sonin.mn

Самбо бөхийн 43 дахь удаагийн УАШТ Спортын төв ордонд хоёр өдөр явагдаж, аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээний сүүлчийн өдөр эмэгтэй тамирчдын таван жингийн медальтнуудыг шалгаруулсан юм. Самбо бөхийн УАШТ-ий 62 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны Н.Чинбат аваргын алтан медалийн болзол хангасан.

 

Харин мөнгөн медалийг “Хилчин” спорт хорооны Г.Амартүвшин хүртэв. Үзэгчдийн хамгийн хүлээсэн барилдаан 83 кг-д явагдаж, МУГТ, жүдо бөхийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир алтан медалийн болзол хангасан юм. Мөн С.Мияарагчаа жиндээ босоо байж, түрүүллээ.     

 

Ухаарал хайрласан самбогийн улсын аваргын эргэн тойронд

Энэ удаагийн УАШТ-ий анхаарал ялагчид, алтан медальтнууд дээр бус тамирчдын хувцас хэрэглэл, самбо бөхөд хийгдэх ёстой хөрөнгө оруулалт дээр төвлөрч байлаа. Тамирчдын ихэнх нь өмсгөлгүйн дээр дэвжээний бүрэн бүтэн байдал ч дулимаг байсан.

 

Самбо бөхийн өмсгөл жүдогийнхтой төстэй кимоно маягийн цамц, бариу богино өмд, нимгэн пүүз байдаг. Эдгээр хувцас нийлээд 50 мянган төгрөгийн өртөгтэй. Гэвч нэг цамцыг хэдэнтээ дамжуулан өмсч, ээлжээ хүлээн зогсохын оронд тамирчин бүр иж бүрэн өмсгөлтэй болох асуудал өдийг хүртэл орхигдсоор л иржээ.

 

Самбо бөх олимпийн төрөлд багтдаггүй учир, “цайны” спорт болгож, гадуурхсаар ирсний балаг энэ удаагийн УАШТ-ий үеэр тодорхой харагдлаа. Манай улсын самбочдын ихэнх нь жүдо, чөлөөт, үндэсний бөхөөр голлон хичээллэдэг.

 

Харин эдүгээ цаг үеэ дагаад ч тэр юм уу, самбо бөхийг алаг үзэж, энэ спортоор хичээллэх тамирчин тун цөөрсөн талаар учир мэдэх хүмүүс хэлж байв. Цагтаа самбо бөхийг улс, эх орондоо дэлгэрүүлэн, энэ бөхөөр “амьсгалж” явсан алдарт тамирчин Б.Дашчулуун, МУГТ Х.Эрдэнэт-Од нараас өөр энэ бөхтэй амьдралаа салшгүй холбосон тамирчин дахин хэзээ төрөх бол.

 

Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од самбо бөхийн таван удаагийн дэлхийн аварга. Тиймдээ ч түүний шийрийг хатааж, самбогоор Монгол Улсын нэрийг цууриатуулах тамирчныг  харуулдан суугаа бөх сонирхогчид олон байгаа. Тэмцээний зохион байгуулагчид зааланд цугларсан үзэгчдэд анхаарал хандуулмаар санагдсан.

 

Дэвжээн дээр барилдаж буй тамирчид руу хараалын үгс чулуудаж, “Ингэж барилд, тийм мэх хий” гэхчилэн зааварчилж, дасгалжуулагчийн аж­лыг үзэгчийн суудлаас “гүй­цэтгэх” бүдүүлэг хүмүүс заалаар дүүрэн байсан. Тэд шүүгч нар руу орилж, “Тэдэн оноо өг, чи наад тэмцээнээ зөв шүү” гэхчлэн хэнд ч хэрэггүй, арчаагүй зан авираа бүтэн өдрийн турш бусдад гайхуулан суув.

 

Тэдгээр хүмүүс тэмцээнийг сонирхохоор ирсэн үзэгч гэхээсээ илүү аль нэг спорт хорооны тамирчин, тэдний найз нөхөд нь байх шиг санагдсан. Тиймэрхүү ёс суртахууны доголдол гаргаж буй  үзэгчдийг Самбо бөхийн холбооныхон арга хэмжээ авч торгох, эсвэл заалнаас хөөж гаргах ажил хэрэгжүүлсэн бол тэмцээн сайхан болох байв.  

 

Бөхийн спортод хүндэтгэлтэй хандахуй

Бөх хүн гэдэг аливаад няхуур, ухаантай, хатуужилтай байж гэмээнэ ард түмэндээ хайрлагдаж, хийморь лундаагаа дуурсган явдаг жамтай. Гэвч тус тэмцээний үеэр 82 кг-д барилдсан “Хилчин” спорт хорооны Г.Түвшинжаргал тамирчны ёс зүйн алдаа гаргасны улмаас хасагдаж, бөх сонирхогчдыг гомдоов.

 

Шалтгаан нь, шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж, хэл ам таталсанд байлаа. Ийм болохоор Монголын Самбо бөхийн холбооны Удирдах зөвлөл яаралтай хуралдаж, Г.Түвшинжаргалыг энэ тэмцээнээс хасах шийдвэр гаргасан юм. 

 

Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын барилдааны үеэр “Алдар” спорт хорооны тамирчин өрсөлдөгчөө дутуу өчиж, мөрийг нь мулталсан юм. Энэ мэт ганц хоёр тааламжгүй  байдал харагдсан  ч   самбо бөхийн УАШТ сайхан болж өндөрлөлөө.


Эх сурвалж: