sonin.mn

-Танд энэ өдрийн мэнд хүргье. Таны ажил алба тавтай юу?

-Бөх сониныхоо уншигчдад шинэ оны мэнд хүргье. Бүгдээрээ тарган тавтай, сайхан өвөлжиж байна уу? Миний ажил төрөл тавтай, сайн байна аа.

-Та хотод ямар ажлаар ирэв?

-МҮОХ-ны бүх гишүүдийн хуралд суухаар ирсэн.

-Саяхан 19-20 насны залуучуудын АШБ-ыг та амжилттай зохион байгуулжээ. Тэр барилдааныхаа талаар ярьж өгнө үү?

-Монгол улсын заан, чөлөөт бөхийн ОУХМ Р.Давааням агсны нэрэмжит 19-20 настай залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан маань амжилттай сайхан болж өндөрлөлөө. Энэ барилдаан 1968 онд анх зохиогдож эхлээд нэг хэсэг дундаа тасраад сүүлийн жилүүдэд манай аймаг дахин зохион явуулж байгаа. Саяхан 15 настай бөхчүүдийн дунд анх удаа улсын аварга шалгаруулах барилдаан зохиолоо. 15 настай хүүхэд гэдэг даага л гэсэн үг шүү дээ. Монголчууд морио уралдуулахдаа даагыг даагатай, соёолонг соёолонтой нь уралдуулдаг уламжлалтай. Түүнтэй адил хүүхдийг нас насанд нь барилдуулж байгаад их спорт руу оруулвал их сайн гэдэг юм. Энэ шинжпэх ухааны үндэслэлтэй юм билээ.

-Энэ барилдаануудыг зохион байгуулж байгаагийн зорилго гэвэл...?

-Хөдөө орон нутагт ийм барилдаанууд зохиож байгаагийн утга учир гэвэл нэгдүгээр орон нутгийн үзэгчид маань шижигнэсэн залуусын сайхан барилдаан үзнэ. Хоёрдугаарт ирээдүйн аварга, арслан болох хүүхдүүдийг багад нь шинжээ хийнэ. Тэндээс л тив, дэлхий, олимпийн медальд хүрэх тамирчид төрөн гардаг шүү дээ. Дээхэн үед насаа дарж орох зэрэг асуудал гардаг байсан. Одоо бол тийм зүйл гарахааргүй сайхан болсон.

-Барилдаанд хэр олон хүүхэд оролцов?

-Арван таван настай хүүхдүүдийн барилдаанд 30 гаруй байгууллага, дэвжээний 80 гаруй хүүхэд оролцсон. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Бат-Оргил түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Даваадалай хоёрдугаарт байрт орж, Дарханы бөх гурваллаа. Энэ тэмцээнийг Бишрэлт трейд компани ивээн тэтгэж явуулсан. Гурван сая таван зуун мянган төгрөгөөр санхүүжүүлж, түрүүлсэн хүүхдэд 300,000 гэх мэтээр шагналын сан өндөртэй тэмцээн болсон.

-Ирээдүйтэй хүүхэд хэр олон харагдаж байна?

-Өө, олон байна, олон байна. Биеэ зөв авч яваад хичээн хөдөлмөрлөж чадвал сайхан бөх болохоор хүүхэд олон харагдсан. Ер нь бөх болох гэж байгаа хүүхэд оюунлаг, спортлог, өглөө эрт босдог, гутлаа гялалзтал тосолдог, үсээ тогтмол засуулчихдаг байх ёстой. Биеэ зөв авч явна гэдэг хамгийн эхний шалгуур мөн. Дээхнэ үед хүүхдийн шандас, харцага гээд сайхан цолнууд байдаг байлаа. Үүнийг сэргээлгэх талаар бөхийн холбоотой санал солилцоно гэж бодож байгаа.

-19-20 насны залуучуудын барилдаан ч бүр шимтэй сайхан болсон биз дээ?

-Сайхан болсоон. Энэ барилдаанд маань томчуудын барилдаанд орох гэхээр нас нь арай багадаад байдаг, өсвөрийн барилдаанд орох гэхээр арай томдоод байдаг тийм залуус ордог л доо. Энэ барилдаанаас улсын арслан Д.Азжаргал, у.г Д.Рагчаа, у.з Т.Санчир гээд одоо ид барилдаж буй олон сайхан бөх тодорч гарсан түүхтэй. Өсөх ирээдүйтэй, шижигнэсэн залуучуудын барилдаан үнэхээр үзүүштэй , сайхан болдог юм шүү дээ.

 

Энэ барилдаанаа дээр үед түрүүлж байсан улсын цолтой бөхчүүдийнх нь нэрэмжит болгож зохион байгуулах уламжлал тогтоож байгаа. Д.Мягмар заан, Г.Батсүх начин нарын нэрэмжит барилдааныг өмнө зохиосон. Энэ жил Р.Давааням зааны нэрэмжит болгон зохиолоо. Бөхчүүдийн маань гэр бүлийнхэн ч дуртай байдаг. Оролцогчдын тоо, чанар жилээс жилд нэмэгдэж байгаа. Аймаг, сум, бүр цаашлаад улсын цолтой бөх хүртэл оролцож байна. Энэ жил харцага болдог Хэнтийн Оюунболд гэхэд оролцох нас нь шүү дээ.

-Таны хувьд орон нутагт спортыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж яваа хүмүүсийн нэг. Дархандаа спортын ордон бариулахаар санаачлаад хөөцөлдөж байгаа гэж дуулсан. Тэр талаараа сонирхуулна уу?

-УИХ-ын гишүүн Хаянхярваа бид нар Дархан хотдоо маш сайхан спортын ордон цогцолбор бариулж байна. Уг нь 1998 онд патентаа авсан юм. Гадна барилгын ажил одоогоор 60 хувьтай явж байгаа. Мөнгө санхүүгийн байдлаас шалтгаалаад барилгын ажил жаахан удаарширч байгаа ч 2015 онд ашиглалтанд оруулахаар зорилт тавин ажиллаж байна. Бокс, бөх, тулааны гэх мэт заалуудтай, доод давхартаа ресторан, зочид буудалтай, монголд байхгүй өвөрмөц зохион байгуулалттай     сайхан ордон барьж байгаа. Бас аймаг цэргийн цолтой бөхчүүдийн цолны энгэрийн тэмдгийг анх санаачлан гаргаж ирсэн.

 

Яагаад үүнийг хийсэн гэхээр энэ сайхан бөхчүүдээ алдаршуулъя гэж бодсон. Тийм сайхан цол авчихсан хүн чинь тэрийгээ баталгаажуулсан энгэрийн тэмдгээ зүүгээд явахаар сэтгэл санаа дүүрэн сайхан явна биз дээ? Сумын цолтой бөх бол сумандаа бөх. Аймгийн цолтой нь аймагтаа, улсын цолтой нь улсдаа бөх. Эд нэгдэж байж монгол бөх гэдэг ам бүлийг бий болгодог шүү дээ. Тэгэхээр бид ямар архи дарс үйлдвэрлээд муу муухай зүйл хийгээд яваа биш. Сайхан зүйл хийж бүтээж явахад сэтгэл хүртэл өөдрөг сайхан байдаг. Санаа зөв бол заяа зөв өө гэж ардын маань сайхан үг байна.

-Та саяхан гавьяат цолныхоо найрыг хийжээ. Энэ дашрамд баяр хүргье?

-За баярлалаа. Бөхийнхөө, спортынхоо, олон сайхан найз нөхөд, ах дүүсийнхээ буян хишгээр төрийн ийм сайхан цол хүртсэндээ баяртай байна. Бид үргэлж "Таны ажил бүтвэл миний ажил бүтнэ, миний ажил бүтвэл таны ажил бүтнэ" гэсэн сэтгэлээр бусдад тус дэмтэй ажиллаж амьдрах ёстой. Ийм эерэг энерги, бодолтой явахад ажил аяндаа бүтээд л явчихдаг юм.

-Та олон сайхан шавь бэлдсэн хүн. Шавь нь амжилт гаргана гэдэг багш хүний хөдөлмөрийн үр шим биз дээ?

-Би өөрөө нэг их амжилт гаргачихсан бөх биш. Гэхдээ бөхийн спортод бүх насаа зориулсан хүн. Хүн дуртай ажлаа хийнэ гэдэг аз завшаан, хийж буй ажилдаа дуртай байна гэдэг аз жаргал юм гэж нэг сайхан үг байдаг даа. Тэр үг шиг л ажиллаж, амьдарч яваа хүн. Миний шавь нараас хамгийн оргил амжилт гаргасан хүн бол манай Х.Цагаанбаатар байна. Мөн спортын гавьяат тамирчин Баатарболд, чөлөөт бөхийн ОУХМ Баярсайхан нараас эхлээд 300 гаруй шавь байна.

 

Би одоо 4 дэх үеийнхээ шавь нарыг бэлдээд явж байна. Бөх хүн эхлээд унаж сурчихаад дараа нь хүнийг хаяж сурдаг гэсэн зарчмаар сургалтаа явуулдаг. Манайхан баахан олон хүүхэд секц дугуйланд хамруулаад     тэмцээн уралдаанд орох болоогүй байхад нь оруулдаг. Уналт заагаагүй байж бөхтэй барилдуулдаг. Унаж сураагүй хүүхдүүд чинь 1-2 унаад л болъё гээд хашраад зугтах жишээтэй.

-Та ямар учралаар энэ бөхийн спорт руу орчихов оо?

-Ерөнхийдөө мэдээ орсон цагаасаа хойш бөх их сонирхдог байсан. 1972 онд анх Баянмөнх аварга, Бүргэдаа гавьяат нарын барилдааныг хараад үнэхээр биширч байсан.Том болоод биеийн тамирын багш болно гэж боддог байсан, Тэр хүслээрээ тамирын сургуульд орж, 10 гаруй жил шигшээ багийн тамирчин байлаа. Дараа нь нэг хэсэг биеийн тамирын багш хийж, сүүлд удирдах ажил хийлээ. Надад цаг үргэлж спорт л бодогддог.

 

Би орой унтахдаа маргаашийнхаа ажлыг төлөвлөчинө. Тэгээд өглөө ажил руугаа явж байхдаа тийм юм хийвэл яахав, ийм юм хийвэл яахав гээд л бодно. Зав чөлөө гарвал ном унших дуртай. Ялангуяа ардын зүйр цэцэн үгнүүдийг унших дуртай. Би гэр орны ажилд үнэхээр муу. Ямар сайндаа эхнэр маань "Чи дандаа шавь нар, шавь нар л гэх юм. Өөрийнхөө хэдэн хүүхдийг ер тоохгүй юм аа" гэж гомдоллож байхав. Гэхдээ дандаа сайн сайхан энерги шингэсэн зүйл хийж байгаа болохоор ямар ч ажил цаагуураа бүтчихдэг л байхгүй юу.

-Таныг Дарханы Батлав л гэх юм. Та аль аймгийн ямар суманд төрсөн хүн бэ?

-Би Ховд аймгийн Манхан суманд 1959 онд төрсөн. Сумынхаа 8 жилийн дунд сургуулийг төгсөөд УБИС, Удирдлагын академи төгссөн. Багш дасгалжуулагч мэргэжилтэй.

-Гэр бүлээ танилцуулна уу?

-Манай гэр бүлийн хүн Баянхонгор аймгийн харьяат хүн бий. Манайх хоёр сайхан охинтой.

-Танд ажлын их амжилт хүсье?

-Баярлалаа.

С.Бадам

Эх сурвалж: “Бөх” сонин