Бөхийн өргөөгөөр тэр болгон үзэгдээд байдаггүй ховор бөхчүүдийн нэг улсын начин Д.Загдаа гуай гэнэт ороод ирлээ. Цолны хишгээ авахаар ирсэн гэнэ. Начны барилдаж явсан он жилүүдийн тухай бид хэсэгхэн зуур хөөрөлдлөө.
 
-Та Булган аймгийн Могод сумын хүн байх аа?
 
-Тиймээ. Булган аймгийн Могод сумын 2-р багт 1950 онд төрсөн. Бага, дунд сургуулиа дүүргээд эцэг эхтэйгээ мал маллаж байгаад 1967 оноос бөхтэй холбогдож, бөх болох гараагаа эхэлсэн хүн дээ. 1973 онд хотод орж ирээд Хүч нийгэмлэгт тамирчин цагдаагаар ажиллаж, амьдарсаар 2003 оны үед тэтгэвэртээ гарсан. Одоо ч ихэвчлэн Булган явдаг ажилтай өвгөн л байх юм байна шүү дээ. Гэр орон энд болохоор Булганд очихоороо наашаа санаа тавьдаг. Энд ирээд хэд хоночихоороо Могод бодогдоод явах гээд сүйд болчих юм /инээв/.
 
-Бөх болох сонирхол юунаас үүдэлтэй байсан бол...?
 
-Улсын заан Нямжавын хүү бид хоёр нэг ангид сурдаг байлаа. Тэр үед манай сум чинь хүүхэд болгонд зодог шуудаг хийж өгч барилдуулдаг байсан юм шүү дээ. УИХ-ын гишүүн байсан Содномдорж, Юндэнбал гээд миний үеийнхэн бүгд л тэгж зодог өмсөж, барилдаж ноцолдож өссөн. Бөхөд их дуртай, бөхөө их дэмждэг нутаг орон байсан юм.
 
Одоо харин тэр тал нь цөөрөөд, багасаад байх шиг байх юм. Харин манай холбооны МБХ сангаас монголынхоо сургууль бүрийг дэвсгэр хивс, зодог, номтой болгож байгааг дуулаад бидний үеийн орчин нөхцөл бүрдэх нь гээд баярлаж суух юм даа. Ээ, мөн ч буянтай ажил даа.
 
-Тэр үед чинь хүүхэд болгоныг зодогтой болгох сум ховор байсан байх аа?
 
-Ховор байлгүй яахав. Бодвол Нямжав зааны нөлөө, заавар зөвлөгөөгөөр л тэгж анхаарал тавьдаг байсан болов уу.
 
-Зодог өмсөөд барилдахаар дээлтэй барилдсанаас арай л өөр сэтгэгдэл төрнө биз дээ?
 
-Тэгэлгүй яахав. Бие хаа том болчихсон ч юм шиг, бяртай болчихсон ч юм шиг, барилдаан болгонд барилдаад түрүүлээд баймаар ч юм шиг санагдаад байдаг юм билээ /инээв/. Бага сургуулийн хүүхдүүд бүгд ялгаагүй зодог өмсөөд л барилддаг байж.
 
-Барилдаад анхны шагнал урамшлаа тэр үед авч байв уу?
 
-Авсаан. 60 мөнгөний дугуй еэвэнгээр шагнуулж байснаа мартдаггүй юм. Харамсалтай нь биднээс хойш тэр уламжлал тэгсгээд чимээгүй болсон бололтой юм билээ. Манай ангиас гэхэд талийгаач Лхагвасүрэн бид хоёр улсын начин болж байлаа. Тулгат Цэвээн, гавьяат жүжигчин Хишигдаваа нар байна.
 
Бид чинь нэг үеийн хүүхдүүд, зодог өмсөөд л барилддаг. Өмсгөлтэй болохоор хүүхдүүд ч их дуртай барилдана шүү дээ. Одоо тийм юм санаачилж хийдэг хүнгүй болж суманд, уг нь танайхаас ирээд ачаад явбал болох л газар. Өөрсдөө ч хийгээд авч болохгүй юм юу байна. Бүсгүйчүүд маань зүү барихаа больж байгааг засахад ч нэмэр болно доо.
 
-Танайханд барилддаг хүн байсан уу?
 
-Холын барилддаг удам байсан юм гэнэ лээ. Бидний мэдэхээр сайхан барилдаж байсан хүн гэвэл нэг авга ах минь байсан. Аймагтаа гайгүй л барилдчихдаг байсан юм. Ер нь манайхан их биерхүү, том улс байдаг. Тэгэхээр хоосонгүй л гэсэн үг. Би эцэг эхээс 12-уулаа. Эрэгтэйчүүд нь бүгд том биерхүү. Би бараг биеэр бага нь байх шүү.
 
Миний 3 эрэгтэй дүү бий. Жигтэйхэн том, том хүүхдүүд байсан, барилдсангүй. Хувийн шалтаг шалтгаан байсан байх аа. Нэг нь суманд жаахан барилдаж байгаад больчихсон. Би зодог шуудаг бэлдэж өгөөд ч дур сонирхол бага болоод тэр үү болоогүй дээ. Тэрнээс биш сайхан бие хаа, галбир төрх бол байсан шүү, манайханд.
 
-Та сум, аймгийн наадамд барилдаж цол авч байв уу?
 
-Би чинь сумаас л эхэлсэн хүн байхгүй юу. 1967 онд бүдүүн мориор зодог шуудаг худалдаж авч байлаа шүү дээ. Тэгээд 18-тай анх сумандаа түрүүлээд, 19-тэй дахин түрүүлсэн. Хоёр жил суманд түрүүлчихсэн "их том бөх" аймагт очиж барилдаад бүгдийг нь аваад шидчих юм бодсон чинь дөрвийн даваанд ойчлоо.
 
Дараа жил нь дахиж очоод түрүүлсэн, 22-той дахин түрүүллээ. Аймагт хоёр жил түрүүлчихсэн хүн чинь хотынхныг очиж арчиж өгнө гээд хот руу гарахгүй юу. Тэгсэн арчуулсаар байгаад таарсан /инээв/. 23-24-тэйдээ буюу 1973, 1974 онд улсын наадамд дөрөв даваад тавын даваанд ойчсон. Тэгээд 25-тайдаа нэг юм начин болж байлаа даа.
 
-Эхний жил Цэрэн аваргад унасан байдаг билүү?
 
-Тэгсэн. Дараа жил нь Эрдэнэ-Очир гуайд унаад. Тэр үед дөрөв давчихсан хэрнээ гуйх энэ тэрийг мэдэх биш. Гарч барилдаад л унаж байсан. Тэгээд 1975 онд начин болж аваад түүнээс хойш нэг их шамдаж барилдаагүй. Хүмүүс намайг эрт больсон, залхуурсан ухааны юм ярьдаг гэсэн. Би өөрөө нэрэлхээд нэг их хүид хэлж яриагүй болохоос биш гар ерөнхийдөө жаахан эвгүй болчихоод барилдахад төвөгтэй болчихсон байсан юмаа. Хамгийн сүүлд 1979 онд бас нэг дөрөв давсан.
 
-Таныг начин болоход хэн хэн начин болж байв?
 
-Цэнд-Аюуш, Амгаа, Гочоосүрэн бид нар чинь нэг оны начин, он жавууд байхгүй юу. Бас Ишгэн байна. Бид хоорондоо 1-2 насны зөрөөтэй. Амгаа бид хоёр чинь нэг аймгаас зэрэг начин болж байлаа. Бидний өмнө 1969 онд билүү дээ, Ч.Лундаа, Д.Галдандагва, Л.Хишигсүрэн нар бас зэрэг начин болж байсан байх шүү.
 
-Та СТО, Анагаахын дээд зэрэг газарт болдог барилдаануудад хэр барилддаг байсан бэ7
 
-Барилдана аа, барилдана. Гэхдээ хоёроос дээш давж үзээгүй. Тэр үед их ч цөөхөн бөх барилддаг байж. Дээд тал нь л 32-64 барилдана шүү дээ. Гурав даваад л шөвгөрчих жишээний.
 
-Ажил алба гээд барилдах зав бага байсан юм болов уу?
 
-За бараг л тийм дээ. Би цагдаагийн албаа голлож хийнэ. Цагдаагийн ажил чинь хямгатай, цагтай, сүртэй, заавал байх шаардлагатай байдаг юм шүү дээ. Хааяа завсар чөлөөгөөрөө л барилдана.
 
-Бөхийн бусад төрлөөр барилдсан уу, та?
 
-Чөлөөт, жүдо, самбо аль алинаар нь л барилдаж явлаа. Ирээдүйтэй, амжилт гаргахаар гэх зүйл байгаагүй. Самбоор л арай дөнгүүр барилдсан байх. Спортын мастерын болзол хангасан. Улсын аваргад түрүүлж байлаа.
 
-Таны үеийнхнээс хамгийн бяртай, мэхтэй нь хэн хэн байв даа?
 
-Өө, олон олон. Манай Галдандагва, Амгаа гээд бяртай бөхчүүд байсан. Би ч нутгийнхнаа л их магтах дуртай даа. Одоо манай сумаас ганц Э.Энхбат маань л барилдаж байгаа. Энхбатынхаа барилдааныг хараад л ийш тийшээ утасдаад бөөн юм болно. Тэрэнтэй тэгж барилдлаа, энэнтэй ингэж барилдлаа харав уу гэж утасдаад нэгжгүй болж байгаа хүн дээ /инээв/.
 
-Та начин болохдоо өндөр, жин хэд байсан бол...?
 
-Өө, нэг их шалихгүй ээ. Өндөр 170 хэдтэй, жин 90 орчим л байсан байх. Би тийм ч том хүн биш. Жижгэвтэр, хөнгөн жингийн л бөх. Барилдахаа больсноос хойш жаахан таргалсан байх шүү.
 
-Ямар мэхийг голлож хийдэг байв?
 
-Яг дархан гээд хэлчихээр мэх ч ховор доо. Гэхдээ зүгээр зогсдоггүй, юм юмны зах оролдож, тэрийгээ дутуу дулимаг хийдэг, хөдөлгөөнтэй л барилддаг байж.
 
-Та цагаан сарын барилдаанд барилдаж байв уу?
 
-Барилдсаан. Хоёр л давж байсан. Бидний үед шөвгийн 16-д үлдэх бөхчүүд нь бараг тодорхой болохоор бага начин цолтнууд шөвгөрөх нь ховор байсан цаг. Одоо бол аймгийн цолтон ч түрүүлээд байж мэдэхээр болсон байна.
 
-Хот, хөдөөгийн хооронд ямар ажил залгуулж байна даа, одоо?
 
-Хөдөө очихоороо морь унасан өвгөн л байдаг юм. Надаас өөр морь унаж байгаа хүн байхгүй болж. Ядаж намайг дуурайгаад морио унадаг болоосой гэж эмээл хазаар бэлдэж, мориныхоо дэлийг гоё засаж унаад л шогшоод байх юм. Мотоцикл, машинаар малаа хөөж явна гэдэг хаанахын ёс вэ?
 
Өнөө сайхан монгол ахуй, соёл хаана байна гээд л хий бухимдах юм. Хөдөөд уг нь адуу мал нь их өсчээ. Тэр адуун дотор нь өчнөөн сайхан атар, тарган морьд байдаг. Сургаад унах хүнгүй болж. Тэрний оронд алаад л хотруу ачуулаад байх юм.
 
Сая Данзан тэргүүнтэй хуучилж байхад морьдыг хүний эрүүл мэндийн тусын тулд ашигламаар их ухаалаг санаа хэлж байна. Дүү нартаа хэлж, ажил болгохсон гэж бодож байна. Нас ахисан монгол эрчүүд өдөрт 10 км газар мориор алхуулан, шогшуулаад, завсарт нь сайхан айраг уугаад хэд хоног амарчих мөн ч сайхан аа даа.
 
-Та түрүүн ном их уншдаг гэж хэлэв үү дээ?
 
-Ном харнаа бас. Хааяа хот орж ирэхээрээ бөхийн холбоогоороо ирээд хэдэн ном аваад явна. Өөрөө эхлээд уншиж, тэмдэглэж аваад "энд тийм сайхан зүйл бичсэн байна, тийм хэрэгтэй зүйл бичсэн байна үз, хар" гээд л... Зарим нь сонирхоно, зарим нь ч үзэхгүй. Хоёр тэргүүнийхээ бичсэн номыг их уншина. Лут зүйлүүд бичнэ шүү дээ.
 
Одооны хүмүүс ном унших нь ховордчихжээ бас. Янз бүрийн солонгос кино энэ тэрийг үзэх би үнэхээр дургүй. Ойлгож үзэхийг хүсдэггүй. Эхнэртэйгээ үүнээс болж бага сага маргана аа. Иймэрхүү л амьдрал дунд тэтгэвэрт гарснаасаа хойш явж байх юм. Өнөөдөр ирж Монгол бөхийн нэвтэрхий толио авлаа. Одоо очоод уншиж өгнө дөө.
 
-Хоньчин баатар Очир гуайн номыг уншаад их сэтгэгдэл төржээ, танд?
 
-Тэгэлгүй яахав. Яасан ч мундаг хүн байсан юм бэ дээ. Одооны залуу малчид уншаад ойлгож авахаар юм мөн ч их байна. Зүгээр нэг жишээ хэлэхэд сумын наадмын эх насны морь гарах гэж байхад тойрч байгаа морьдыг харчихаад "Уг нь өнөөдөр уралдмааргүй дөрвөн морь энэ дотор байна даа. Эзэнд нь хэлбэл дургүйцэх л байх даа" гэсэн гэдэг. Гэтэл тэр дөрвөн морь нь бахардаад үхсэн гэж байгаа. Ийм л мундаг. Хонь, маланд хайртай гэдэг нь гайхалтай хүн байж дээ.
 
-Бөхөө зурагтаар л үзэж байна уу?
 
-Ер нь л зурагтаар үзнэ дээ. Манайх 22-ийн товчооны цаана байдаг юм. Тэгээд ирж үзээд байж чадахгүй болохоор сүүлийн үеийнхнийг хараад танихгүй юм. Нэрийг нь болохоор мэдээд байдаг. Би бөхийн хөгжлийг ёстой шүтэж байдаг хүн. Ийм олон бөх барилдаж байна. Тэдний хувцас, өмсгөл, бие бялдар гээд бүх юм нь тэгширчихсэн.
 
Улам л хөгжөөд боловсронгуй болоод байгаа шүү дээ. Энэ бүхэн чинь манай бөхийн холбооны ажлын буян шүү дээ. залуу бөхчүүд маань энэ учрыг сайн ухаарч мэдэж, аливаад дотроо бодолтой, дороо суурьтай хандаж сурах хэрэгтэй юм даа.
 
-Таны үед бэлтгэлийг хэр хийдэг байв?
 
-Яахав дээ. Албан газраасаа гуйсан болоод Сонгино, Сүүжид наадмын бэлтгэл гэж гарна. Бусад үед ч гэсэн бэлтгэл гэж нэг их сүйд болоод байхгүй ээ. Ажлаа хийж явж байгаад л барилдацгаачихдаг байсан.
 
-Та биеийнхээ аль хэсэгт арай түлхүү бяртай байв?
 
-Ээ мэдэхгүй. Би ч гарын атгалт жаахан муу талдаа. Харин хоёр мөр халаа сайтай байсан шүү.
 
-Ерөнхийдөө хөдөлгөөнтэй л барилддаг байж дээ?
 
-Тийм ээ. Нэг их уяад зогсоод байдаггүй л байсан. Солгой талтай.
 
-Та нээрээ эодог урладаг гэв үү?
 
-Нэг их олныг хийгээгүй ээ. Өөртөө 2-3-ийг бас дүү нар болон хүүхдүүддээ ганц нэгийг хийж өгсөн. Ямар ч байсан өмсөхөд их эвтэйхэн л болсон байдаг юм. Ер нь миний үеийнхэн чинь ихэвчлэн өөрсдөө өмсгөлөө оёод өмсчихдөг байсан шүү дээ. Цэрэн аваргаас эхлээд. Одоо ч нас ахиад зодог шуудаг оёохоо бараг больсоон.
 
-Хүүхдүүдээс чинь барилдах нь уу?
 
-Манайх гурван бандитай. Бага нь жаахан барилдмаар байсан. Ажил алба гээд бас больж байх шиг байна. Өөрсдөө дуртай биш болохоор хүчлэх аргагүй юм. Манай өнөөх хоёр дүү бас тэр. Уг нь заавал цол авах албагүй зүгээр сайхан барилддаг байж болно шүү дээ. Манай холбооноос бий болгоод явуулаад байгаа нийтийн монгол бөхийн барилдаан тун зөв ажил даа. Бөх биш залууст барилдах бололцоо олгож байгаа хэрэг.
 
-Танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
 
-За баярлалаа. Та бүхэн бас сайхан шинэлээрэй.
 
С.Бадамграв 
 
Эх сурвалж: "Бөх" сонин