sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Мэргэжлийн сумо бөхийн намрын Аки башё есдүгээр сарын 13-27-нд Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болно.
Аки башёгийн банцүкэ буюу сумочдын чансаа олон нийтэд танилцуулсан бөгөөд 2020 оны долдугаар сарын башёд Маэгаширагийн 17-д эрэмбэлэгдэж байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ шинэчилсэн чансаагаар зүүний маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж энэ башёд 16 байр ахисан байна.
 
Маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэлэгдэх болсон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ “Би маш их хүмүүсийн анхаарлыг татаж байгаа болохоор энэ башёд улам хичээн бэлтгэлээ шаргуу хийж байгаа. Өөрийн чадал хүрэх, боломжит тэмцээн бүрт түрүүлж, энэ боломжоо алдахыг хүсэхгүй байна. Өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн амжилтдаа итгэн, амжилтаа ахиулахын төлөө тууштай зүтгэнэ” хэмээн онцолжээ.
Мөн дээд буюу Макүүчи зиндааны зүүний маэгаширагийн 17-д Ичиножёо А.Ичинноров, барууны маэгаширагийн 16-д Хоошёорюү С.Бямбасүрэн, барууны Маэгаширагийн хоёрт Тамаваши Б.Мөнх-Оргил нар бичигдсэн бол баруун болон зүүнийг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар тэргүүлэх юм байна. Харин тэдний араас Озэки Асанояама, Озэки Такакейшёо нар баруун, зүүнд эрэмбэлэгджээ.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: 'Монцамэ" агентлаг