sonin.mn

"Монголчуудын бөхийн соёл" Олон улсын эрдэм шинжилгээний II бага хурал дээр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш Доктор, дэд профессор На.Сүхбаатарын тавьсан илтгэл

Монголын ойрадуудын дунд бух ноолдоон нь 1930-аад он гэхэд өөрийн гэсэн дүрэм, ёс ёсолгоотой хөгжлийн тодорхой хэлбэрийг олсон байжээ. Үүнийг түүний нэр томьёо, үг хэллэгээс харж болно. Тухайн үеийн хөгжлийн түвшнийг илэрхийлэх доорх нэр томьёонууд, тэдгээрийн учир холбогдол нь бух ноолдооныг ойлгоход тустай болов уу хэмээх нэг бүрчлэн танилцуулж байна.

Зиндаачлах: Барилдахаар ирсэн бөхчүүдийг барилдуулж шилдэг 30 бөх шалгаруулж авна. Ингэхдээ өмнөх наадмын дээд, дунд, доод арванд орж байсныг үндсэнд нь баримтлахаас гадна бөхчүүдийн байр дээш, доош солигддог байна.

Бахлуур арван буюу дээд арванд түрүү жилийн магнай, толхай бөхчүүд, олонд зөвшөөрөгдсөн бяр тэнхээтэй бөхчүүд шалгаран орно. Бүслүүр арван буюу дунд арванд шийр арванаас шалгарсан, ид барилдаж байгаа бөхчүүд голчлон ордог байна. Шийр арван буюу доод арваны бөх болно гэдэг нь олон бөхчүүдээс шалгарч гарна гэсэн үг бөгөөд хатуу өрсөлдөөн хийж байж амжилтад хүрдэг байна.

Үсэргээ ноолдоон: Барилдааны өмнөх нэг cap орчмын бэлтгэлийг ингэж нэрлэдэг. Энэ үед бөхчүүд "анги" (одоогийн ойлголтоор гал) болж, хоорондоо барилдаж бэлтгэлээ базаана. Энэ үед ёс журманд сайтар суралцана. Тухайлбал, хооллохдоо 30 бөх эрэмбэ дарааллаар сууна. Өдөрт нэг хонины махыг 30 бөхөд хувааж, дээд арваны бөхчүүд нуруу мах иддэг байна. Нуруу маханд дал дөрвөн өндөр, харцага, хонцог тэргүүтэн орох бөгөөд бахлуур арван дотроо бас эрэмбэ дараалалтай ёслож хоолоо иддэг байв.

Дунд арваны бөхчүүд дунд чөмөг, хавирга тэргүүтэй мөч мах оногдоно. Доод арванд эрүү, өвчүү, шийр, гэдэс дотор голдуу хүртэх бөгөөд нэг хонины мах нь 30 чөмгөн мах буюу 30 хэсэг болдог байжээ.

Өмсгөл: Бух ноолдооны бөх нь барилдааны үед зөвхөн шалбууртай байна. Шалбуурыг буга, аргаль, янгир, бух, цар /шар/-ын зооны арьсаар хийдэг байсан бөгөөд гол нь бат бөх, сунаж сулрахгүй чанарыг нь ашиглаж хийнэ. Шалбуурыг одоогийн монгол үндэсний бөхийн шуудаггай ойртуулж ойлгож болно. Бух ноолдооны бөхийн барилдахаас өмнөх өмсгөлд госон /гутал/, дэвэл /дээл/, баадан, күлэй / хүлээс/, нөмрөг, амгалж / аргамж/ орно.

Бааданг "илэг"-ээр хийх бөгөөд шалбуур, амгалж, хүлээ зэргийг эвхэж боож, түүнийгээ бүсний оронд хэрэглэдэг, гадагшаа харсан хэсэгт элдэв хээ угалз оёж шивсэн, үзэгдэх байдлаараа сүр бахдалыг үзүүлсэн байдаг байна. Амгалж гэдэг нь хариуцлагатай барилдааны өмнө дэвсэгт гарч ирэхдээ хоёр гартаа оосорлон хоёр хүнийг чирж гарч ирэхэд зориулагдсан сүр хүчний бэлгэдэл болсон сайтар элдэж боловсруулсан суран аргамж юм.

Күлэй гэж гар, хөлийн булчин, гарын шууг хамгаалдаг зориулалтай нарийн сурыг хэлнэ. Нөмрөгийг дэвсэгт ирэхээс өмнөх бөхийн цол дуудах үед нөмөрч гарч ирэх бөгөөд нөмрөгт бас хүчтэн амьтдын зураг хөрөг шивж, оёсон байдаг байжээ.

Бух ноолдооныг зохион байгуулах: Хоёр бөхийн ноолдоон нь зарим газар нутагт цаг хугацааны болон талбайн хязгаарлалтгүй байсан бол нилээд өндөр хөгжиж байсан Дөрвөдийн зүүн, баруун гарын чуулган, хошуудад эмх цэгц, дүрэм журамтай болж хөгжиж байжээ. Бух ноолдооны бөхчүүд нь хэмжиж тогтоосон ширэг, элс, мөн эсгий дээр барилдана. Үүнийг Дэвсэг гэнэ.

Ясуулч: Бөхийг ноолдуулах ажлыг гүйцэтгэдэг, гартаа тохой орчмын ясан болон сураар хийсэн хавтгай ясуур буюу шавдуур хэмээх зүйлийг барьж дэвсэг дээр ажиллаж, хурдан шуурхай барилдах, нэг байрлалд удаан барилдахыг зогсоох, босоо болон хэвтээ барилдааныг эхлүүлэх эрх мэдэлтэй хүн. Ясуулч нь тогтсон хэдэн хэллэг хэрэглэнэ. Ноолд-барилдааны эхлүүлэх дохио. Ок (орхи)- зогсоох дохио. Бостон, суутан -суугаа болон босоо барилдааныг эхлүүлэх дохио зэрэг.

- Иргэвч: Бөхийн зүүн, баруун талыг хариуцаж, барилдах бөхийг бэлдэх хоёр хүн байна. Уянгалаг дуугаар барилдааны орчныг дуу, цэнгээнтэй болгох бөгөөд бөх гарч ирэх, давсныг уянгалуулан зарлана. Иргэвч нь тухайн бөхийн цолыг дуудна. Дуудахдаа бөх бүхэн дээр тогтсон цол гуншин хэрэглэхгүй. Аль наадмын магнай бөх, шовх бөх гэдгийг хэлэхээс гадна ямар хүч чадалтайг, ямар хэмжээний чулуу нэрсэн (том чулууг тулгын гурван чулуун дээр өргөж тавихыг хэлнэ), хүч чадал шаардсан онцгой гойд, тухайлбал атан тэмээ шавраас татаж гаргасан зэрэг тэр хүнийг тодорхойлж цоллоно.

- Тукраач (Турхираач): Бөхийн дасгалжуулагч, зоригжуулагч нь болох бөгөөд анги (гал)-ийн даамал нь голдуу болдог ажээ. Турхираач нь өмнө нь ноолдож явсан туршлагатай бөхчүүд байдаг байна. Ноолдож байгаа бөхөө хажуунаас нь мөн л тогтсон хэллэгээр дасгалжуулна. Жишээ нь, "туйл" гэдэг нь даралтанд орсон бөхөө туйлж даралтаас гарахыг шаардсан, "мөөхөөл" гэдэг өнхөрч барьц алдуулах гэсэн санаа. "Мачий" гэдэг нь чармай, даралтаа хэвээр хадгал гэсэн санаа ажээ.

- Овоолой нь бөхийн туслагч бөгөөд хувцасыг нь өмсгөж, хадгалж хамгаалж, барих үүрэгтэй. Нэртэй бөхчүүд 2 овоолой дагуулж гарах бөгөөд хоёр гартаа сураар оосорлуулан чирч, хүч чадлаа гайхуулдаг байна.

Хөлийн сайд- Ноолдооныг үнэн зөвөөр шүүн явуулдаг эрх бүхий хошууны тамгын газраас томилогдсон түшмэл ажээ.

Дунч - Ноолдооныг эхлүүлж, дуусгах цаг хугацааг хянаж дун үлээдэг түшмэл. Ийм л бүтэц бүрэлдхүүнтэйгээр бух ноолдооныг зохион байгуулдаг байсан байна.

Бух ноолдооны бөхийн зарим нэр томьёо: Тээг бөх - Арван бүхэнд 1-2 тээг бөх байна. Тээг бөх тухайн арванд шинээр орж ирсэн, байр сууриа батлаж чадаагүй бөх юм. Доод талын арванаас дэвшиж буй бөх тээг бөхийг давж байж дээшээ ахина.

Зараал бөх - Нэгэнт шалгагдаж тогтсон 30 бөхөөс гадна өөр хошуу, газар орноос ирсэн барилдах бөхийг ингэж нэрлэх бөгөөд зараал бөхийн зиндааг тогтоохдоо    хүссэн арванаас нь чадалтай, сайн бөх шалгаж барилддаг байна. Магнай бөх-Тухайн арвандаа түрүүлсэн бөхийг ингэж нэрлэх бөгөөд хүзүүнд нь хадаг уяж өгдөг. Тус хадгаа хожим малгайдаа тэмдэг болгодог ажээ.

Толхай бөх - Барилдаанд үзүүрлэсэн бөхийг хэлнэ. Шовх бөх -шөвгөрсөн    буюу шовхорсон бөхийг хэлнэ.

Барилдаж байгаа хоёр бөх нэг удаад 3 удаа барилдах бөгөөд үүнийг "Нугалмаа" гэж нэрлэнэ. Эхний 2 нугалмаад ялсан тохиолдолд Давуу авсан гэнэ. "Давуу" гэдэг нь давсан, ялсан гэсэн утгатай үг. Нэг, лэг давуу авсан бол "тэнжээлэв" гэж нэрлэнэ. Мөн "Ам гарах" гэдэг оилголт баих бөгөөд голдуу зараал бөх дээшээ барилдахыг зорьж тэр бөхтэй барилдана хэмээн ам гарах хэмээгч болж, үүнийг хөлийн сайд нар хэлэлцэж барилдахыг шийднэ. Өнөөгийн монгол үндэсний барилдаан шиг том цолтой нь ам авдаггүй, эсрэгээр нь ам гардаг байна. Бух ноолдооны бөхчүүд дэвсэгт гарахдаа дэвж гарахыг "Хэвлэх", дэвсэг дээр ирж шавахыг "Хээрэх", барилдах бөхтэйгээ өрж зогсохыг "Хэрэх", давуу авсан хойно ихэс дээдэсийн өмнө очиж ёслохыг мөргүүл гэж нэрлэнэ. Бөх давуу авсан байдлыг далаар нь хөдөлгөөнгүй дарах, сээрээр нь дарах, толгой хүзүүгээр нь газар шааж хөл гарыг баглах зэрэг тохиолдолд тооцдог байна.

Ийм нэгэн сонирхолтой барилдаан Монголын ойрадуудын дунд хөгжиж байгаад 1930-аад оноос унтарч алга болжээ. Энэ барилдааны тухай хууч яриа ард олны дунд өргөн тархмал, бахдаж дээдлэх үзэл байдлаар олонтоо илэрдэг тул дахин сэргээн хөгжүүлж болох талтай. Энэ барилдааныг сэргээснээр дэлхийд зөвшөөрөгдсөн бөхийн олон төрөлтэй уялдан хөгжих боломжтойгоос гадна монгол үндэсний бөхийн барилдааныг спортын хэв шинжтэй хөгжүүлэх нэг алхам болно. Мөн онцлог, сонирхолтой хэсгүүд ихтэй тул аялал жуулчлалын бүтээгдэхүүн болж монголчуудын нэрийн хуудсыг нэгээр нэмж чадна.

Эх сурвалж: "Бөх" сонин