож эхэлсэн. 2017 оноос эйрсофтын бууг ашигладаг практик буудлагын спортын хийн гар бууны төрөл байдгийг мэдсэн. Практик буудлагын спорт нь гар буу, карбин, урт буу, хийн гар буу гэсэн төрөлтэй. Хийн гар буу нь миний сонирхдог эйрсофтын бууг ашигладаг учир энэ спортоор хичээллэж эхэлсэн. 2018 оны зургадугаар сард практик буудлагын спортын хийн гар бууны төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хонгконгд зохион байгуулагдахад энэ спортыг илүү ойлгож, Монголд хөгжих боломжтой юм байна гэдгийг харсан. “Монголын практик буудлагын холбоо” 2010 оноос хойш гар буу, карбины хоёр төрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Харин энэ холбооноос авсан зөвшөөрлийн дагуу “Экшн эйр” клубыг 2019 онд байгуулснаар хийн гар бууны төрлийг анх Монголд хөгжих замыг нь тавьсан. Одоогоор манай улсад практик буудлагын спортын гурван төрөл хөгжөөд байна.
 
-Энэ спортын зорилго, ач холбогдол юу вэ?
 
-Энэ спорт нь буудагчийг аюулгүй буудуулах зорилготой. Буудагч өөрийн болон эргэн тойрны хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж богино хугацаанд өндөр үр дүнтэй буудлага хийх ёстой. Буудлагаар хичээллэх их сонирхолтой. Хүнийг хариуцлагатай болгохын зэрэгцээ олон чадварт сургадаг ач холбогдолтой. Тухайлбал, буудагч буудлага үйлдэхдээ хурд, мэдрэмж, техник, шилжилт, аюулгүй байдлыг тэнцвэржүүлэх хэрэгтэй болдог.
 
-Буудлагын спортод аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?
 
-Практик буудлагын спортод баримталдаг аюулгүй ажиллагааны үндсэн дөрвөн дүрэм байдаг. Нэгдүгээрт, би зэвсэгтэй ямагт цэнэгтэй мэт харьцана. Хоёрдугаарт, би хүсээгүй зүг рүү зэвсгийн хошууг чиглүүлэхгүй. Гуравдугаарт, би буудахаас өмнө байны наана болон цаана байгаа зүйлийг үргэлж хянаж, шалгана. Дөрөвдүгээрт, буудахаас бусад үед гохон дээр хуруу тавихгүй. Буудагч энэ дүрмийг зөрчилгүй хурдан бөгөөд үр дүнтэй буудах шаардлагатай. Аюулгүй ажиллагааны нэг л дүрмийг зөрчвөл тэмцээнээс шууд хасагддаг. Мөн буудлагын спортод баримталдаг гол зарчим нь аюулгүй ажиллагааны сургалт юм.
Буудагч талбай дээр гарахаас өмнө аюулгүй ажиллагааны сургалтад заавал хамрагдах шаардлагатай. Энэ сургалтыг тусгай бэлтгэгдсэн зааварлагч багш нарын удирдлага дор тодорхой хөтөлбөр, дасгалын дагуу явуулдаг. Үүний дараа буудагч тэмцээнд оролцох эрхтэй болно. Буудагч талбайн шүүгчийн командаар, хяналт дор буудлага хийх ёстой. 
 
 
 
Буудлагын талбай дээр шүүгчийн зөвшөөрөлгүй зэвсгийг гэрнээс гаргах, буцааж хийхийг аюулгүй байдал зөрчигдсөн гэж үздэг. Дүрэм журам, бэлтгэл, тэмцээний зохион байгуулалтын систем нь буудагчийг аюулгүй буудахад сургадаг учир практик буудлагын спортыг дэлхийн хамгийн аюулгүй спорт гэж хэлж чадна.
 
 
-Бусад улстай харьцуулахад манай улсад энэ спортын хөгжил хэр байна вэ?
 
-Монгол Улс дэлхийн хөгжилтэй ижил түвшинд байгаа. Энэ нь буудагчийн болон сургагч багшийн ур чадвар, талбайн байгууламжаар илэрч байна. Энэ спортод дэлхийд мөрдөгддөг стандартыг дагахгүй бол ямар нэг тэмцээн уралдаан зохион байгуулах эрхгүй учир бид шаардлагатай бүх зүйлийг хангаж, дэлхийн жишигтэй нийцүүлэн ажиллаж байгаа. Харин нэг асуудал нь зэвсгийн хүрэлцээний хязгаарлагдмал байдал. Энэ төрлийн спорт зэвсгийн тоноглол, сайжруулсан байдлаараа ангилалд хуваагдан, өрсөлддөг. Харин бид хамгийн доод ангилалд л оролцох боломжтой байна. Түүнээс илүү хөгжүүлсэн түвшин рүү оръё гэхээр зэвсгийн хүрэлцээ муу байдаг. Импортлох асуудал амар биш тул энэ спортыг хөгжихөд тушаа болж байгаа зүйл нь энэ.
 
-Буудлагын бэлтгэлээ хаана хийдэг вэ?
 
-Практик буудлагын спортод зориулсан тусгай буудлагын талбай байх ёстой. Энэ нь манай улсад хоёр газарт байгаа. Төв аймгийн Сэргэлэн суманд байрладаг “Монголын практик буудлагын спортын төв клуб”-т гар буу, карбины төрлийн сургалт, тэмцээн явагддаг. Харин хийн гар бууны төрөл нь хотод “Алтай хотхон”-ы баруун хойно байрладаг талбайд бэлтгэл хийдэг. Тэнд зөвхөн эйрсофтын буугаар буудлага үйлддэг талбай бэлтгэгдсэн байгаа. Тэр талбай нь бусад улсын буудлагын талбайгаас дутуу зүйл байхгүй.
 
-Манай улс буудлагын спортын ямар тэмцээн зохион байгуулдаг вэ?
 
-Практик буудлагын спортын таван түвшний тэмцээн зохиодог. Клубын, үндэсний шинжтэй, олон улсын шинжтэй болон тивийн аварга шалгаруулах, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж байдаг. Монгол Улс гар буу, карбины төрлөөр жил бүр олон улсын тэмцээн зохион байгуулдаг. Хийн гар бууны төрлийн хувьд үндэсний шинжтэй буюу улсын аварга шалгаруулах тэмцээнийг жилд нэг удаа зохион байгуулдаг.
 
-Буудлагын спортоор хичээллэснээр танд ямар өөрчлөлт гарсан бэ?
 
 
 
-Хүн маш цэгцтэй, хувийн зохион байгуулалттай болдог. Практик буудлагын спорт чөлөөтэй бууддаг учир ямар дарааллаар яаж яваад, ямар байрлалаар буудах нь буудагчийн сонголт. Буудагч хамгийн богино хугацаанд үр дүнтэй байх сонголтыг хийнэ. Үүнийг дагаад хүн богино хугацаанд төлөвлөгөө гаргах чадвартай болдог. Мөн сандрал, айдсаа дарж, өөрийн гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу буудлага хийхийн тулд тухайн буудагч төвлөрч, сэтгэл хөдлөлөө удирдаж сурдаг.
 
 
 
-Та практик буудлагын спортыг сонирхож байгаа хүмүүст хандаж юу хэлэх вэ?
 
-Энэ спорт нас хүйс харгалздаггүй. Гол нь тууштай байх хэрэгтэй. Буудлагын спортын сургалтын систем нь дасгал сургуулилт дээр үндэслэдэг. Хүн аливаа үйлдлийг 2000-гаас дээш удаа давтан хийснээр тухайн үйлдэл булчингийн санах ойд хадгалагдаж үлддэг. Тийм болгохын тулд буудагчийг бэлдэж дасгалжуулдаг. Би “Монголын практик буудлагын холбоо”-нд шинээр ирж байгаа хүмүүст хичээл заадаг.Өмнө нь ан хийж байсан, цэрэгт байсан хамаагүй бүгд эхэндээ буудаж чаддаггүй. Бүх хүн ижил түвшнөөс эхэлдэг. Энэ спортод цаг заваа зориулж, их дадлага хийсэн хүн илүү амжилтад хүрдэг. Тэгэхээр тууштай байх л хэрэгтэй. Долоо хоногт 1-2 өдрийг энэ спортдоо зарцуулаад, тэр үедээ бүх анхаарлаа төвлөрүүлээд хичээллэх юм бол хэцүү биш. Богино хугацаанд өсөлт дэвшил гарах боломжтой. Бид анх 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо долоон сар бэлтгэл хийсэн. Долоон сар хичээллээд л дэлхийн тэмцээнд оролцох боломжтой байна. Одоо тэр үетэй харьцуулахад бүх зүйл бэлэн, ойлгомжтой, сургагч багш нар нь илүү чадварлаг болсон байна. Иймээс хүн өөрийн цаг завыг зарцуулаад ирвэл асуудал байхгүй.
 
-“Экшн эйр” клубын цаашдын зорилго юу вэ?
 
-Манай клуб тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчдыг бэлдэх зорилготой. Монгол Улсад илүү өндөр түвшний тэмцээн зохион байгуулахыг зорьж байна. Байж болох хамгийн дээд түвшний тэмцээнийг зохиож, хамгийн дээд түвшний медалийг эх орондоо авчирахыг хүсч байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд цаг хугацаа, хүч хөдөлмөр их шаардах тул тамирчдаа хамгийн сайнаараа дасгалжуулсаар байх болно.
 
 
Ж.Мишээл
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин