sonin.mn

1. Бага нас

Арван тавдугаар жарны харагчин могой жил буюу аргын 1893 оны намар Говь-Түшээ гүний хошууны ард хазгар Тогоодойн хүү Харлаг хэмээх Бажаагийнд нэгэн хүү мэндэлсэн нь Авирмэд бөлгөө. Бажаа Их Шанхай нутгийн айл боловч одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Онгийн голын хөвөөнд орших хошуу хийдэд Хундай дэмч хэмээх эмч ламд балчирхан хүүгээ шавь болгон өгчээ. Авирмэд уг хийдэд 14 нас хүртлээ шавилан суухдаа ном тогтоох ой сайтай гэж лам нарт магтагдахын зэрэгцээ зав л гарвал үе тэнгийн банди нартай барилдсаар өөрөөсөө дээш насны 20 хүрсэн банди нарыг дийлдэг болжээ.

Тэр зуны Ламын хонгорыг тахих наадамд багшаа даган очжээ. Наадмын гарын даа нар багшид нь танай бандийг яггүй шандастай гэж сонслоо. Наадамд барилдуулъя хэмээхэд багш нь нас нь дэндүү бага юм. Зүрхий нь үхүүлчих биз, жаахан том болоод барилдаг гэжээ. Гэвч бөхийн тоо хүрэхгүй байна гэснээр нэгийн даваанд магнай бөх өвгөжөөр зааны аманд гаргажээ. Бяцхан банди анх удаа зодогтой ахмад бөхтэй олны өмнө учирсандаа яггүй хулгаж барилдалгүй тойрч зугтаасаар нэлээд удаад ахмад бөх дургүй нь хүрсэн бололтой чи ноцолдох санаатай юм бол хүрээд ир хэмээн муухай харж уурлангуй хэлэхэд нь гэнэт ухасхийж доогуур нь орохдоо хоёр гуяыг нь хаман өргөөд босоход хөнгөхөн нь аргагүй толгой дээгүүр нь давж ард нь чангахан унахдаа нүүр нь урагдсан байжээ.

Ингэж нэг даваад асарт очиж боорцог авахуйд тэнд байсан лам ноёд ихэс дээдсийн царай, харц тун ч таагүй байсанд дахин барилдахаас зүрхшээж хоёрын даваанд түргэхэн унажээ. Үүнд нь хийдийн банди нар, залуу лам нар малчин ардууд дургүйцэж, хүү минь чи бөх болно, наадам бүрт үнэн хүчээрээ барилдаж бай гэж зоригжуулж урам хайрлаж байжээ.

2. Жинчин бөх

Удалгүй Дээд хийдийн наадамд очих гэж Явсрай гэсгүй гэгчээс (Гомбоо хүртэх) чөлөө авахаар хүссэнд зөвшөөрөөгүйд би тэртэй тэргүй очиж барилдана. Харин Гомбоо гудиггүй хөдөөний хүн болно шүү гээд гарахад нь гэсгүй: - Чамд Гомбоо өгөөгүй шүү хэмээн хашгирсаар хоцорчээ. Ингээд хийддээ буцаж очилгүй ойр хавийн овоо тахилгын наадамд ирж барилдах ажилтай болсон ч тэр намар эцэг нь нутгийн нэг хашир сайн жинчин хөлсөлж, хоёулахнаа алсын аянд явахад эхний үед нэг ч тэнг даахгүй тэвдэж байсан ч хэдхэн хоног яваад бүх ачаагаа хэнэг ч үгүй өргөдөг болжээ.

Жил бүр нэгээс хоёр удаа Хятад нутагт явж заримдаа бүр жинчин хүү Бээжин хүрдэг хашир жинчин болжээ. 19 хүртлээ ер түрүүлж үзээгүй байв. Харин аян жинд явж бие нь чийрэгжиж тэсвэр хатуужил сууж хүч надал нэмэгдэж байсан нь дамжиггүй. Түүний аяны зам дагуу танилцсан өвөрлөгч хошууны айлын эрчүүд барилддагий нь бусдаас мэдээд манай эндхийн хоёр сайн бөхтэй танилцуулж барилдуулна гэдэг байснаа нэгэн намар хятадын пүүсэнд тушаах олон тэмээ ноос ачиж явах замд нь нөгөө хоёр бөхөө авчирч барилдуулж гэнэ.

Тэр хоёр барга байх нь аяны бөхөд даан ч хялбархан унаж хэчнээн олон барилдаад ч ер давсангүй. Салахдаа хойшоо буцахад чинь дахин барилдана гэсээр үлджээ. Аянаас нэлээд удаан буцаж ирэхэд хоёр барга бөх угтан уулзахад бас л барилджээ. Харин аянчин маань тэр хоёрын хэнийг нь ч унагаж чадахгүй болсондоо нэлээд гайхаад өнгөрчээ. Дараа намар нь дахин барилдахад Авирмэд 2 баргыг урьдын адил гарын үзүүрээр унагаж байхдаа бүр ч гайхжээ. Хоёр барга хоорондоо ярих нь ар халхын бяр нь хонины мах, сүүтэй цай хоёртоо байдаг юм шив дээ гэж байсан гэдэг. Энэ юутай үнэн үг вэ?

З.Аархаснаас болж начин цолтой үлдсэн нь

Авирмэд 19 хүрсэн жилээсээ хойш ойр хавийн наадам бүрт барилдахдаа хүч мэх тэгшрэхийн зэрэгцээ хашир сууж асар хурдтай хөдөлгөөнд нь баргийн бөхчүүд барьж авч чадалгүй унадаг болоод байсан үедээ 25-ныхаа могой жил 1917 онд Дайчин бэйсййн хошуунд болсон 19 суурийн их наадамд очжээ. Уг наадам нь олон хошуу оролцсон өргөн дэлгэр наадам учир автономит Засгийн газраас даншиг долоон хошуу наадамтай адил хэмжээнд хийж бөхчүүдэд цол чимэг олгох тусгай зөвшөөрөлтэй байсан гэдэг. Авирмэд наадмын гурвын даваанд Цэвээн туслагчийн шилж шигшиж авчирсан 21 бөхийн нэг Нанзадтай тунаж дээр нартай өрж эхэлсэн боловч Нанзад барилцахгүй зугтсаар байгаад үдшийн бүрэнхий болох үед хүмүүс рүү шахаж асрын бүч тээглэхэд нь барьж аваад тонгорч унагасанд харчины Цэвээн туслагч эс зөвшөөрч маргааш дахиулахаар болгов.

Авирмэд үүнд шар нь хөдөлж наадмын дарга сагсаа Донторт ингэж хэлэв. Нанзадаас эхлээд Цэвээн туслагч гуайн 21-ийг над цувуулаад тавьж өгөөрэй. Би бүгдтэй нь барилдъя гэчхээд майхандаа ирэхэд аав нь урамгүйхэн шиг азарга морь хоёр олигтой давхисангүй. Энэ жил ч наадсан болохгүй нь шив дээ. Чи болж өгвөл дөмөгхөн ноцолдоорой гэхэд:

- За би гутлынхаа улнаас өөр юмыг газар хүргэхгүй байхыг хичээе гэжээ. Маргааш өглөө дөрвийн давааны өмнө дахихаар гармагц Нанзадыг шууд дайрч ороод дээр өргөөд зүүн урагш харуулан хаяхдаа- Одоо болов уу? Дахих уу? гэж ам асуужээ. Үүнд нь наадмын эрх мэдэлтэнгүүд ихэд дургүйцсэн ба дараагийн бүх даваанд Цэвээн туслагчийн 21 -ийн аль нэгэнтэй нь тунаж төвөггүй давсаар Цэдэггомботой нь үзүүрт үлдэж түүнийг толгойгоор нь газар мөргүүлэн хаяж 9 давж түрүүлсэн ч энэ том наадмаас зөвхөн начин цол өгсний учир нь наадамчин олны өмнө хэтэрхий аархсан ба Нанзадыг дахин унагахдаа ам асуусан, харилхсан зэргээс болсон байх.

Миний энэ алдаанаас болж түрүү, үзүүр хоёрт начин цол өгөөд бусад нь цолгүй үлдсэн юм билээ. Ингэж би амнаасаа болж авах ёстой цолоо хасуулсны гадна бусдадаа саад болсон хүн дээ. Би ч яахав харин Цэдэггомбо маань хожим хувьсгал мандсан хойно заан цолоо авсанд нь баярладаг юм гэж ярьсансан. Авирмэд 19-26 насны үедээ 8 жил ойчоогүй бөгөөд 27-той үзүүр булаасан гэдэг.

Тэнд үзүүрлэсэн Цэдэггомбо нь 10 жилийн дараа улсын наадамд алдарт Вандан аваргаар 1927 онд заан болжээ. Энэ наадмаас Түшээ гүний бөөрөнхий цагаан гэдэг нэр авсан нь миний начин цолноос илүү алдаршиж билээ хэмээн хошигнож байдагсан.

А.Ванчин
Эх сурвалж: "Бөх" сонин