sonin.mn

Гандболын олон улсын цомын төлөөх тэмцээн энэ сарын 15-19 -ний өдрүүдэд Буянт Ухаа цогцолборт болно. Энэ талаар Монголын Гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайханаас тодрууллаа.

-Энэ удаагийн олон улсын тэмцээнд хичнээн баг тамирчид оролцох вэ?

-Модон бөмбөгийн холбоо байгуулагдаад 20 гаруй жил болж байгаа. Энэ хугацаанд анхныхаа тэмцээнийг олон улсын гандболын холбооны зөвшөөрлөөр ССАЖЯ-тай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Засгийн газрын тогтоол, ССАЖЯ-ны сайдын тушаал гарсан.

Мөн ССАЖЯ-ны дэд сайд Түмэнжаргалаар ахлуулсан зохион байгуулах хороо ажиллаж байгаа. Харин ажлын албаны үүргийг Монголын гандболын холбоо гүйцэтгэж байна.

Тэмцээнд Азийн зүүн болон зүүн өмнөд хэсгийн зургаан орны баг тамирчид оролцохоор олон улсын байгууллагаас шийдвэрлэсэн. Тухайлбал БНАСАУ, Тайвань, Макао, Хонгконг, Вьетнам зэрэг орнууд оролцоно. Нийтдээ арван баг оролцохоос эрэгтэй таван баг, эмэгтэй таван баг байх юм.

-Тоглолтын журам ямар байх вэ?
-Бүх багууд хоорондоо тойргоор тоглоод олон хожилтой нь олон улсын тэмцээний жишгээр алт мөнгө, хүрэл медаль, цомын эзэд болно. Нийтдээ таван өдрийн тоглолт байгаа. Бүх орны шүүгчид ирнэ. Тэдний хооронд олон улсын Гандболын холбооны сургагч багш нар сургалт явуулах юм. Эдгээр ажлуудыг бүрэн дүүрэн гүйцэтгэхийн тулд олон төрлийн ажлуудыг хийлээ.

-Бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?

-Бэлтгэл ажил үндсэндээ 85 хувьтай байгаа. Үлдсэн хугацаанд бусад ажлуудаа амжуулаад тэмцээнээ амжилттай зохион байгуулна гэж бодож байна. Ерөнхийдөө тэмцээнээ олон түвшинд нийцүүлж зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

-Монголоос хэдэн баг оролцох вэ?

-Монголоос хоёр баг оролцохоор бэлтгэж байгаа. Нэг баг 14 хүний бүрэлдэхүүнтэй, хоёр дасгалжуулагчтай. Нийтдээ 32 хүний бүрэлдэхүүнтэй баг бэлтгэлдээ гарсан. Тамирчдын зүгээс өөрийн орны дэвжээнд медаль авах зорилго тавьсан байгаа.

Д.Гэрэлт

Эх сурвалж: