sonin.mn

Нэгэн цагт монгол бөхийн дэвжээг чимж явсан хүчтэнүүдийн нэг "Хужаа" хэмээх Ө.Чүлтэмсүрэн арспангийн урьд өмнө хэвлэлд гарч байгаагүй нэгэн сонирхолтой ярилцлагыг уншигчдадаа хүргэе.

Тэртээ 1970-аад оны үед Төв аймгийн Баянчандмань сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Дорждамба гэдэг хүн тус сумын нутагт отрын адуу хариулж байсан "хужаа" Ө.Чүлтэмсүрэн арслантай ойр дотно байж уг ярилцлагыг авснаа сумынхаа архивт хадгалуулжээ.

Харин саяхан Дорждамба агсны үр хүүхдүүд гap бичмэлээрээ хадгалагдаж буй энэ ярилцлагыг манай сонины редакцад авчирч өгснийг та бүхэндээ хүргэж байна.

Өмнөө байгаа хүнийг ажваас бага зэрэг үрчлээ суусан шаравтар царай нь насжиж яваа янзтай боловч яралзсан цагаан шүдтэй агаад шанаа түүшүү нь өргөн, шилэн хүзүүгээрээ дорвилог бүдүүн ажээ.

Барилдаж явсан хүн юм аа гэтэл чих нь шуумайж, хуруу нь мойнийж эвдрээгүй болохоор гаднаас нь хараад мэдэхэд бас ч бэрхтэй. Яриа хөөрөө нь залирхаг байдалтай, үе үе инээд хүргэсэн шог үг хэлж сууна. Гэсэн ч энэ хүн бол саяхан болтол тун сайн барилдаж, улс даяар гайхагдаж явсан нэртэй бөхийн нэг билээ.

-Арслан та барилдаж явсан үеэсээ ярьж өгөхгүй юу?

-Хүнд яриад байхаар гойд сайн барилдаж байсан биш дээ. Монголын 26 онд /1936 онд/ цэргийн наадамд нутгаасаа ирж Сэлэнгийн Данигай заанаар 5 даваад Мөнгөнморьтын Чимэд арсланд унасан. Улсын наадамд анх эхэлж барилдсан минь энэ гээд улс, хувьсгалын ойн их баяр наадмуудад хэрхэн барилдаж байсныгаа ингэж ярьсан билээ.

 -Би 1936 оноос улсын наадамд 6 жил дараалан 5 давсан билээ.
1937 онд Архангайн Лувсанжамц арсланд
1938 онд мөн аймгийн Төрбат арсланд,
1939 онд Түвдэндоржид,
1940 онд Авзагын Наваан заанд зургаагийн даваанд унасан юм.

Сайчуулд ингэж нухлагдаж явсны минь хэрэг бүтэж 1942 оны улсын баяр наадамд Завханы нахиу Санжсүрэн арсланга орхиж түрүүлсэн билээ.

Намайг цэрэгт байх тэр жил цаг төр тайвангүй, дайны үе байсан сан. Маршал Чойбалсан намайг түрүүлэхэд их талархаж, "Улсын хүч нь цэрэгтээ Цэргийн хүч нь сахилгатаа байдаг. Чи сайн бөх болох хүү байна" гээд нутагт минь 2 сарын чөлөөгөөр явуулж байсан нь санаанаас ер гардаггүй юм.

-Таныг бөх болоход юу их тус болсон гэж та санадаг вэ?

-Барилдаж сурахад сайн засуул их юм сургадаг. Намайг ид л барилдаж байх үед Дорги шандас гэдэг засуул манай нутагт байсан. Тэр надад их юм сургасан хүн дээ. Тэр хүн өрж байхад гар атгах, нүд цавчихыг цээрлэдэг сайн талаа хүний өмнө тавьж яв гэдэгсэн. Одоогоор бол дасгалжуулагч юм биз дээ.

-Та ер нь голдуу ямар мэхэнд барилддаг байв?

-Би бяртай бөх байгаагүй юм. Гэхдээ нударга сайтай хүн намайг нударгалж унагахаас биш, хэр тааруу хүн над мэх хийдэггүй байлаа. Би ер нь наадамд барилдаж байгаа бөхчүүдийг бүр барилдаж эхлэхээс нь аваад хийдэг мэх, ялимгүй сул талыг нь ч хүртэл ажиглан мэдэхийг хичээж, ингэснээрээ хэнтэй барилдвал ямар мэх хийж болохыг урьдчилан өөртөө тогтоож авдаг байсан.

Барилдахаар өрөхдөө би цаад бөхийнхөө чухам тэндээс нь барьж авна гэж бодсон тал руугаа биш, нөгөө тал руу нь анхаарч байгаа дүр үзүүлэн эсрэг бөхөө төөрөлдүүлж байгаад жинхэнэ бариад авахдаа анхныхаа төлөвлөснийг хийж хаядаг байсан. Хүний мэхийг мэхээр хариулахыг их хичээх хэрэгтэй.

Мэхийг хариулах олон арга байдаг. Өөрийнхөө хийж явсан мэхний тухай ярихад суйлхсан хүнийг зайлж гуядах, тонгорсон хүнийг хөших, дэгээдсэнийг дэгээтэй хөлөөр нь хавирах гээд л хариу мэх алиныг тэр гэх вэ? Гүйдэг хүнийг сөрөхөөс өөр аргагүй юм шиг санагддаг, ухарсан хүн заавал ойчдог юм.

Өмсдөг хүнийг бол өмсөх гэхтэй нь зэрэг өвдгийг нь тулаад авах хэрэгтэй. Цэрвүү барьцтай хүнийг гарыг нь дороос нь жаахан өргөвөл л хүч нь саараад ирдэг. Улсад анхны жил намайг начин болгодог Сэлэнгийн Данигай арслан бол мөр алгадаж, гударч дайрдаг хүн байсан.

Тэр мэхээрээ мөр түлхээд дайрахад нь би гарыг нь дээш алгадчихсан чинь мөрөн дээгүүр даваад ирэхээр нь сугараад хаячихаж байсан. Бас өлгөх гэж сайхан мэх бий. Би нэг үе баруун, солгойгүй өлгөдөг, зайлж тонгордог, лав цэрвүү алинаар нь ч барилддаг байлаа. Мэхийг хүнээс өрсөж хийвэл даамай болдог.

Тэгээд ер нь цаад хүнийхээ муу талыг л урьдаас сайтар судалж мэдсэн байх нь чухал. Үүний хүчээр л би хэдэн жил бузгай барилдсан юм. нэг үе унасан, хаясан 2-ыг ялгаагүйд бодож явлаа. Тийм хүнтэй тэгж барилдаад уначихлаа гэх юм байдаггүй, яагаад ч юм уначихсан л байдаг байв.

-Та сэтгэлдээ үлдсэн содон барилдаанаасаа заримыг хэлж өгнө үү?

-Юугаа ч сэдэлгүй уначих, унадгийн даваан дээр хаячихдаг явдал бишгүй л тохиолдож байсан. Тэр болгоныг санахгүй байна. Нэг зун Завханы Товууч заан гэдэг сайхан залуу улсын наадамд ирсэн сэн. Хүч чадал ихтэй биерхүү тэр заанаас бөхчүүд жаахан хулгас хийгээд л байв. Дөрвийн даваанд билүү дээ, бид хоёр таардаг байна.

Товууч намайг барьж авангуут хоёр суганаас хавчиж өргөөд толгой дээрээ гаргаад ирлээ. Би ч хий дэмий толгойноос нь зуурчихаад л байв. наадамчид тал талаас арагш нь хая, одоо гүйцээ гээд л шуугилдлаа.

Нөгөө бөх маань намайг хаях эвээ сайн олохгүй сууж, босож, үзэж өргөж байснаа суунгуут толгой дээгүүрээ ар тийш нь давуулаад хаяж орхисон нь би уналгүй ард нь гараараа тулж тогтохдоо ээтэн гутлынхаа хоншоороор эрүүнээс нь өлгөөд арагш нь суулгачихаж байсан юм. Тун түргэн хугацаанд болсон хэрэг шүү.

Тийм богино хугацаанд миний ийм мэх санасан нь барагтай хэрэг. Харин азаар, гутлын маань хошуу л тэгж таарсан байлгүй гэж одоо боддог юм. би хүнийг ер нь дарлаж /хүчээр давамгайлж/ унагаж байгаагүй. Энэ мэтчилэн самбаа хүнд хэрэгтэй гэж байгаагаас биш, би өөрийгеө тийм сүрхий байсан гэж байгаа юм биш шүү.

Барилдаад цаад бөхийгөө давамгайлаад ирэхэд нь одоо би дийлэхээсээ өнгөрлөө гэж бодож болохгүй, унаж унатлаа юм санаж хийх хэрэгтэй. Архангайн Найдандорж начин төв аймгийн наадамд намайг өмсөж дээр гаргаж ирээд яг тавьдаг дээр нь би ачаад унагачихаж байсан. Өөрөө мэх хийхгүй юм уу, цаад хүнийхээ хийсэнд хариу өгөхгүй байснаас л хүн уначихдаг юм. ,

-Та улсын наадамд түрүүлснээсээ хойших жилүүдэд хэр зэрэг амжилттай барилдаж байв?

-Түрүүлснээсээ хойш 1944, 1946, 1948, 1949 онуудад дөрөвт үлдэж, улс хувьсгалын 29 жилийн ойгоор Чимэд-Очиртой үлдээд үзүүрлэсэн. Хэдэн жил өнжөөд хамгийн сүүлд 1958 онд 6 даваад Чойжилсүрэн арсланд унасан. Түүнээс хойш барилдаагүй.    Энэ тоглоомыг /барилдааныг/ би арай л эрт орхисон юм.

-Та өөрийнхөө үеийн уран барилдаантай сайн бөхчүүдээс нэрлэнэ үү?

-Мөнгөнморьтын Чимэд арслан, Завханы урт гарт Лхагваа хоёрыг би тэр үедээ сайн бөхчүүд байсан гэж санадаг. Лхагваа арслан гэж өлгөх, суйлах, тонгорох олон мэхийг угсруулан хийдэг, бяр тэнхээ ихтэй үнэхээр сайн бөх дөө. Барилдаж байхыг нь харахад бахадмаар байдагсан.

Түүний дараахан Түвдэндорж аварга олонд их алдаршжээ. Чимэд-Очир аварга бяр мэх тэгшхэн барилдаан сайтай бөх байгаа юм. Манайхны "Дэрэн бор" гэж нэрлэдэг Самданжигмэд арслан бас л давхар давхар олон мэх хийдэг сайн бөхийн нэг дээ.

-Түвдэндорж аваргатай та олон удаа барилдсан уу?

-Би Түвдэндоржтой 6 барилдаж, гурав орхисон юм. Жирийн барилдаанд унагачихдаг байсан мөртөө улсын наадамд хоёр удаа ойчсон юм даа. Хаях учиргүй юман дээрээ л хаяад байсан хэрэг.

-Таныг яагаад "хужаа" гэх болсон юм бэ?

-Би угийн хуржгар шар царайтай болохоор эцэг минь намайг "хужий" гэдэг байсан. Тэр нь явсаар сүүлдээ "хужаа" болчихдог байгаа. Харин би яах аргагүй монгол газрын монгол хүүхэд шүү.

-Одоогийн бөхчүүдээс та хэнийг нь онцолж үзэх вэ?

-Аварга Дамдин, Мөнхбат, Баянмөнх нар аргагүй л сайн улс. Тэр дундаа Дамдин нь бүр гаргуун сайн бөх. Энэ хоёр /Мөнхбат, Баянмөнх/ гарч ирээгүй бол Дамдин нэг хэсэгтээ дийлдэхгүй байх улс. Ер нь одооны бөх, ясны бөх гэж байдаг гэж хууччуул хэлдэг. Манай Дамдин аварга бол ёстой ясны бөх байгаа юм.

-Та манай үндэсний болон чөлөөт барилдааны залуу бөхчүүдэд юуг голчлон сургаж хэлмээр байна?

-Цаад барилдах бөхийнхөө барилдааны арга мэх, сайн муу талыг сайтар судалж, барилдахыг захих байна. Бөх хүнд заавал сайн муу тал гэж байдаг. Чухам тэр сул талыг нь барилдааны бүр эхнээс ажиглаж мэдэх нь чухал юм шүү.

Манайд сүүлийн үед чөлөөт барилдаан их хөгжиж, манайхны залуу бөхчүүд дэлхийн тавцанд энэ барилдаанаар улсынхаа нэрийг мандуулж байгаад нь би урьд өмнө ноцолдож явсны хувьд баярлаж байдаг гэсэн билээ.

Ийнхүү Хөвсгөл аймгийн Бүрэн сумын харьяат БНМАУ-ын хурц арслан "хужаа" хэмээх Өлзийтийн Чүлтэмсүрэн гуайтай уулзан өнгөрөх хугацаанд ярилцсан яриа маань энэ. Чүлтэмсүрэн гуай энэ жил 49 настай. Төв аймгийн Баянчандмань суманд суурь адуу хариулж, хусан уурга суналзуулаад идэрхэн эр шиг гялалзаж явна.

Д.Дорждамба /Төв, Баянчандмань дунд сургуулийн захирал/

Эх сурвалж: “Бөх” сонин