sonin.mn
Өнөө жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж, улсын харцага цол хүртсэн Н.Түвшинбаяр өчигдөр Хэнтий аймгийн наадамд зодогложээ. Тэрбээр Хан Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд өвдөг шороодлоо.
 
Харин түүний үндэсний бөхөд хөл тавих болсныг иргэд олон янзаар ярьж байна. Тодруулбал, Найдангийн Түвшинбаяр тамирчныг жүдо бөх илэрхийлэх үү, үндэсний бөх илэрхийлэх үү, гэх утгатай хэлэлцүүлэг иргэдийн сэтгэгдлээр дамжин хөвөрч гарлаа.
 
Тиймээс 2008 онд Хятадын Бээжин хотод зохион байгуулагдсан зуны олимпийг эргэн саная. Тухайн үед Монгол Улсыг төлөөлж 29 тамирчин жүдо, чөлөөт бех, бокс, буудлага, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрлүүдэд оролцож байв.
 
Гэвч олимпийн найдлага тээсэн тамирчны тоонд хараахан багтаагүй, нэрийг нь хүртэл төдийлөн мэдэхгүй Н.Түвшинбаяр гэх тамирчин 44 жил хүлээсэн медалийг жүдо бөхийн -100 кг-н жинд хүртэж, монголчуудын омогшлыг бадрааж байв. Мэдээж, энэ нь бидний түүхэнд алтан үсгээр бичигдсэн.
 
Дараагаар нь 2012 оны Лондонд зохион байгуулагдсан олимпд өөрийн жинд мөнгөн медаль хүртэж, монголын анхны олимпийн хос медальтан болж байв. Тиймээс түүнийг Монголчууд олимпийн аварга, тэр дундаа жүдоч хэмээн хараад сурчихаж. Харин өнгөрсөн наадмаар тэрбээр улсын харцага цол хүртлээ.
 
Гэтэл түүнийг улсын харцага Н.Түвшинбаяр хэмээн хэлэхэд хэл нь эвлэж байгаа тохиолдол бараг л үгүй. Хэдийгээр үндэсний бөх бидний эрхэмлэж, дээдэлдэг спорт ч гэлээ олимпийн алтан медальд сүр нь дарагдчихав бололтой.
 
Тэр утгаараа олимпийн аварга Н.Түвшинбаяр харцага цол авсан нь иргэдэд чимэг төдий л сонсогдож байна. Нөгөөтэйгүүр Хэнтий аймагт зодоглосон нь иргэдэд төдийлөн таалагдсангүй.
 
Тодруулбал, үндэсний бөхөөр олон жил шаргуу хичээллээгүй атлаа өөр спортоор дамжиж орж ирсэн нь үндэсний бөхөд хорхойтой иргэдийн бухимдлыг хүргэсэн бололтой. 
 
 
А.Чилүгэн
 
Эх сурвалж: