sonin.mn

Монгол Улсын 21 дэх аварга Г.Эрхэмбаярын багш Монгол Улсын харцага Г.Элбэгтэй уулзаж ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэе.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Та сайн байна уу?

-Сайн, та бүхэн сайн байна уу?


-Та аварга Г.Эрхэмбаяртай хэдийнээс эхэлж багш шавийн барилдлагатай ажиллах болов?

-Эрхэмбаяр маань 1997 оноос надтай холбоотой, багш шавийн барилдлагатай, бэлтгэл сургуулилт хийж эхэлснээс 16 жил болж. Түүнээс хойш олон наадам өнгөрч. Энэ жил аварга болсонд маш их баяртай байна.


-Танд шавь болж ирж байхдаа ямаршуу хүүхэд байв. Мэдээж бөх болох хүний шинж гэж байдаг л байх ?

-Тухайн үед би ч залуу байж, бөхийн шинж гэдэг нарийн ширийн юмыг мэддэггүй байв. Гэхдээ бөх болох авъяастай, хөдөлмөрч хүүхэд юм байна гэдгийг мэдсэн. Бөх хүн бэлтгэлийнхээ ачааллыг даахаас гадна, өөрөө дур сонирхолтой, дээрээс нь хөдөлмөрч чанартай байх ёстой. Манай Эрхэмбаярт өөрт нь тэр чанар бүгд байдаг.

Ер нь юмны эцсийг үзэх гэсэн зорилготой. Тэр нь их дэмжлэг байдаг болов уу. Аливаа юмны ард гарах гэсэн зорилго тавьдаг. Тэр нь хамгийн гол чанар нь юм.


-Шавь тань Улсын аварга боллоо. Багш хүний хувьд мэдээж сэтгэл өндөр байгаа. Шавийгаа хэрхэн тодорхойлох вэ?

-Эрхэмбаярыг улсын наадамд барилдахаас өмнө аймгийн начин байх үеэс “Элбэгийн хар” гэдэг байсан. Одоо МУ-ын аварга боллоо. Бөхийн хувьд үзэгч олон л тодорхойлох байх. Би шавийгаа энэ тэр гэж хэлэх юм алга.


-Та Г.Эрхэмбаярт зориулсан талархлын наадамд оролцсон хүн. Сэтгэгдлээсээ хуваалцахг үй юу?

-Сэлэнгэ аймгийн цэнгэлдэх хүрээлэнг анх удаа ирж үзлээ. Морины бариа их ойрхон, сайхан нааддаг юм байна. Улсын наадамд дээд шөвөгт барилддаг бөхчүүдийн ихэнх ирсэн. Мөн хоёр их ойн наадмын түрүүг авсан бөхчүүд ирж барилдлаа. Энэ бол манай Эрхэмбаярын өөрийнх нь найз нөхдийн хүрээ, бөхчүүдийнхээ дунд байр суурь нь өсч буйг харуулж байна гэж бодлоо.

-Танд баярлалаа.

Ч.Отгонцэцэг

Эх сурвалж: