Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх хороо хуралдаж, арваннэгдүгээр сарын тэмцээний зохион байгуулалтын талаар хэлэлцжээ. Цар тахлын улмаас арваннэгдүгээр сарын башёг Кюүшюү хотод бус Токиод явуулахаар болсон байна. Өнгөрсөн есдүгээр сарын башёд 2500 үзэгч оруулсныг хоёр дахин нэмэх шийдвэр гаргав. Тодруулбал, өмнө нь дөрвөн хүний суудалд нэг хүн суулгаж байсан бол ирэх арваннэгдүгээр сарын башёд хоёр хүний зайд нэг хүн сууна гэсэн үг.

 

Харин сандалтай суудалд баруун, зүүн, хойд, урд талдаа тус бүр нэг суудал онгорхой үлдээнэ. Холбооны тэргүүн Хаккакү ояката “Эрүүлийг хамгаалах газар, мэргэжилтнүүдийн санал бодол, зөвлөгөөг сонссоны эцэст үзэгчдийн тоог нэмэхээр шийдвэрлэлээ.Цаашдаа ч байнга хамтран ажиллах болно” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

 

 

Арваннэгдүгээр сарын башёд түрүү бөх хэрхэн барилдах нь олны анхаарал татаж буй. Түүнчлэн хоёр аварга хэрхэхийг сүмогийн мэргэжилтнүүд, аваргуудын зөвлөл ажиглаж байна. Тэгвэл хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсний улмаас есдүгээр сарын тэмцээнийг өнжсөн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Токио хотын “Риогокү Кокүгикан” дахь сүмо бөхийн бэлтгэлийн төвд бэлтгэл хийсэн байна. Тэрбээр бие халаалт хийснийхээ дараа дэвжээн дээр 15 орчим минутын турш хүчний бэлтгэл хийжээ. Хакүхо аварга хагалгааны дараах бэлтгэлээ тав хоногийн турш хийхээр төлөвлөсөн бөгөөд Кюүшюү башёд зодоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин Какүрюү аварга одоогоор бэлтгэлд хамрагдаагүй байгаа аж.

 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин