sonin.mn
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн, Үндэсний их баяр наадамд БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны үндэсний бөх, сур, шагайн харвааны баг тамирчид өндөр амжилт үзүүлсэн билээ. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг нарын удирдлагууд баяр наадамд амжилттай оролцсон дээрх тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн салбарын шагналаар шагналаа.
Тодруулбал, БХЯ-ны "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгс, БХЯ-ны "Хүндэт жуух бичиг"-ээр Монгол Улсын заан М.Бадарч, "Дайчин алдар I" медалиар Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва, "Дайчин алдар II" медалиар Монгол Улсын харцага Ц.Одбаяр, Монгол Улсын начин Х.Цогтгэрэл нарыг шагналаа.
 
Мөн "Дайчин алдар III" медалиар Монгол Улсын начин Ш.Пүрэвгарьд, Н.Мустафа, "Эх орны төлөө I" хүндэт тэмдгээр “Алдар” спорт хорооны үндэсний спортын албаны дарга, дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй, "Эх орны төлөө II" хүндэт тэмдгээр улсын начин Б.Орхонбаяр, "Эх орны төлөө III" хүндэт тэмдгээр  улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин О.Мөнх-Эрдэнэ нарыг тус тус шагнаж урамшуулсан юм.
 
Шагналыг гардуулсны дараагаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсээд “Цаашид “Алдар” спорт хороо, баг тамирчдаа идэвхтэй дэмжиж ажиллана, та бүхэн түмэн олныхоо итгэлийг хүлээж цаашид амжилтаа бататгаж, ахиулж яваарай” гэж захив.
Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхийн 10 нь "Алдар" спорт хорооны тамирчид байсан нь урьд өмнө гарч байгаагүй түүхэн амжилт аж.
Улсын аварга П.Бүрэнтөгс болон хамгийн залуу начнаар нэрлэгдээд буй улсын начин О.Мөнх-Эрдэнэ нарын сэтгэгдлийг хүргэе.  
 
П.Бүрэнтөгс: БҮТЭН ЖИЛИЙН ТУРШ БЭЛТГЭЛТЭЙ БАЙСАН
 
 
Юуны өмнө та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
 
-Хүнд хэцүү цаг үе ч гэлээ Үндэсний их баяр наадмаа маш өвөрмөц хэлбэрээр зохион байгууллаа. Наадам сайхан боллоо. Монгол төрийн наадамдаа хоёр дахь удаагаа түрүүлж Улсын аварга буюу монгол бөхийн ноён оргил хэмээх сайхан цолонд хүрсэндээ баяртай байна. Монгол Улсын 25, Увс аймгийн тав, Зэвсэгт хүчний гэх тодотголтой 14 дэх аварга боллоо. 
 
Бэлтгэл сайхан жигдэрсэн байна гээд л бөхийн хорхойтнууд таны талаар их л ханатай зүйлийг ярьцгааж байж дээ ...
 
-Ер нь бэлтгэл жигд сайн байсан. Бүтэн жилийн турш бэлтгэлтэй байлаа. 2012 онд түрүүлснээсээ хойш аварга цолонд хүрэх гэж, найман жил багагүй цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан. 
Тэр ч утгаараа зорьсондоо хүрч чадлаа. Монгол бөхийн спортод хоёргүй сайхан сэтгэлээр зүтгэсний минь ач гавьяа гэж бодож байна.
 
Нутгийн аваргатай учраа таарсан сүүлийн барилдаан танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
 
-Тэр бүр ингэж таараад байхгүй л дээ. Нэг нутгийн, нэг дэвжээний аваргатайгаа зодоглосондоо сэтгэгдэл өндөр байна.  
 
Яг энэ мөчид онцолж хэлэх зүйл байна уу?
 
-Бөхчүүд маань дийлэнх нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаар овоглож ирсэн. Миний хувьд Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хороо 150 дугаар ангид харьяалагддаг. Анги хамт олонтойгоо нягт холбоотой ажилладаг. Энэ амжилт маань бас та бүхнийх юм шүү гэж хэлье. 
 
   
О.Мөнх-Эрдэнэ: МИНИЙ ТАЛААРХ НИЙТЛЭЛҮҮДИЙГ ХӨГЖИЛТЭЙ, ГЭГЭЭЛГЭЭР ХҮЛЭЭЖ АВСАН
 
Баярын сэтгэгдлээсээ хуваалцаж, энэхүү амжилтын үндэс юу байсан талаар ярихгүй юу?
 
-Би 2012 оноос хойш үндэсний бөхөөр тууштай хичээллэж байна. Улсын цолонд хүрсэндээ баяртай байна. Энэ хугацаанд тууштай бэлтгэл, хөдөлмөр, тэвчээр, сэтгэлийн тэнхээ, үргэлж тусалж дэмждэг “Алдар” спорт хорооны удирдлага, хамт олон, аав ээж, гэр бүл, найз нөхөд, нутаг усны зон олон минь өнөөдрийн амжилтын нэгээхэн хэсэг нь гэж хэлмээр байна.  
 
Хамгийн хүнд барилдаан хэдийн даваа байсан бэ?
 
-Бөх хүнд амар хялбар даваа гэж байдаггүй. Бүгд л хөлс урсгаж, хүч зарцуулж, уран мэхийг уралдуулж барилддаг. Энэ наадмын хувьд тавын даваа буюу Улсын аварга С.Мөнхбаатартай зодоглосон барилдаан надад хамгийн хүнд байсан. Нэг мэдэхэд л тугаа тойроод дэвж байснаа санадаг юм.  Улсын цолонд хүрнэ гэсэн бодолтой зодоглосон. Бодол минь биеллээ оллоо.
 
“Алдар” спорт  хороо багийн дүнгээрээ өндөр амжилт үзүүлсэн байна ... 
 
-"Алдар" спорт хороо тамирчдынхаа бэлтгэл сургуулилт хийх бүх нөхцөл, бололцоо, орчныг нь бүрдүүлж ажилладаг. Бүх талаар дэмждэг. Хамгийн их нөлөөлсөн зүйл нь гэвэл энэ. 
 
Цахим орчин, тэр дундаа нүүр номд таныг "шохоорхсон" аястай нийтлэлүүд их тавигдсан. Үүнийг хэрхэн хүлээж авсан бэ? 
 
-Өмнөх наадмуудаар ч бас хэн нэгэн залуу бөхчүүдийн талаар тийм өнгө аястай, хөгжилтэй гэмээр бичвэрүүд их явсан шүү дээ. Миний хувьд хөгжилтэй, гэгээлгээр хүлээж авсан даа.  
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин