sonin.mn

 

Чөлөөт бөхийн өсөх ирээдүйтэй тамирчин Энхбатын Гантуяа. Тэрээр чөлөөт бөхөөр Монгол улсын гавьяат дасгалжуулагч, улсын заан З.Дүвчингийн удирдлаган дор 2009 оноос хичээллэж эхэлжээ.
 
Саяхан болсон Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 59 кг-ийн жинд алтан медаль хүртээд байгаа энэ охин удахгүй 18 нас хүрэх юм.
 
 
-Залуучуудын улсын аваргаас алтан медаль хүртсэнд тань баяр хүргье?
 
 
-Баярлалаа.
 
 
-Хэзээнээс чөлөөт бөхөөр хичээллэж эхлэв?
 
-Би бага байхын их хөдөлгөөнтэй хүүхэд байсан л даа. Гүйнэ харайна, дугуй унана, сагс, волейбол тоглоно. Спортод их сонирхолтой. "Замчин" спорт клубын дарга байсан гавьяат дасгалжуулагч Ж.Даахүү гуай манай хамаатан л даа.
 
 
Тэр ах маань намайг багад бөх барилдах хүүхэд гэдэг байсан. Аав ээж, гэрийнхэн маань ч намайг бөхөөр хичээллэхийг зөвлөж байсан л даа. Би ч өөрөө илүү ирээдүйтэй гэж бодоод л чөлөөт бөхийг сонгосон. Анх 2007 онд З.Дүвчин багш дээр ирсэн. Багш, арай бага байна гээд тухайн үед аваагүй.
 
 
Хоёр жилийн дараа багш хүүхдүүдтэйгээ Сөгнөгөрийн амралтад очсон байхад нь аав, ээжтэйгээ очиж уулзсан. Манай гэр Батсүмбэрт байдаг. Бөхөөр хичээллэхийн тулд 2009 онд хот руу ирж, хамаатны айлдаа байх болсон. Бөхөөр хичээллэхийг минь манай гэр бүлийнхэн, хамаатан садан бүх хүн их дэмждэг.
 
 
-Анхны оролцсон тэмцээн, анхны амжилтынхаа талаар ярихгүй юу?
 
- 2007 онд З.Дүвчин багш дээр ирээд жаахан байна гээд буцсан гэсэн шүү дээ. Тэгээд юу ч мэдэхгүй, ямар ч бэлтгэлгүй мөртлөө аймгийн аварга шалгаруулах тэмцээнд ороод ялагдаад л байдаг байсан. /инээв/ 2009 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхлээд эхний жил тэмцээнд оролцоогүй, дан бэлтгэл хийсэн.
 
 
2010 оноос нэрэмжит тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Тэгээд 2011 онд болсон Улсын аваргын хүүхдийн их наадамд оролцож мөнгөн медаль авсан. Анх удаа оролцсон хамгийн том тэмцээн тэр байлаа. Медаль аваад их баярласан шүү.
 
 
2012 онд өсвөрийн улсын аваргад ороод түрүүлж алтан медаль авч, дэлхийн аварга, Азийн аваргын тэмцээнд явж байсан. 2012 оны залуучуудын улсын аваргаас хүрэл медаль хүртсэн. Сая залуучуудын улсын аваргад түрүүлж, алтан медаль авсан. Энэ зун Ази, дэлхийн аваргын тэмцээнд явахаар бэлтгэлээ хангаж байна.
 
 
-Барилдахын хажуугаар сурч байгаа юу?
 
-Би өнгөрсөн онд 47 дугаар дунд сургуулийг төгссөн. Төгсөөд Батлан хамгаалахын их сургуульд орно гэж бодож байсан л даа. Тэгээд хүмүүс энэ сургуульд орох юм бол чи бөхөөсөө хөндийрнө гээд ярихаар нь бас сургуульд орох уу, бөхөөрөө явах уу? гээд сэтгэл хоёрдоод л.
 
 
Яг тэр үеэр нь бас тэмцээнд орох болоод хуваарь авч чадаагүй л дээ. Ер нь, бөхөө сонгосон доо. Гэхдээ цаашдаа суралцах төлөвлөгөөтэй байгаа. Надад мэргэжил боловсрол хэрэгтэй. 
 
 
-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?
 
-Аав маань хувиараа ажил хийдэг, ээж маань сургуульд нягтлангаар ажилладаг. Манайх дөрвөн охинтой. Би айлын хоёр дахь охин. Аав багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг. Би аавыгаа дуурайсан юм шиг. /инээв/ 
 
 
-Үеийнхнээс чинь ширүүн өрсөлдөгч нар хэр байна вэ?
 
-Байгаа шүү. Дарханы Батцэцэг гээд охин байдаг. Тэрэнд дандаа ялагддаг. Энэ жил тэр жиндээ, би жин өгсөөд 59 кг-д барилдсан. 59 кг-ийн жинд ч ширүүн өрсөлдөгч нар байгаа. Насанд хүрэгчдийн улсын аваргад "Алдар" спорт клубын Цэрэнчимэд гэдэг хүүхдэд хожигдсон. Уг нь тэр хүүхдийг ялсан бол Японд суралцах эрх авах байсан.
 
 
-Ер нь, тамирчин хүнд ялах, ялагдах гэж хоёр зам бий шүү дээ. Ялалтын агшин бол мэдээж, баяр хөөр, урам зоригоор дүүрэн байх нь ойлгомжтой. Яаж ч чадахгүй ялагдах тэр агшин ямар байдаг вэ?
 
-Тэмцээн болгонд амжилтаа ахиулах гэж орно. Барилдаан болгонд ялна гэж гардаг. Заримдаа ч яах ч аргагүй ялагдчихдаг юмаа. Тийм үед их хэцүү. Уйлах үе байна. Гэхдээ ялагдал болгон том сургамж болж үлддэг.
 
 
-Чөлөөт бөхийн нэртэй эмэгтэй тамирчид олон бий. Тэднээс хэнийг нь хүндэлж, барилдааныг нь онцолж үздэг байв?
 
-Гавьяат тамирчин Ц.Энхжаргал эгчийг их хүндэлж, барилдааныг нь үздэг байсан. Өөрөө дотор нь ороод барилдаад ирэхээр олон мундаг эгч нар байна. Тэдэнтэй бэлтгэл хамт хийнэ. Тэмцээн дээр таарвал барилдана.
 
 
Анх чөлөөтөөр хичээллэх гээд ирж байхад би хамгийн бага нь байсан. Эгч нар намайг "Жоохноо" гэж дууддаг байсан. Хамт бэлтгэлд гарахад зааж зөвлөдөг. Тэднээс суралцах зүйл их байгаа. Одоо бол нэлээд хэдэн дүү нартай болсон шүү. 2000 оны хүүхдүүд ороод ирсэн.
 
 
-Оролцсон тэмцээнүүдээс хэдэн медальтай болоод байна вэ?
 
- Тоолдоггүй юм гэхээр нь тоолдоггүй ш дээ.
 
 
-Барагцаагаар...?
 
-20-30 медаль байгаа байхаа. Манайх Батсүмбэрт байдаг болохоор медаль авахаараа гэртээ аваачаад өлгөчихдөг.
 
 
-Сая Монголд дэлхийн цомын тэмцээн болсон. Тэр тэмцээнийг үзэв үү?
 
-Их сайхан тэмцээн болсон. Гэхдээ жаахан харамсалтай л өндөрлөсөн. Уг нь, манай шигшээ багийнхан хожих боломжтой зүйл дээр ялагдчихсан.
 
 
-Чөлөөт цаг хэр гардаг вэ?
 
-Өдөр болгон 2-3 цагийн тогтмол бэлтгэлтэй байдаг. Ням гаригт заримдаа амардаг. Ер нь, зав багатай.
 
 
-Чөлөөт цагаараа хийх дуртай зүйл бий юу?
 
-Спортын хүн болохоор сонирхдог зүйл спорт юм даа. Чөлөөт цагаараа сагс, волейбол тоглох дуртай.
 
 
-Ирээдүйд Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийн дэвжээнд дуурсгах cайн тамирчин болоорой!
 
-Баярлалаа. Энэ дашрамд, багшдаа, намайг дэмждэг гэр бүл, хамаатан садан, найз нөхөд бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна.
 
 
Эх сурвалж: “Ганзам” сонин