sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн олимпын зөвлөл /ОСА/-ийн 39 дүгээр ерөнхий ассамблей лхагва гарагт /2020.12.16/ Оман улсын нийслэл Мускат хотноо цахимаар хуралдаж, Азийн XXI наадмыг 2030 онд Катарын Доха хотноо зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
ОСА-гийн гишүүн 45 үндэсний олимпын хорооны төлөөлөгчдийн санал хураалтаар ийнхүү “Доха-2030” Aзийн наадмыг зохион байгуулахаар болж, харин 2034 оны Ази тивийн олимпын наадмыг анх удаа Саудын Арабын нийслэл Рияад хотноо явуулахаар болсон байна.
 
 
 
Азийн олимпын зөвлөлийн энэ удаагийн цахимаар зохион байгуулсан ассамблейд Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож саналаа өгсөн юм. Энэхүү Азийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө  Катарын Доха , Саудын Арабын Рияад хотууд өрсөлдсөн юм.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг