sonin.mn
Дүүдээ хорин насандаа Монгол улсын харцага цол хүртсэнд баяр хүргэе. Э.Оюунболдыг бага наснаасаа л бөхийн өргөөн дээр жоохон хүүхэд бөх болгоныг алгасалгүй үзээд гүйж явдаг байсныг саяхан юм шиг санаж байна.
 
 
Бөх: - Анх хэдэн оноос эхэлж барилдаж эхлэв. Хүүхэд байхдаа барилдаж байв уу?
 
Э.О: - Би хүүхэд байхаасаа л сумын наадмын Өсвөрийн хүүхдийн барилдаанд байнга барилддаг аз таарвал 1 давдаг. Аз таарахгүй бол уначихдаг байсан. 2006 онд хотод орж ирснийхээ дараа бэлтгэл сургуулилт хийлгүйгээр шууд л "Аваргын гараа" барилдаанд барилддаг болсон. 2007 оноос эхэлж 13 настайдаа Монгол улсын начин Адъяахүү багш дээр очиж бэлтгэл сургуулилалтаа тогтмол хийж бөх болох гараагаа эхэлсэн. Тэр үеэс бэлтгэл сургуулилт ингэж хийдэг юм байна гэдгийг ойлгосон.
 
 
Бөх: - Чи "Аварга" БТДС-д хэдэн оноос эхэлж орж суралцсан бэ?
 
Э.О: - 2007 оноос "Аварга" сургууль дээр очиж бэлтгэл сургуулилт хийж яваад "Аварга" сургуулийн Лицей сургуульд 10-р ангид байхдаа 2009 оны намар орсон. Одоо "Аварга" БТДС-ийн 4-р дамжаанд сурч байна.
 
 
Бөх: - Хаана төрж өссөн бэ, бага насаа дурсана уу?
 
3.0: - 1993 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Энхтөгсийн 1-р хүү болон төрсөн. Дороо 1 эмэгтэй дүүтэй. Одоо 4 настай. Манай аав Өмнөдэлгэр сумын уугуул, ээж Цэнхэрмандал сумын уугуул, Өмнөдэлгэр сумын харъяат. Манай аавьн аав Өмнөдэлгэр сумын уугуул нэгдлийн адуу малладаг морь уядаг уургач хүн байсан. Ээжийн аав болохоор Дадал сумын уугуул, малын их эмч.
 
 
Бөх: - Танайх одоо хурдтай юу ?
 
Э.О: - Хурдтай. Ээжийн аавын адуу Гоё халиун манай удмын унаган адуу. Өвөөгөөс хойш Гоё халиун ахиж давхиагүй. Аав одоо үргэлжлүүлээд адуу малаа хариулаад явж байна.
 
 
Бөх: - Чи 10 жилийн жоохон хүүхэд бөх үзэх гээд л над дээр ирдэг байсан. Тэр үеэ дурсаач ?
 
Э.Ө: - Би 2006 онд анх хотод орж ирсэн. Тэр үед бөх үзэх их дуртай. Бөх л үзэх ганц сонирхол минь байж дээ. Хичээл хийх ямар ч сонирхолгүй болж сүүлдээ хичээлээ ч хийхээ байсан. Би хүүхэд байсан болохоор надад тэр үед мөнгө байхгүй болохоор тасалбар худалдаж авч бөх үзнэ гэдэг миний хувьд боломгүй зүйл байсан учраас тань дээр ирж бөх үздэг байсан. Зарим үед цонхны чинь гадаа ирээд л таныг дууддаг байсан. Хэрвээ та намайг олж харахгүй бол Дэлгэрхааны Лхагва ах луу утасдаад тань руу яриулдаг байсан. Хотод орж ирсэн цагаасаа хойш тасралтгүй бөх үзсэн дээ.
 
 
Бөх: - Чамайг анх хот руу явж барилд, чи барилдах хүүхэд байна гэж хэлж байсан хүн байна уу?
 
Э.О: - Тэгж хэлж байсан хүн байгаагүй. Өөрөө л бөх болъё гэж бодсон. Аав ээж 2 болохоор Монгол улсын Их сургуулийн аль нэг ангид суралцуулна чи хичээлээ сайн давт гэхэд нь би өөрөө сургуульд суралцах дургүй, сонирхолгүй байсан учраас тэр хэлж байгаа үгс миний чихний хажуугаар л өнгөрдөг байлаа. Зурагтаар хааяа миний үеийн хүүхдүүд бөх барилдаад гардаг байсныг хараад бүр их барилдах хүсэл минь дэвэрдэг байсан.
 
Сүүлдээ байж сууж чадахаа байгаад тэр сургуульд сургах гэсэн аав ээжийнхээ хүсэлтийг нь ашиглаад хот орж бөх үзэхийн тулд аав ээж хоёртоо, би хотод очвол хичээлээ сайн хийгээд сонгонд явна гэж худлаа хэлээд 2006 онд хотод ирээд 84-р сургуулийн 6-р ангид орсон. 8-р ангиасаа хойш хичээлээ хийхээ больсон. 9-р ангид орсон жилээ хичээлдээ явахаас дургүй хүрээд хичээлдээ явахаа байсан. Бүтэн жил болоход хичээлдээ ердөө л 14 хоног суусан байсан.
 
Тэр үед бөхөөр л хичээллэж барилдах явдал намайг бүрэн эзэмдчихсэн байлаа. Тийм ч учраас аав ээж хоёрынхоо мөрөөдөж байснаас зөрөөд шууд хичээлээ хаяад л бөх рүү орсон. Аав ээж хоёр надаас миний хүү хичээлдээ яваад сайн сурч байгаа биз дээ гэхээр нь би тэгэлгүй яахав би сайн сурч байгаа гэж хэлдэг байсан боловч хичээлээ аль эрт хаячихсан байсныг аав ээж хоёр минь тухайн үедээ мэдээгүй. Аав ээж хоёроо хуурч байснаа одоо бодоход сонин ч юм шиг санагддаг. Өөрөө зориг гарган өөр сургуульд орсон маань миний ирээдүйгээ харсан зөн совин ч байсан юм болов уу гэж боддог.
 
 
Бөх: - Хичээлээ хаячихаад бөх рүү тэмүүлж явахдаа би хичээлээ хаячихлаа одоо дэмий юм хийчихлээ гэж бодож байв уу? 
 
Э.О: - Би дэмий юм хийчихлээ гэж хэзээ ч бодож байгаагүй. Хичээлээ хийвэл аав ээж хоёрынхоо хэлснээр тэр сургуульд нь ороод мөрөөдлийг нь биелүүлэх нь сайн байдаг. Гэвч хичээл хийх ямар ч сонирхол төрөхгүй байсан. Хичээл хийх гэхээр толгойд бөх орж ирээд ойр хавийнхаа болон хойноо суудаг хүүхдээ нэг үзчих үү гэж өдөөд л нөгөө хэдтэйгээ хойно очиж ноцолдож барилдаж байгаад сандал ширээ хэмхэлсэн хэрэгт зөндөө орж байсан. Хэн толгойлж зодоон хийв гэхээр Оюунболд толгойлсон гээд л.
 
 
Бөх: - Тэр дүрсгүйтэж байсан хүүхэд яг хэзээнээс эхэлж барилдав ?
 
Э.О: - Анх удаа 2008 онд Улсын наадмын өсвөрийн бөхийн барилдаанд барилдаад шөвгийн 8-д үлдээд унасан. Тэгээд унасныхаа дараа би энэ жил 15 настай. Ирэх жил 16 нас хүрнэ заавал түрүүлэх хэмжээнд очно гэж бодсон. Дараа жил нь би түрүүлнэ гэж ирээд шөвгийн 4-т үлдээд унасан. Тэгснийхээ дараа би заавал хүүхдийн наадамд түрүүлэх ч ёстой биш шөвгийн 4-т үлдэнэ гэдэг бас чамлахаар зүйл биш шүү гэж өөртөө урам өгсөн. Тэгээд давхар чөлөөт бөхөөр хичээллэсэн. Чөлөөт бөх надад их хэрэг болсон. Их ч жин хассан. Эвсэл суусан. 2009 онд би Аварга БТДС-ийн Лицей сургуульд орсон.
 
 
Бөх: - Бөх болох гээд анх Адъяахүү начин дээр очиход багш чинь юу гэж хэлсэн бэ. Бөх болно гэсэн үү, болохгүй гэсэн үү?
 
Э.О: - Намайг анх Аваргын гараа барилдаанд барилдаж байхад Адъяахүү начин над дээр ирээд: 
-За миний хүү нутгийнхаа аваргын сургуульд сурмаар байна уу? гэхээр нь би: 
- Би сурмаар байна. Би ийм сургуульд сурах гээд дотроо бодоод хайж, хэнтэй уулзахаа мэдэхгүй хотод орж ирээд 2 жил болж байна. Одоо хугацаа алдалгүй бэлтгэл сургуульд явмаар байна гэсэн. Чи хэрвээ дуртай байгаа бол шорт мактай солих пүүзтэйгээ Аварга сургуулийн А зааланд хичээл чинь хэзээ ордог уу цагаа тохируулаад ирж бай гэсэн.
 
Эхний 2 жил дандаа сагс тоглоод дараагийн жил нь үндэсний бөхийн бэлтгэл хийгээд дараагийн жил нь чөлөөт бөхийн бэлтгэл хийгээд ингэж явсаар байтал 2010 он болсон. 2010 онд чөлөөт бөхийн улсын өсвөрийн аваргад түрүүлээд Узбект болсон хүүхэд залуучуудын анхдугаар олимпийн эрхийн тэмцээнд оролцоод Сингапурт болох эрхийн төлөө барилдаж хүрэл медаль хүртэж эрхээ авсан.
 
2010 оны олимпид явахаас өмнө намайг олимпийн хорооны дарга Загдсүрэн гуай дуудаад эх орноо төлөөлж туг барьж гарна шүү гэж хэлээд албан ёсоор туг гардуулж өгсөн. 2010 оны 8 сарын 10-нд Сингапур улсыг эх орноо төлөөлөөд зорьж очсон. 8 сарын 14-ний өдөр олимпийн нээлт болох өглөө олон орны хүмүүс, тамирчдын дунд тугаа бариад гарахад сэтгэл омогшмоор санагдаж байсан. Чөлөөтөөр барилдаад би 5-р байранд орсон.
 
Дараа нь элсний чөлөөт бөхийн барилдаан болоход нь тэр барилдаанд барилдаад олимпиос хүрэл медаль хүртсэн. 2011 оны хавар бөхийн өргөөнд Хэнтий аймгаас төрж гарсан аваргуудын нэрэмжит АЦЦБЗБ-ын барилдаанд 5 даваад 6-гийн даваанд Төв аймгийн Мөнгөнморьт сумын а.а Мөнгөнд унасан. Тэр барилдаанд 17 настай хүүхэд барилдаад а.а цолтой бөх унагасандаа урам орсон.
 
 
Бөх: - Чи чөлөөт бөхөд хэдэн кг-д барилдаж байсан бэ ?
 
Э.О: -100 кг-ийн жинд барилдаж байсан.
 
 
Бөх: - Чөлөөт бөхөөрөө яагаад үргэлжлүүлээд явсангүй бэ. Анхнаасаа үндэсний бөхөөр л барилдана гэсэн бодол чинь нөлөөлөв үү, сонирхолтой байсан чинь нөлөөлсөн үү ?
 
Э.О: - Ер нь би чөлөөт бөхдөө ч дуртай, үндэсний бөхдөө ч дуртай. Чөлөөт бөхөөр хичээллэж явж байгаад 2011 онд хөлөө бэртээгээд 2012 онд эргээд бэлтгэлдээ орсон. 2012 оноос сумын заануудын барилдаануудад алгасалгүй барилдсан. 1 удаа 6 давж, 2 удаа түрүүлж, олон удаа шөвгийн дөрөвт үлдсэн.
 
 
Бөх: - Чөлөөт бөх үндэсний бөх хоёулангаар нь хичээллэхэд ижил төстэй зүйл байдаг уу ?
 
Э.О: - Их спорт гэдэг утгаараа чөлөөт бөх илүү дүрэм журам хатуу байдаг. Энэ хоёр бөхөд ижил төстэй зүйл байдаг л даа.
 
 
Бөх: - Их спортоор хичээллэсэн хүмүүс илүү мэдрэмжтэй байдаг юм шиг санагддаг ?
 
Э.О: - Мэдрэмжтэй байж л барилдана шүү дээ.
 
 
Бөх: - Чамайг хүүхэд байхад цуг барилдаж байсан хүүхдүүдээс хүчтэй өрсөлдөгчид чинь хэн хэн байв ?
 
Э.О: - Тэр үед барилдаж байсан бүх хүүхдүүд л бүгдээрээ хүчтэй юм шиг санагдаж байсан.
 
 
Бөх: - Ямар ч цолгүй байж байгаад Аймгийн арслан цол шууд хүртсэн талаараа... ?
 
Э.О: - 2012 онд Хэнтий аймгийнхаа наадамд 19 настай хүүхэд очоод 8 давж түрүүлээд аймгийн арслан цол хүртсэн. 1-ийн даваанд 10 жилийн хүүхэдтэй, 2-ын даваанд сумын заантай, 3-ын даваанд 3 хүнээс ам авахаас Баянмөнх сумын харъяат Оюунмөнхийн Эрдэнэбаярыг амлаж авсан, 4-ийн даваанд а.а Дагвын Эрдэнэбилэгтэй оноолт таарсан, 5-ын даваанд с.з Дарханбаттай тунасан, 6-гийн даваанд Мөнхцогт гээд шинээр аймгийн начны болзол хангасан залуутай барилдсан.
 
7-гийн даваанд Загдсүрэнгийн Наранбаатар энэ жилийн Хэнтий аймгийн түрүү бөхтэй тунаад хаясан. 8-ын даваанд а.а Батжаргалын Хадбаатар ахтай барилдаад даваад аймгийн арслан болсон. Тэгээд шууд хот руу ирээд наадмынхаа бөхийн бүртгэлд бараг хоцрох шахуу ирээд амжиж бүртгүүлсэндээ маш их баярлаж байсан. Маргааш нь Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 92 жилийн ойн хүчит бөхийн барилдааны 1-ийн даваанд Говь-Алтай аймгий а.н Төгрөгийн Дагвадоржийг хаяад, 2-ын даваад у.з Мягмарсүрэн заантай оноолт таарч хаясан. 3-ын даваанд у.н Лхагвадоржид амлуулаад унасан.
 
 
Бөх: - Би энэ жил цолонд хүрнэ гэж бодож байв уу. Хүмүүс совин татаад гэж ярьдаг ш дээ ?
 
Э.О: - Яагаад ч юм энэ жил миний сэтгэл санаа тайван. Ямар ч юмыг бодож санах юмгүй. Сайхан үзнэ дээ. Сайн үзвэл улсын цол авчих ч юм шиг санагдаад. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэж ардын маань сайхан үг бодогдож л байсан. Тэгэхдээ тэр байдлаа ил гаргаагүй. Дотроо бодож байгаад л улсын наадамд барилдсан.
 
 
Бөх: - Одоо бөхийн барилдаанд залуучууд их барилдах болсон байна. Энэ талаар ?
 
Э.О: - Би ч бас бөхийн барилдааныг залуужсан гэж боддог.
 
 
Бөх: - Манай үндэсний бөхийн барилдааны гол онцлог бол хөдөлмөрч, хийморьтой, ухаантай хүн барилддаг юм шиг санагддаг ?
 
Э.О: - Би энэ тал дээр санал нэгтэй байна.
 
 
Бөх: - Хурд унаж байв уу ?
 
Э.О: - 4 наснаасаа 8 нас хүртлээ унасан.
 
 
Бөх: - Нэг үеийн сайн бөхчүүд бие, биенээ ирлэж гарч ирдэг. Чамайг хэн хэн ирлэж байв ?
 
Э.О: - Би ер нь дээд үеийнхэнтэйгээ голдуу барилдаж гарч ирсэн. Хамгийн дээд талынх нь гэхэд надаас 3 ах. Тэдэнтэйгээ байнга барилдаж байгаад л гарч ирсэн. Барилдсан бүх бөхчүүд маань намайг ирлэж өгдөг байсан.
 
 
Бөх: - Хүүхэд байх үеийн хөгжилтэй явдлаасаа дурсана уу ?
 
Э.О: - 5 настай байхдаа унага уургалаад эмээлийнхээ урд тал дээр гартал угзруулчихаад зогсож байсан гэж аав минь ярьдаг байсан.
 
 
Бөх: - Чи Өмнөдэлгэр сумынх мөртлөө яагаад Дэлгэрхаан сумынхантай цуг бөх үзэх гэж ирдэг байсан юм бэ ?
 
Э.О: - Манай аав 1994 оны хавар Дэлгэрхаан сумын 032-р ангийн адуучнаар, ээж малын бага эмчээр томилогдож очсон. Би тэр үед ой 4 сартай байсан. 7 нас хүрэх жил аав ээж буцаад Өмнөдэлгэр сум руугаа нүүсэн. Тийм учраас би Дэлгэрхаан сумынхныгаа танилгүй яахав. Манай Дэлгэрхаан сумынхан 2006 оноос Бөхийн өргөөнд ирж Улс тунхагласны баярын бөх үзэж эхэлсэн. Би тэдний сумын хүн юм чинь цуг бөх үзэлгүй яахав.
 
 
Бөх: - Сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаан их өгөөжтэй барилдаан болдог юм шиг санагддаг ?
 
Э.О: - Үнэн шүү. Би АЦЦБЗБ-ын барилдаанд барилдаад 1 даваад 2-ын даваанд уначихдаг байсан. Сумын заануудын барилдаанд барилдсанаас хойш сайжирсан гэж боддог. Сумын заануудын барилдаан үнэхээр өрсөлдөөнтэй өгөөжтэй гоё барилдаан шүү. Бидэнд энэ барилдаан барилдах эрч хүч өгч байсан юм болов уу гэж боддог. Тогтмол явагддаг болсноос хойш энэ барилдаанд үргэлж барилдаж байлаа.
 
 
 
Бөх: - Улсын наадамд 2 дахь жилээ барилдаад улсын харцага хүртлээ. Сэтгэгдэл ямар байна ?
 
Э.О: - 1-ийн даваанд сумын заан Б.Мөнхгэрэлтэй таараад давсан, 2-ын даваанд улсын начин Б.Сангисүрэнтэй оноолт таараад давсан, 3-ын даваанд улсын начин Б.Чинзориг амалж авсан би өөрийнхөөрөө барилдаад давсан. 4-ийн даваанд До.Ганхуяг арслантай оноолтоор таараад давсан. 5-ын даваанд Доржсамбуу гарьд аваад гарьдаар 5 давсан. 6-гийн даваанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат у.з Т.Санчир ах амлаж авсныг хаясан. 7-гийн даваанд у.арс Эрхэмбаяр ах амлаж намайг хаясан.
 
 
Бөх: - Улсын начин Б.Сангисүрэнг хүмүүс сайн барилдана гэж байсан. Гэтэл чи оноолтоор таараад юу бодож байв, чамд хүмүүс юу гэж зөвлөсөн бэ ?
 
Э.О: - Би ер нь тайван байсан. Өөрийнхөөрөө л барилдаад давсан.
 
 
Бөх: - До.Ганхуяг арслантай оноолтоор таараад юу бодож байв ?
 
Э.О: - Хамаг хүчээ шавхаж л барилдъя л гэж бодсон. Ёндоо байвал давна. Байхгүй бол унана. Нэг бол би яг яс зогсоно. Илүү юм хийхгүй хийгээд өөрийгөө барьж чадахгүй уначих вий гэж бодоод биеэ барьж барилдсан. Нэлээд зогсож барилдсан. Эхлээд До.Ганхуяг арслан барьц сонгосон. Би барьцыг нь тавиулсан. Дараа нь би барьц сонгоод хаясан.
 
 
Бөх: - И.Доржсамбуу гарьдтай '' 5-ын даваанд барилдсан барилдааныхаа талаар яриач ?
 
Э.О: - Өөрийнхөөрөө л барилдсан.
 
 
Бөх: - У.з Т.Санчиртай барилдахад чамд тэгж барилд, ингэж барилд гэж зөвлөсөн хүн бий юу ?
 
Э.О: - За, чи өөрөө л гараад мэхээ хийгээд барилд гэж хэлээд багш нар гаргасан. Тэгээд барилдаж байгаад давхар хамаад л хаячихсан. Би ер нь өөрөө шийдсэн барилдаан хийнэ л гарсан учраас түүгээрээ л болсон.
 
 
Бөх: - Эрхэмбаяр улсын аварга (тухайн үед улсын арслан) амлаж авахад юу бодогдож байв. Багш чинь юу гэж зөвлөв ?
 
Э.О: - Адъяахүү багш намайг юу л байдгийн бүх юмаа дуустал үз гэсэн. Харин би үгнээс нь зөрж задгай барилдаж байгаад унасан. Хүн бол тэр үеийн түрүү бөхөөс зөрөөсөө л гэж боддог гэсэн. Яах ч аргагүй түрүү бөх таарсан. Үнэхээр туршлагатай байсан. Туршлагатай хүнтэй яарч барилдаад унасан.
 
 
Бөх: - Багшийнхаа үгнээс зөрөөд унасныхаа дараа юу гэж бодогдож байв?
 
Э.О: - Багш хүн гэдэг юмыг яг л онож хардаг юм байна лээ. Би ер нь үгнээс нь зөрж байгаагүй. Тэр үед сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөөд хамаагүй барилдсандаа энэ дашрамд багшаасаа уучлал гуйж байна. 
 
 
Бөх: -Улсын цол авах сайхан байгаа биз дээ ?
 
Э.О: - Үнэхээр сайхан юм билээ. Нутгийн минь уул ус түшлээ. Нутгийн минь ард түмэн түшлээ гэж боддог юм билээ. Аав, ээж болон багш нартаа л их баярласан.
 
 
Бөх: - Нутгийн ард түмэн харцагаа гээд дуудахаар ямар байв ?
 
Э.О: - Эхлээд тэгж дуудуулахад эвгүй л байсан. Одоо бага зэрэг дасаж байна.
 
 
Бөх: - Дэвжээнд гарахад юу хэрэгтэй байдаг вэ. Сэтгэл зүйн хувьд?
 
Э.О: - Зоригтой. Тэвчээртэй байх.
 
 
Бөх: - Барилдаан таарахгүй хүн гэж байна уу?
 
Э.О: - Тааруулаад л барилдахыг хичээдэг дээ. Би ер нь баруун талтай барилддаг гэж өөрийгөө боддог. Золговол зүүн талтай болчихдог. Сэрвүүгээс барилдвал баруун талаар барилддаг.
 
 
Бөх: - Одоо хаана амьдарч байна. Улсын цол авсан бөхчүүдэд нутаг орон нь байр, машин өглөө л гэдэг... ?
 
Э.О: - Одоо би найз охинтойгоо Халдвартын эмнэлгийн урд талд байр хөлслөн амьдарч байна.
 
 
Бөх: - Нууц биш бол найз охин чинь ямар сургуульд сурдаг вэ ?
 
Э.О: - Анагаах ухааны их сургуулийн 3 дугаар курсийн оюутан.
 
 
Бөх: - Нутагтаа улсын харцага цол хүртчихээд очиход яаж хүлээж авав ?
 
Э.О: - Одоогоор аймаг маань хүлээж аваагүй байгаа.
 
 
Бөх: - Харцага цолныхоо найрыг сумандаа хийсэн гэсэн. Сумын ард түмэн хэр зэрэг хүлээж авав ?
 
Э.О: - Сумын ард түмэн сайхан хүлээж авсан. Соёолон насны морьд уралдаж, 64 бөх барилдсан. Манай сумын ард түмэн надад Ланд крузер Прадо 120 машин бэлэглэсэн.
 
 
Бөх: - Намрын нээлтийн барилдаан буюу Геннист монгол бөх бүртгүүлсний 2 жилийн ойн барилдаан болно. Бэлтгэлээ хэр хийж байна ?
 
Э.О: - Нээлтийн барилдаанд улсын цол аваад анх удаагаа барилдах гэж байна. Бэлтгэл сургуулилтаа хийгээд зав муутай л байна.
 
 
Бөх: - Геннист монгол бөхийг бүртгүүлэх анхны барилдаанд чи хэд давсан бэ ?
 
Э.О: - 4 даваад 5-ын даваанд аймгийн арслан Ш.Мөнгөнбаатарт унасан.
 
 
Бөх: - Энэ жил цуг цол авсан бөхчүүдээ юу гэж бодож байна. Миний хувьд цол авна даа гэж бодож байсан бөхчүүд л цол авсан ?
 
Э.О: - Эд барилдаж байгаа ах нар л авсан даа. Доод тал нь гэхэд надаас 5 ах, тэгээд л түүнээс дээш настай ах нар цол авсан. Ах нартайгаа энэ зэрэгцээд цол авсандаа баяртай байгаа.
 
 
Бөх: - "Аварга" сургуулийн хоёр бөх улсын харцага боллоо. Сонин тохиолдол шүү ?
 
Э.О: - Тийм ээ. Нэг сургуулийн хоёр бөх ижилхэн цол авсан нь бас сонин тохиолдол гэдэг үнэн шүү. Олимпийн аварга Н.Түвшинбаяр ахтайгаа цуг хоёулаа улсын харцага хэмээх цол хүртчихээд талбай дээгүүр ард түмнийхээ өмнүүр мөр зэрэгцэн алхаж явах үнэхээр сайхан санагдсан. 
 
 
Бөх: - Танай аав аймгийн начин цолтой хүн. Чамайг бөх болгоно гэж ер нь ярьж байгаагүй юу ?
 
Э.О: - Миний аав Дашдоржийн Энхтөгс гээд аймгийн начин цолтой хүн. Аавын аавынх нь ах бас аймгийн начин цолтой бөх байсан. Аав мэдээж бөх хүн юм чинь намайг бөх болгоно гэж бодолгүй яахав. Бөхөөс гадна өөр давхар мэргэжилтэй болгоно л гэдэг байсан.
 
 
Бөх: - Хобби ?
 
Э.О: - Биллярд тоглох дуртай.
 
 
Бөх: - Б.Бат-Эрдэнэ аварга чамд заавар зөвлөлгөө өгдөг үү ?
 
Э.О: - Заавар зевлөлгөө өгөлгүй яахав. Мэдээж олон жилийн туршлага нь надад нөлөөлсөн.
 
 
Бөх: - Өндөр ?
 
Э.О:-180 см.
 
 
Бөх: - Жин ?
 
Э.О:-125 кг.
 
 
Бөх: - Дуртай өнгө ?
 
Э.О: - Саарал.
 
 
Бөх: - Анх зодог шуудаг, малгайгаа хаанаас худалдаж авсан бэ?
 
Э.О: - 2008 онд Бөхийн өргөөн дээр ирээд худалдаж авсан.
 
 
Бөх: - Гутлаа хаанаас авч байсан бэ ?
 
Э.О: - 2009 онд Пүрвээ гэдэг гутал хийдэг хүн дээр очиж авч байсан. Одоо болтол энэ гутлаа өмсөж байгаа.
 
 
Бөх: - Идэх дуртай хоол?
 
Э.О: - Банштай цай уух дуртай.
 
 
Бөх: - Эр хүн наадамд 3 даваатай, найранд 3 дуутай гэдэг. Дууг бол сайхан дуулчихна биз дээ?
 
Э.О: - Дуулахдаа муу.
 
 
Бөх: - Энэ жил танай аймгийн 90 жилийн ойн наадам болсон. Яаж барилдав ?
 
Э.О: - Аймгийнхаа 90 жилийн ойн барилдаанд 6 давсан. Нэгийн даваанд нэг залуу хүүхэдтэй барилдаад давсан, хоёрын даваанд сумын заантай таараад давсан, гурвын даваан аймгийн начныг амлаж аваад давсан, дөрвийн даваанд Увсын аймгийн арслан Ганзоригтой таараад давсан. Тавын даваанд аймгийн арслан Бо.Батжаргалыг амлаж аваад давсан. Зургаагийн даваанд С.Батсуурь начинтай таарч даваад, долоогийн даваанд Н.Ганбаатар гарьдад унасан.
 
 
Бөх: - Халхынхаа сайхан бөхчүүдээс хүндэлж явдаг бөх байна уу?
 
Э.О: - Бөхчүүд бүгдээрээ л сайхан харагддаг. Монголынхоо цолтой бүх бөхчүүдээ хүндэлж, хайрлаж, харж явдаг даа.
 
 
Бөх: - Дэмжиж тусалж явдаг хүмүүс бий юу ?
 
Э.О: - Нутгийн ах дүүс, хамаатан садны ах дүүс миний дүү сайн бөх болоосой гэж чин сэтгэлээсээ их тусалдаг. Хангарьд спорт хороо, Хэнтий аймгийн цагдаагийн хэлтсийн хамт олондоо баярлаж явдаг шүү. Та бүхнийг монгол бөхийн босоо цагаан хийморь ивээх болтугай.
 
 
Бөх: - Ирэх жилийн наадам ойрхон байна шүү. Цолоо ахиулаад ард түмэндээ дуурсагдах аварга болоорой.
 
Э.О: - Ерөөл бат оршиг.
 
Ц.Болормаа
 
Эх сурвалж: “Бөх” сонин