sonin.mn

Олон жил уйгагүй , тууштай явсныг Монгол бөхийн дэвжээ ивээдэг юм байна

-Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс танд шинэ оны мэнд хүргье! Та шинэ оноо хаана, хэрхэн угтав тэр талаар яриагаа эхлэх үү?

-Бөх сониныхоо нийт уншигчдад гарч буй 2014 оны гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. Би 31-ний өдөр нутагтаа, ээж дээрээ очиж, нутгийнхаа шинэ жилийн баярт оролцоод оройноо буцаж гаран гэртээ ирж найз нөхөдтэйгээ шинэ оноо гаргалаа даа.

-Та багадаа шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг байв, энэ баяраас сэтгэлд тань үлдсэн сайхан дурсамжуудаасаа хуваалцвал?

-Ер нь шинэ жилийн баяр бол бага балчир, хүүхэд байх үеийн хамгийн сайхан баяруудын нэг л дээ. Намайг бага байхад аав маань их баярлуулдаг байж. Аавын минь баярлуулж байсан тэр үйл явдлууд сэтгэлд тодоос тод хадгалагдаж байдаг. Жил жилийн шинэ жилээр ааваасаа тийм сайхан баяр баясгаланг авдаг байсан юм чинь үр хүүхдээ бас тэгж баярлуулахыг хичээдэг.

-Хүмүүс шинэ оны анхны нар харна гээд сүйд болдог болчихож. Та явж нар харав уу?

-Үгүй ээ. Тэгж явсангүй. Харин өглөө эртхэн жаахан кроссонд яваад л. Би ер нь шинэ жилийн баяр гэхээс илүү шинийн нэгэн, цагаан cap л гэдэг хүн шүү дээ /инээв/.

-Шинэ жилээр хүмүүс баярлахаас гадна хуучин оныхоо амжилт бүтээлийг дүгнэж цэгнэдэг. Таны хувьд 2013 он ерөнхийдөө ямархуу жил болсон гэж бодож байна вэ?

-Миний хувьд ойрын хэдэн жил тэр дундаа 2011 онд олон жил мөрөөдөж байсан мөрөөдөлдөө хүрч цолоо ахиулсан. 2013 он надад болон миний гэр бүлд үнэхээр сайхан өгөөжөө өгсөн жил байлаа. Аварга цол хүртсэн. Мөн Мандал суманд маань түүхэнд бичигдэхээр бахархууштай үйл явдал олноор тохиолоо. Хэдхэн хоногийн өмнө Мандал  умаас минь улсын хэмжээнд анхны дөрвөн ихэр хүүхэд төрсөн байна. Энэ сайхан нутагт төрж өссөн хүнийхээ хувьд их л баярлаж, талархаж сууна даа.

-Монгол бөхөөр барилддаг, хичээллэдэг хүн бүрийн хүсэл мөрөөдлийн оргил болсон аварга хэмээх эрхэм дээд цол хүртлээ. Тэр агшинг, тэр сэтгэгдлийг энд асуухгүй байхын аргагүй?

-Тиймээ. Үнэхээр сайхан баярлахаар үйл явдал болсон. Бөх хүн болгон барилдсан барилдаан болгондоо түрүүлэе гэж бодож барилддаг. Бодож, мөрөөдөж явсан зүйл минь биелсэнд үнэхээр баярлаад баршгүй. Энэ олон жил бөхийн спортоор уйгагүй тууштай явсны үр дүнд монгол бөхийн ногоон дэвжээ үнэхээр харж үздэг юм байна. Үндэсний бөх маань хайрлахгүй, бахархахгүй байхын аргагүй ямар ч агуу спорт юм дээ гэж л баярлаж, талархаж явна даа.

-Таныг арслан болсноос хойш хүмүүс илүү их шахаж шамдуулсан уу? Одоо аварга болох ёстой шүү гэж....?

-Ер нь арслан болсны дараа Сэлэнгэ аймгийн маань удирдларууд, намайг дэмжиж тусалдаг компаний захирал, удирдлагууд, ойр дотны хүмүүс маань бүгд хэлж байсан л даа. Тэгэхэд надад "Нээрээ би яагаад улсын наадамд түрүүлчихье гэж бодож болдоггүй юм" гэж бодож хичээсний үндсэн дээр бүх юмаа зориулж хөдөлмөрлөсөн. Болдог юм байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний амжилт биш намайг өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн аав ээж, бэлтгэл сургууль хийлгэж байсан багш дасгалжуулагч нар, үргэлж дэмждэг нутгийн минь сайхан ах нар их нөлөөлсөн л дөө.

-Наадамд барилдана гэдэг зөвхөн наадмын бэлтгэл сайн хийснээр болдоггүй гэдэг. Сүүлийн хоёр жилийн барилдаан хамгийн том суурь бэлтгэл болсон болов уу?

-Тэгэлгүй яахав. Бөхийн өргөөний барилдаан гэдэг бол маш том бэлтгэл. Тогтмол барилдсанаар дэвжээндээ дасахаас гадна тэр олон бөхчүүдтэй барилдаад үзчихнэ. Тэр нь наадмаар хэрэг болдог юм болов уу гэж хувьдаа боддог юм. Тийм болохоор барилдаанууддаа тогтмол барилдахыг хичээсэн, боломжоороо ч сайн барилдсан.

-Та могой жилийн cap шинийн баярт түрүүлсэн. Цагаан сараар сайн барилдсан бөх улсын наадмаар сайн барилддаг гэдэг байх аа?

-Тэр бол дээр үеэс гаралтай сайхан үг. Анзаараад байхад цагаан сараар сайн барилдсан бөх зөвхөн наадмаар ч биш тэр жилдээ сайн барилдаад байх шиг байдаг юм. Цагаан cap гэдэг маань бөхчүүдийн бэлтгэл ид жигдэрчихсэн үе байдаг. Тэгэхээр хэний бэлтгэл сайн байна, тэр хүн л сайн барилдана шүү дээ.

-Та арслан болсноосоо хойш тогтмол их шөвгөөс дээш амжилттай барилдсан. Энэ нь начин байх үетэйгээ харьцуулвал сэтгэл зүй өндөр байв уу, эсвэл бэлтгэлээ өөрчилж илүү их хүч хөдөлмөр гаргасных уу?

-Цол авна, нэмнэ гэдэг бол өөрөө их том хариуцлага л даа. Авсан цолоо хамгаалж барилдахын тулд бэлтгэлийг арай өөрөөр хийх, илүү хийх шаардлага яалт ч үгүй гардаг юм билээ. Нөгөө талаар үзэгчдийн маань итгэл, хүлээлт байна. Тэр болгоныг биелүүлэхийн тулд бэлтгэл сургууль арай түлхүү чармайлттай явна л даа.

-2013 оны наадам, наадмын даваануудынхаа тухай сайхан хуучлах уу, хоёулаа...?

-Энэ бол үнэхээр сайхан наадам болсон. Бэлтгэл сургуулилтаа ч чамбайруулж сайн хийсэн. Багш дасгалжуулагч нарынхаа зөвлөгөөг ч их сонссон.

-Бөхчүүд бэлтгэл хэр таарснаа, ямархуу барилдахаа мэдэрдэг гэх юм билээ. Танд наадмын өглөө түрүүлнэ гэсэн итгэл хэр их байв?

-Яахав дээ. Надад заавал ч үгүй тэгчихмээр байна, ингэчихмээр байна гэсэн бодол бол байгаагүй. Үнэнийг хэлэхэд хоёр жилийн өмнө өөрийнхөө бодож мөрөөдөж явсан цолоо давуулаад бүр том сайхан цол авчихсан болохоор төрийн наадамд түрүүлнэ гэж илүү ихийг хүсэхээсээ илүү зүгээр сайхан барилдчихъя гэсэн бодол л байсан. Нэг үгээр заавал ч үгүй би түрүүлнэ, аварга болно гэж өөрийгөө сэтгэл зүйн хувьд "дарамтлаагүй" гэсэн үг.

-Хоёр дахь удаагаа төрийн наадмын түрүү булаалдах гээд гарахад арай илүү туршлага суусан ч гэх юм уу, эсвэл сэтгэл зүйн хувьд арай өөр байх зэрэг зүйл анзаарагдсан уу?

-Тэр чинь эхнийхээсээ бүүр хэцүү юм билээ.

-Тийм үү?

-Өмнө алдчихсан болохоор одоо дахиад алдвал бүр баларна гэж бодоод яалт ч үгүй эвгүйтээд эхэлдэг юм билээ. Анх түрүү булаалдахад бол тийм зүйл байхгүй шүү дээ. Авдаг цолоо авчихсан байсан. Нэг ёсондоо сэтгэл ханачихсан. Харин энэ жил бол үнэхээр хэцүү санагдсан. Аварга цолны даваанд тулчихсан. Сэтгэл зүйн хувьд их донсолгоотой, ирэх жил дахиад...гэж бодох эрхгүй...

-Та 35 насандаа улсын наадамд түрүүлж аварга цол хүртлээ. Энэ нь нэг талаар монгол бөхөд насны хязгаар байхгүй юм аа, хүн уйгагүй хөдөлмөрлөж чадвал, байгалиасаа заяасан авьяасыг хөгжүүлж чадвал ямар ч амжилтанд хүрч болдог юм гэдгийг харуулсан сайхан жишээ боллоо шүү дээ?

-Энэ спортдоо тууштай, үнэнч явсны л ач гавьяа. Намайг энэ спортоос холдуулаагүй, өөр тийшээ явуулаагүй, тууштай байлгасан Г.Буяндорж захиралтай "Ноёд" группын хамт олон, "Сүлд" спорт хороо, Түмэндэлгэр захиралтай "Мондэй" компанийн хамт олон, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, нутгийн ах нарын минь хүч хөдөлмөр шингэсэн юм шүү. Түүнээс гадна миний арыг найдвартай дааж яваа хань, охидын минь буян заяа их бий.

“Монгол улсын аварга төрлөө” гэх мөчид өөрийн эрхгүй сөхөрч унаад мөргөсөн...


-Хоёулаа улсын наадмын барилдаануудаа дурсъя. Том цолтнуудын хувьд дөрвийн даваанаас эхлээд өрсөлдөөн ширүүсдэг гэж бодогддог юм?

-Бөх нэг үеийг бодвол их хөгжсөн байна. Тэр дундаа дөрвийн давааны оноолт бол барилдааныг улам сонирхолтой, үзүүштэй болгосон гэж би хувьдаа боддог. Яагаад гэхээр бөхийн өргөөний барилдаанд үнэхээр сайн барилддаг аймгийн цолтнууд, сайхан сайхан залуучууд энэ даваанд аварга, арслан, гарьдуудтай оноолт таарах жишээтэй. Тийм ээ? Би дөрөв дээр Баянхонгорын Б.Эрдэнэхүү арслантай таарч сайхан барилдаад л давсан.

-Тав дээр Б.Соронзонболд зааныг амласан...?

-Тийм ээ. Ямар ч бөх өөрөө барилдаж болмоор, барилдаан таардаг бөхөө л авдаг. Бас үндэсний бөхийн амлаж, амлуулна гэдгийг бид зохиочихсон эд биш шүү дээ. Бас бидэнд тэрийг өөрчлөх эрх байхгүй. Нэг үгээр цолны эрх, ямба гэх юм уу даа. Тэр эрхийнхээ дагуу л зааныг амласан.

-Заан уначихаад танд гар хүрч их эвгүй явдал гаргасан. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-За яахав дээ, тухайн үед залуу насны ааг омгоор алдаа гаргаа биз дээ. Спортын хүнд чинь хор шар, янз бүрийн юм байлгүй яахав. Тэрийгээ олон түмний нүдэн дээр тэгээд илэрхийлчихсэн нь зааны буруу л даа. Бид энэ спортоо хойч үеийнхэндээ цэвэр ариунаар нь үлдээж, улам дэвжиж дээшлэхийг нь харж явбал сайхан болов уу гэж хувьдаа боддог юм.

-Ер нь ам авах төвөгтэй юу, гайгүй юу? Та өндөр цолтой болохоор харьцангуй олон бөхөөс ам авах эрхтэй?

-Олон хүнээс ам авах харин ч хэцүү байдаг юм байна. Бага цолтой байхад бол гурав, дөрөвхөн хүнээс ам авах юм уу, эсвэл тунадаг. Одоо бол олон хүнээс ам авахад дараагийн даваагаа бодолцох ч юм уу, ер нь л нэлээд бодуулж байна шүү. Багш дасгалжуулагч нартайгаа ний нуугүй ярилцаж, зөвлөнө.

-Зургаад та хэнийг амладаг билээ?

-Сайнбаяр зааныг.

-Барилдааныг нь сайн мэднэ дээ. Нэг үеийнхэн байх аа, та нар?

-Тэгэлгүй яахав. Бид нар чинь олон жил хоорондоо барилдаж яваа улс. Сайнбаяр заан цолтой байхдаа намайг хэд хэд амлаад барилдаж байсан. Хэн хэн нь амлалаа, амлууллаа гэж янз бүрийн юм бодолгүй сайхан нөхөрлөөд, өрсөлдөөд явж байдаг нь сайхан.

-Дараагийн даваанууд улам л хариуцлагтай, хүнд болж байсан уу?

-Аа, ер нь даваа болгон л хариуцлагтай шүү дээ. Наадам гэдэг зөвхөн тэр жилийн ажил биш олон жилийн хөлс, хүч хөдөлмөр байдаг. Наадмын талбай дээр өөрийн хариуцлагүйгээс юм уу хөндлөнгийн саадаас болж уналаа гэхэд тэр хүний олон жилийн хөдөлмөр талаар болчихож байгаа юм. Дахиад тэр хэмжээнд биеэ бэлдэж, наадамд оролцож чадаа ч билүү, үгүй ч билүү. Тийм ээ? Тиймээс аль аль талдаа их л хариуцлагатай, анхааралтай баймаар санагддаг. Ялангуяа хөндлөнгийн саадаас болоод хохирч байгаа бөхийг харахад үнэхээр харамсалтай санагддаг. Жишээ нь сая ерөнхийлөгчийн цомын барилдаан дээр телевизийн камертай нэг нөхөр дэвжээнээс гарахгүй байж байгаад Ганхүү начин камерийнх нь хөлөнд гараа хэгз татаад хаячихлаа шүү дээ. Бөхийн өргөөний барилдаан ч гэсэн хүний амьдрал шүү дээ. Тэр барилдаанд зориулж өчнөөн бэлтгэл хийгээд зорьж ирэн барилдаж давчихаад хөндлөнгийн саадаас болж барилдаанаа орхиод гарна гэдэг харамсалтай байхгүй юу. Тэр хүн тэр өдөр яаж ч барилдах байсан юм билээ, тэр бол таашгүй шүү дээ. Тэр мэтийг хараад харамсаж л суулаа.

-Бас зарим бөхчүүд маань өөрсдөө захалж барилдах сонирхолтой, эсвэл захруу хөөж барьц авчихаад маргаан дэгдээх зэрэг явдал гардаг...?

-Тэр болгонд бөхчүүдийг буруутгаж болохгүй л дээ. Олон бөх зэрэг барилдаж байгаа тохиолдолд бүгд захлахгүй барилдана гэвэл дундаа шавааралдаад багтахгүй шүү дээ. Үнэндээ өмнө нь бэртэж гэмтэж байсан бөхчүүд аль болох олны дунд орж барилдахыг хүсдэггүй юм шүү дээ. Бөх гэдэг маань нэг ёсондоо тулааны спорт гэж болно. Бие биенээ хайрлалгүй яахав, гэхдээ барилдаан дээр өрсөлдөгчөө өрөвдөөд байж болохгүй байх аа... Өрөвдөж байна гээд өөрөө уначих юм бол хэцүү. Гаднаас харах, дотор нь барилдах хоёр өөр. Хичнээн чанга хаяна гэж бодоогүй хэрнээ мэхний даац, хүчний тэсрэлтээс болоод чангахан унагачих үе ч гардаг.  Гэхдээ бөхөөр хичээллэж байгаа ямар ч хүн зөв унах техник мэддэг л байх ёстой.

-Хоёулаа буцаад наадмынхаа тухай ярианд ороё. Долоо, найм, есийн даваа ямархуу барилдаануд болов?

-Ерөнхийдөө бүгдтэй нь л бөхийн өргөөнд таарч барилдаад үзчихсэн. Тэрэнтэй тэгж барилд, энэнтэй ингэж барилд гээд багш нарынхаа зааж зөвлөсний дагуу л барилдсан даа.

-Түрүү булаалдах барилдааныхаа тухайд... Нэлээд удах шиг санагдсан...?

-Үнэхээр хариуцлагатай барилдаан байсан, надад ч, Гончигдамбад ч тэр. Би давбал аварга цол, Гончиг давбал арслан цол авна гээд л... Хоёулаа том цол шүү дээ. Тэр том цолны төлөө явж байгаа улсууд чинь нэг ч буруу алхам, нэг ч буруу хөдөлгөөн хийхгүйн тулд зүтгэж байгаа юм л даа.

-Наадмаар 40 орчим мянган бөх улс орон даяар нэгэн зэрэг барилддаг гэдэг шүү дээ. Тэр дотроос ганцхан хүнд төрийн наадамд түрүүлэх хувь тохиодог. Тэр ховор агшинд яг юу бодогдож байсныг одоо нэг дурсвал...?

-Надад үнэхэээр сайхан байсан. Төрийн наадмын торгон ногоон дэвжээндээ гомдож, гоморхож явсан үе надад бий. Доогуур даваанд уначихаад боломж бололцоо нь ингээд дуусчихаж байгаа юм шиг санагдаад нулимс унгаж байсан удаа олон. Хамаг чадлаараа хичээж, хөдөлмөрлөөд байхад ганцхан надаас нүүрээ буруулаад байгаа юм шиг санагдах үе ч байсан. Харин 2011 онд арслан  болчихоод "Үнэхээр тийм зүйл байдаггүй юм байна. Шантралгүй, орхилгүй зүтгэж явахад болдог юм байна" гэдгийг мэдэрсэн. Тэр олон бужигнаж байсан бөхчүүдээс ингээд хоёулаа үлдлээ гэж бодохоос бие жигтэйхэн хөнгөрөөд 16 засуулчаа ханаруулан түрүү булаалдахаар гарах мөчид сэтгэл огшоод юм юм л бодогддог юм билээ. Болдогсон бол бөх хүн бүр тэр гайхамшигтай агшинг үзээсэй, мэдрээсэй гэмээр. Гончигдамбыг давчихаад "Монгол улсын аварга төрлөө" гэх мөчид өөрийн эрхгүй сөхрөөд уначихсан шүү дээ.

-Таны дэвжээндээ мөргөж байгаа тэр бас их гоё агшин байсан шүү?

-Энэ олон жил намайг баяр баясалтай, гоморхол гомдолтой явуулсан ч гоморхлын үзүүр дээр ийм сайхан баяр тохиох учиртай байжээ гэж бодоод л сөхөрч унаад мөргөчихсөн юм шүү дээ /инээв/. Өөрийн дотоод сэтгэл хөдлөл, баяр хөөрөө тэгж л илэрхийлсэн хэрэг. Өөрөөр би яаж ч илэрхийлэх юм билээ дээ, тийм ээ?

-Тийм шүү. Та ардын хувьсгал ялснаас хойш төрсөн 21 дэх аварга. Энэ тоо танд юу бодогдуулж байх юм бэ?

-Сайхан, сайхан. 21 гэдэг маань өөрөө бас их бэлэгшээлтэй, утга учиртай тоо шүү дээ. Бөхөө хайрлан хүндэлдэг хүн ардынхаа, Сэлэнгэ түмнийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж энэ эрхэм цолыг хүртсэндээ маш их баярласан. Түрүүлсний дараа Төв цэнгэлдэх хүрээлэнд суусан наадамчин олны алга ташилт, уухайлж байгаа тэр их түрлэг, баярласан дуу хөөрийг сонсоод "Ард олон минь намайг наадмаар түрүүлээсэй гэж үнэхээр хүсэн хүлээж байжээ" гэсэн бодол төрсөн. Уухайн түрлэг хайрласан ард түмэндээ гүн хүндэтгэл илэрхийж, энэ агуу цол, алдар хүндийг би хайрлан хүндэтгэж явах болно оо.

Барилдахаа болихоор ханинхаа тогоог барина гэж  боддог юм шүү дээ


-Таныг аварга болоход танаас дутахгүй баярласан хүн ээжий тань байсан болов уу? Ээжийгээ бас ингэж сайхан баярлуулна гэдэг хүн болгонд олдоод байх хувь биш байх л даа?

-Хэрвээ эжий аав минь байгаагүй бол би төрөхгүй нь тодорхой. Бас намайг төрөхөд тосч өлгийдөж авсан тэр сайхан газар нутаг гээд юм бүхэн учир жанцантай, уялдаа холбоотой байдаг гэж би боддог юм. Тиймээс намайг төрүүлж өсгөсөн аав, ээждээ, нутаг усандаа л юу юунаас илүү баярлаж, сүсэглэж явдаг даа. Ээж болон гэр бүлийнхэн, ах дүү, нутаг орны хүмүүсийн баярласан талархсан сэтгэлийг мэдрэх шиг сайхан зүйл хаана ч байгаагүй. Сэлэнгэ нутгаасаа төрсөн анхны аварга болж тэр хэрээр одоо нутаг орноосоо бөхийн залгамж халаа бэлдэх ажилд өөрийн чадах чинээгээр хувь нэмрээ оруулчих гээд л зүтгэж явна даа.

-Уяачдын наадам дээрээс ээж рүүгээ явсан гэж дуулсан?

-Тэгсээн. Уяачдын наадам дээр оччихоод тэндээсээ шууд ээж рүүгээ очсон.

-Хүү нь аварга болоод очих тэр мөчид ээж тань үгээр хэлэхийн аргагүй баярласан байх даа?

-Өө, тэгэлгүй яахав. Эх хүн үр хүүхэд нь сайн сайхан явж байвал баяр бахдал нь тэр байдаг биз ээ. Тиймээс ээжийгээ нэг удаа ч гэсэн тэгж их баярлуулж чадсандаа дотроо их л өег явна даа, ах нь.

-Бас бөх хүний ар тал, гэр бүлээс амжилтынх нь тодорхой хэсэг шалтгаалдаг гэдэг шүү дээ?

-Үнэхээр тамирчин хүний ар тал бол хамгийн чухал зүйлийн нэг байдаг. Спорт гэдэг өөрөө их хүнд хэцүү зүйл. Цаг наргүй бэлтгэл гээд гэрийн бараа харахгүй шахам явцгаадаг. Тэр болгоныг зохицуулж авч явдаг хүн бол яах аргагүй гэр бүлийн маань хүн. Манай хүн спортыг маш сайн ойлгодог. Хэрвээ эхнэр нь спорт ойлгодоггүй, хүлээн зөвшөөрдөггүй бол хэцүү шүү дээ. Мөн үр хүүхэд бол биднийг спортоос, тэр их нервээс түр ч гэсэн салгадаг. Цаг үргэлж бэлтгэл сургууль, барилдаан бодож явдаг улс чинь гэртээ орж ирээд үр хүүхдээ хараад тэдэнтэйгээ тоглож наадахаар хамаг ядаргаа тайлагдаад хачин сайхан амралт болж байгаа юм л даа. Би чинь олон жил ханийгаа ажил төрөл хийлгэлгүй тогоогоо бариуллаа. Яваандаа барилдахаа болихоороо ханийнхаа тогоог барина гэж бодож байгаа шүү дээ /инээв/. Юм гэдэг чинь цаанатай наанатай, ээлж дараатай байдаг хорвоо.

-Таны гэргий ямар ажил мэргэжлийн хүн билээ?

-Банксанхүүгийн мэргэжилтэй юм шүү дээ. Уг нь надтай суухаасаа өмнө мэргэжлээрээ ажилладаг байсан юм. Тэгсэн би гэдэг хүн жигтэйхэн том цолтой бөх болно гээд авгайгаа ажлаас нь гаргаад тогоогоо бариулчихсан байхгүй юу /инээв/. 10 гаруй жил миний ар талыг бат найдвартай авч яваа хүн дээ.

-Тэр том цол авна гэдэг мөрөөдөл талаар болоогүй нь сайхан шүү?

-Тийм, тийм. Олон жил мөрөөдөж явснаа биелүүлсэндээ их л баяртай яваа шүү дээ.

-Ховдын Т.Амартүвшин харцага та хоёрыг нэг айлын баз хүргэчүүл гэв үү?

-Яг нэг айлын хүргэн ч биш л дээ. Амартүвшингийн эхнэр манай эхнэр хоёр садан төрлийн улс юм билээ. Амраа бид хоёр аль эрт залуу бөх байхаасаа л үерхэж нөхөрлөж явсан хоёр. Тэгсэн сүүлд хоёулаа эхнэр авч гэр бүл зохиосон чинь хамаатан садны хүмүүсийг аваад суучихсан байсан.

Одоо ч гэсэн багш нартаа загнуулах үедээ загнуулаад л...

-Та нээрээ намар дэлхийн аварга болж бас фэнүүдээ баярлуулсан. Тэр тэмцээнийхээ талаар ярьж өгөөч?

-Нарангэрэл багш маань надад Жиу-жицу-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг оролцоод үз гэсэн санал тавиад. АНУ-ын Лос-Анжелес хотод болсон тэр тэмцээнд очиж оролцоод түрүүлж дэлхийн аварга болсон доо.

-Тэр барилдаан үндэсний бөхөөс хэр өөр вэ?

-Ерөнхийдөө жүдо бөхийн стильтэй барилдаан л даа.

-Та тэр бөхөөр өмнө бэлтгэл сургууль хийж байв уу?

-Өө, хийлгүй яахав. Манай Нарангэрэл багш чинь жүдо, самбын хүн. Тийм болохоор тэр төрлүүдийг суурь болгож бэлтгэл их хийлгэдэг л дээ. Одоо ч гэсэн.

-Та хүнд жинд нь түрүүлсэн гэсэн. Оролцож байгаа бөхчүүд нь хэр том нөхдүүд байна?

-Өө, том том. Би чинь биеэр багавтар талдаа хүн шүү дээ. Манай үндэсний бөхийнхөн дотор ч надаас том улс их олон байдаг шүү дээ /инээв/. Тамирчин хүн болсны хэрэг юу билээ. Бас нэг бөхийн төрлөөр дэлхийн аварга болсондоо баяртай яваа.

-Г.Элбэг багштайгаа хамт явсан уу?

-Тийм ээ. Элбэг багш, Нарангэрэл багш хоёртойгоо явсан. Ер нь Элбэг, Нарангэрэл, Энхтөр багш нартайгаа олон жил хамт явж байна даа. Эднийгээ дотроо их л хайрлаж, хүндэлж явдаг юм. Эд минь байгаагүй бол би ийм амжилт гаргах ч билүү, үгүй ч билүү? Одоо болтол багш нартаа загнуулаад явж байгаа хүн шүү дээ /инээв/.

-Аваргыг бас загнах уу?

-Загнуулах үедээ загнуулаад л... Багш нарын хувьд миний аварга цол хамаагүй шүү дээ. Бэлтгэлийн танхимд орсон л бол тэд багш, би шавь. Харин гадуур амьдрал ахуйн асуудал дээр бол найз нөхөд шиг, ах дүү шиг байж болдог юм.

-Та сая Ерөнхийлөгчийн цомын барилдаанд үзүүрлэлээ...?

-Сайхан барилдаан. Бөхчүүд маань ч их өндөр ач холбогдол өгч оролцдог болсон байна. Өрсөлдөөн ширүүн байсан шүү. Бөхчүүдийн бэлтгэлийн ир жигдэрчихсэн үе болохоор. Миний хувьд 2012 оны Ерөнхийлөгчийн цомын барилдаанд бэлдсэн хэрнээ нэгийн даваанд уначихсан. Харин энэ жил ерөнхийдөө бодолтой оролцсон л доо. Тэгээд үзүүрлэлээ.

-Ер нь монгол бөх танд юу өгсөн гэж боддог вэ?

-Үндэсний бөх маань хүнд ямар ч үнэ өртөггүйгээр зөв хүмүүжил олгодог зүйл. Аливаад тэсвэр хатуужилтай, ахас ихсээ хүндэтгэх жудаг, ёс суртахуун гээд маш олон зүйлийг бидэнд суулгаж өгдөг.

-Та бусдад үлгэр дуурайлтай хүн шиг санагддаг. Таныг арслан болдог жил нэг аймгийн цолтой залуу "Эрхэмээ арслан шиг төлөв даруу байж бэлтгэлээ л сайн хийгээд явж байхад нэг л өдөр амжилтанд хүрдэг юм байна шүү" гээд их л юм бодсон шинжтэй ярьж байсныг санаж байна?

-Спорт гэдэг хэдийгээр хурц дайчин байхыг шаарддагч гэлээ хүний төрөлхийн ааш араншин, эцэг эхээс өгсөн суурь хүмүүжил, багш нарын зааж сургасан эрдэм мэдлэг гэж байна. Би чинь дээрээ хоёр ахтай хүн. Хоёр ахынхаа даруулганд дэгтэй өссөн хүн шүү дээ. Ер нь төлөв даруу явлаа гээд муудчих биш. Энэ байдал маань хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлдэг юм болов уу даа.

-Та энэ жилийн наадмын 9 даваанд гарч барилдахдаа ямар мэхийг арай түлхүү хийсэн бол... Анзаарав уу, та?

-Наадмын бичлэгээ эргээд хардаг юм. Ер нь л хавирчихсан байна лээ. Гол гол даваанд энэ мэхээр л даваад байж.

-Бусад үед энэ мэхийг хийдэг байсан уу?

-Хааяа хийнэ ээ. Бэлтгэл дээр нэлээд давтдаг байсан. Ямар ч мэхийг олон давтаад ирэхээр дадал болно оо доо. Тэр нь л наадам дээр яг орж ирээд байсан юм шиг байгаа юм. Гэхдээ яг тэр бөхөд тэр даваанд хийнэ гэж зориулж бэлдсэн юмгүй. Ер нь сүүлийн үед жин нэмэгдээд босоо барилдаантай болчихоод байгаа. Тэрэнд маань тааруулж багш нар мэх давтуулаад байдаг байсан хэрэг.

-Танд ямар мэх их таалагддаг вэ? Өөрөө нэг их хийгээд байхгүй ч сурчихмаар санагддаг, аятайхан сэтгэгдэл төрүүлдэг мэх гэж байна биз?

-Байдаг шүү. Хүний хөл авч хаямаар л санагдаад байдаг юм /инээв/. Даанч жин нэмэгдчихээд тэр болгон хөл авч хаяж болохгүй л байна. Ганц удаа ч гэсэн хөл авч хаяж үзэх юмсан гэж их бодогддог шүү.

-Жин нэмээгүй байхдаа хөл авдаг байв уу?

-Авдаг байсан. Одоо хааяа бэлтгэл дээр , ганц нэг залуучуудын хөл авч хаячихаад үгүй мөн их баярлана. Наадамд ч худлаа байх, ядаж бөхийн өргөөний барилдаанд ганц удаа ч болсон хөл авч хаях юмсан гэж бараг мөрөөдөөд байгаа юм биш үү /тас тас хөхрөв/.

- Та жин нэмэгдчихээд гэж хэд хэд ярилаа. Жин одоо хэд байгаа юм бэ?

-145 кг орчим байгаа. Сая жаахан хасаад энэ.

-Ер нь таны жин хэр амархан нэмэгдэж, хасагддаг вэ? Санаагаараа бариад байж чадаж байна уу?

-Үгүй юм аа. Олон жил бэлтгэл хийсэн болохоор жаахан л бие тавираад амраад ирэхээр жин нэмэгдчих гээд байх юм. Байнга л биеэ чангалж байхгүй бол болохгүй байна. Нэг таргалвал овоо явчих шинжтэй шүү.

-Шинэ оны минь анхны дугаарт зочилсон танд гялайлаа. Аварга цолоо бататгаж ард олноо олон дахин баярлуулаарай. Таныг дахин төрийн наадамд түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Маш их баярлалаа. Тэр ерөөл бат орших болтугай. Бөх сониныхоо нийт уншигчдад 2014 ондоо хүсэл бүхэн нь биелсэн сайхан он жил байгаасай. Та нарынхаа итгэл сэтгэл, дэмжлэгээр бөхчүүд бид урамшиж, тэтгэгдэж явдаг юм шүү гээд нийт бөхчүүдийнхээ өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе дөө.
 

Ярилцсан С.Бадамгарав

Эх сурвалж: “Бөх” сонин