sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-ноос нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд гишүүн холбоодын өсвөрийн шилдэг хөл бөмбөгчдийн дунд “Aurora E-goal” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөр нь шилдэг, залуу хөл бөмбөгчдөд нийгмийн асуудлуудаар боловсрол олгож, тэднээр дамжуулан нийгэмд хөл бөмбөгийн спортын нэр хүндийг нь дээшлүүлж, олон улсад найрсаг хамтын ажиллагааг бий болгох зорилготой хөтөлбөр юм.
Хөтөлбөрт гишүүн орон бүрээс 2003-2004 онд төрсөн, улсынхаа өсвөрийн шигшээ багт тоглож байсан нэг эрэгтэй, нэг эмэгтэй тоглогч оролцох бөгөөд, 5 долоо хоногийн турш, долоо хоног бүр 3 удаа онлайн сургалтад хамрагдаж, хөтөлбөрийн төгсгөлд “AFC Young Football Ambassador” сертификат гардана.
 
 
Энэхүү залуу элч нар цаашид хөл бөмбөгийн нийгмийн хариуцлагын асуудлуудаар олон төслийг санаачлан хийх боломжтой бөгөөд, тэдний идэвхтэй оролцоо нь гишүүн холбоодын нийгмийн хариуцлагын түвшинг олон улсад харуулах юм.
Монгол улсаас 5 нэр дэвшигчийг санал болгосон бөгөөд 2019 оны хөвгүүдийн U16 шигшээ багийн хагас хамгаалагч З.Лхагва, охидын U16 багийн хагас хамгаалагч С.Удвал, Б.Энхжин нар уг хөтөлбөрт хамрагдахаар шалгарч, 2020 оны 9 дүгээр сарын 19-нд болсон “Aurora E-goal” хөтөлбөрийн АХБХ /AFC/-ны Зүүн бүсийн нээлт цахимаар болж манай хүүхдүүд амжилттай оролцлоо.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг