sonin.mn

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс санаачлан "Туяа Иога" төвтэй хамтран Нийслэл хотын иргэдийг эрүүлжүүлэх, хөдөлгөөний идэвхийг сайжруулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, идэвхитэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн "Эрүүл орчин-Идэвхитэй хөдөлгөөн" сэдэвт нийтийн өглөөний дасгал аяныг эхлүүллээ.

Уг аян дөрөвдүгээр сарын турш амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд явагдах юм. Эхний өдрийн дасгалд 200 гаруй иргэд оролцож мэргэжлийн багшаар заалгасандаа сэтгэл өндөр байна. Энэ үеэр "Туяа Иога" төвийн багш н.Гантуяатай цөөн хором ярилцлаа.

-Аяныхаа талаар танилцуулахгүй юу?

-Би хөдөлгөөний чиглэлээр зургаан жил багшилж байна. Нийслэлчүүд хэт хотжоод байгаатай холбогдуулан амралтын өдрүүдэд иргэдийнхээ стресийг тайлах зорилгоор энэ сарын турш "Эрүүл орчин-Идэвхитэй хөдөлгөөн" аян зохион байгуулж байгаа юм. Тиймээс иргэд энэхүү цаг үеэ олсон боломжийг алдахгүй байх хэрэгтэй.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ч иргэдийн ая тухтай орчинг цогцлоохын тулд 2,5 дугуйн болон гүйлтийн зам, явган хүний замыг бий болгосноор слортоор хичээллэх боломжийг бүрдүүлж өгснөөрөө ард иргэд олноор ирж дасгал хөдөлгөөн хийж байна. Мөн аливаа дасгал хөдөлгөөнийг хийхэд тодорхой хэмжээний орчин чухал байдаг.

Энэ үүднээс 22 нэр төрлийн 100 мянга гаруй мод, бут сөөгийг арчлан ургуулж байгаа. Ингэж ногоон эко орчныг бүрдүүлснээр эрүүл орчинг улам бий болгож өгч байгаа юм Өдрөөс өдөрт манайхаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж багцаагаар өдөрт 2000 гаруй хүн, 500 гаруй машин орж гарч байна.

-Энэхүү сарын аянд нэгдсэний ач холбогдол юу вэ?

-Дасгал хөдөлгөөн хийснээр хүн эрүүлжих, гоо сайхан болон сэтгэл зүйн хувьд маш их ач холбогдолтой. Тухайлбал, бүх талын эерэг мэдээллүүдийг хөдөлгөөнөөс авч, амралтын өдрүүдийг гэр бүл, хамт олноороо зөв зохистой өнгөрүүлэх, зугаалах стреснээс ангижирч сэтгэл санаа тогтворжин анхаарал сайжирна.

Эрч хүчтэй, эрүүл чийрэг болгох, сэтгэл санаагаар унахаа болих, ядаргаанаас салах, толгой өвдөхөөс ангижирна. Мөн уур уцаар багасч тайван амгалан болж, амьдралын эрч хүч, идэвх санаачилга нэмэгдэнэ. Биеийн уян хатан байдал сунгалт сайжирч, хөшинг байдлаас гарна.

Яс булчин үе мөчний үйл ажиллагаа идэвхижиж бэхжинэ. Дархлаа сайжирч өвчлөлөөс сэргийлнэ. Бие хөнгөрч нойрондоо сайжирна. Цэвэр агаарт алхаад дасгал хийгээд, цээж дүүрэн амьсгалаад, нар тэнгэр рүүгээ харахад сэтгэл уужирч сайхан тайвширдаг.

Дасгалд насны хязгаар байхгүй. Бүх хүмүүс үйлчлүүлж өөрсдөдөө тохирсон дасгалыг хийж болно. Хамгийн гол нь хавар болоод өдөр уртсаж байгаа энэ үед хүмүүсийн бүтэн жил хуримтлагдсан стресээ тайлахад тус болохыг зорьж байгаа.

-Хөдөлгөөний дутагдал аль насныханд илүү байна вэ?

-Судалгаанаас үзэхэд өсвөр наснаас эхлээд хөдөлгөөний дутагдалд орж байна. Энэ ухамсар нь хэтэрхий давамгайлаад чөлөөтэй хөдлөх газар нь хомсдоод нийтийг биеийн тамиржуулах асуудал бага байгаатай холбоотой. Дээр нь чөлөөт цагаа өнгөрөөхдөө эрүүлжих тал дээр анхаарахгүй байгаагаас сөрөг талууд их гарч байгаа юм.

Жич: иргэд гүйх, нарлах, дугуй унах, дасгал хийх зэргээр эрүүл мэнддээ нэлээд анхаарч байсан юм. Харин дөрвөн хүний саравчтай дугуй-7000, хоёр хүний саравчтай хос дугуй-5000, гурван хүний цуваа дугуй -3000, дан дугуй-2000 төгрөгөөр тус тус үйлчилдэг юм байна.

Д.Нэргүй

Эх сурвалж: