sonin.mn

АНЭУ-ын Дубай хотод болсон парапауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Э.Содномпилжээтэй ярилцлаа. Тэрбээр дэлхийн аваргаас Рио де Жанейрогийн паралимпод оролцох эрхээ авчээ.

-Паралимпод оролцох эрх авсанд баяр хүргэе. Тамирчин хүний хувьд зорилгодоо нэг алхам ойртлоо?

-Баярлалаа. Тийм шүү. Тамирчин хүний хувьд олимпод оролцоод медаль зүүх нь хамгийн том зорилго байдаг. Би зорилгодоо хүрэхэд нэг алхам ахисандаа баяртай байна. Одоо бэлтгэл сургуулилтаа хийгээд дараагийн алхмаа зоригтой хийх л үлдлээ.

-Парапауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонин хачнаас сонирхуулаач?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 65 орны 400 гаруй тамирчин оролцсон. Би долдугаар байрт шалгарч, паралимпод оролцох эрхтэй болсон. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлж би багшийн хамт оролцоод ирлээ. Ерөнхийдөө Гуанжоугийн Азийн тоглолтоос хойш тэмцээнд оролцоогүй байж байгаад өнгөрсөн онд Малайзад зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм.

Азийн аваргад оролцож байхдаа манай улсын парапауэрлифтингийн хөгжил бусад улсаас хоцорч байгааг ойлгосон. Бусад орны тамирчид хангамж сайтайгаас гадна багаараа тэмцээнд оролцдог. Харин манайх ганцхан тамирчин л оролцдог юм шүү дээ.

Би өнгөрсөн онд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд ганцаараа явсан. Харин сая болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багштайгаа явлаа. Энэ бүгдээс парапауэрлифтингийн спорт дэлхийн бусад улс орнуудад хүчээ авч, хөгжиж байгааг мэдэрсэн.

Пауэрлифтингийн төрөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөвхөн шахалтаар өрсөлддөг. Парапауэрлифингийн төрөлд ямар нэгэн хэрэглэл хэрэглэдэггүй. Жишээ нь, шахалтын цамц өмсдөггүй, яг л өөрийнхөө хүчээр өргөдөг.

-Монголын парапауэрлифтингийн холбоо унтаа байдалтай байдаг нь магадгүй хөгжихөд сөргөөр нөлөөлдөг болов уу?

-Монголын пауэрлифтингийн холбоо гэж бие даасан төрийн бус байгууллага байдаг. Харин би IPF буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн пауэрлифтинг гэж тусдаа бий. Би пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй биш, энгийн тамирчидтай өрсөлддөг. Энэ спортын төрлөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийлөн хичээллэдэггүй юм. Учир нь цаг хугацаа, хэрэглэл, хөдөлмөр их зарцуулдаг.

-Тэгвэл танаас өөр парапауэрлифтингээр хичээллэдэг тамирчин байхгүй гэсэн үг үү?

-Тэгж ойлгож бараг болох байх. Олон улсын тэмцээнд би л явдаг юм шүү дээ.

-Дэлхийн аваргад оролцохын өмнө хэдэн кг-ыг өргөж байв. Тэмцээний үеэр амжилтаа ахиулж чадсан уу?

-Уг нь би 210-220 кг-ыг өргөнө гэж бодож байсан юм. Гэсэн ч тэмцээний үеэр 200 кг-ыг өргөсөн. Гэхдээ би өөрийнхөө гаргасан амжилтыг чамлахгүй байгаа. Гэрийнхээ хоолыг идээд, ердийн бэлтгэл сургуулилт хийж яваад дэлхийн аваргын долдугаар байрт орж, Рио де Жанейрогийн паралимпод оролцох эрхийн болзол хангалаа шүүдээ.

-Тэмцээний үеэр аль улсын тамирчин илүү хүчтэй байв?

-Миний өрсөлдсөн 88 кг-ын эхний таван байрт олимпийн зэрэглэлтэй тамирчид оролцсон. Ер нь энэ спортын төрөлд "Тэр орны тамирчин илүү хүчтэй" гээд нэрлэх хэцүү. Гэхдээ Азийн тамирчид илүү сайн байдаг. Тэр дундаас Арабууд парапауэрлифтингийн спортдоо их анхаарал хандуулдаг юм билээ. Хамгийн гол нь сайн дасгалжуулагчийг мөнгө хаяж авчирдаг гэдгийг нь харсан.

-Манайд парапауэрлифтингийн дасгалжуулагч хэр олон байдаг юм бол?

-Ердийн пауэрлифтингийн дасгалжуулагч олон байдаг. Парагийнх цэвэр хүч, техникийнх болоод явчихдаг болохоор дасгалжуулагч ховор, бараг байдаггүй.

-Та Монголын шигшээ багт харьяалагддаг уу?

-Би шигшээ багт харьяалагддаггүй. Миний бэлтгэл сургуулилт хийх нөхцөлийг "Golden gym" хангаж өгдөг. Мөн "Арт холдинг" компани надад тодорхой хэмжээний санхүүгийн тусламж үзүүлдэг.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийсээр байгаа юу?

-Пауэрлифтингийн спорт тамирчнаас байнгын бэлтгэл шаарддаг. Дээрээс нь хүчний спорт маань хэмжигдэхүүнтэй болохоор дандаа өгсч явдаг. Ер нь бэлтгэл сургуулилтаас тамирчны амжилт шууд хамаарна. Тиймээс надад бэлтгэл сургуулилт хийдэггүй өдөр гэж байдаггүй.

-Одоо Рио де Жанейрогийн олимп хүртэл бэлтгэл сургуулилтаа ямар байдлаар хийе гэж бодож байна вэ?

-Ер нь одоо болох тэмцээнүүдэд жингээ нэмж орох бодолтой байгаа. Тэгвэл надад өндөр амжилт гаргах боломж байгааг өнгөрсөн тэмцээнээс харлаа. Миний өрсөлдөж байгаа жинд олимпийн зэрэглэлийн тамирчид байдаг учраас өрсөлдөөн ихтэй. Харин жин өсвөл арай өөр болно гэж бодож байна.

-Таны бэлтгэл сургуулилтаа базааж байгаа хэрэглэл олон улсынх байж чадаж байна уу?

-"Golden дут"-д сайн тоног төхөөрөмжүүд байна. Ганцхан шахалтын тавцан нь өөр байдаг. Хэрвээ улсаас энэ спортыг дэмжихээр болбол зориулалтынх нь тавцанг аваад өгвөл бидний бэлтгэл сургуулилтад их дэмжлэг болно. Би зөвхөн хэвтээ шахалтдаа хоёр цагийн дасгал хийж байна. Ингээд бусад дасгалуудаа хийхээр өдөрт 4-5 цаг болдог.

-Та пауэрлифтингээр хэдий үеэс хичээллэсэн бэ?

-Би 1999 онд хөгжлийн бэрхшээлтэй болсон юм. Тухайн үед ээж маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд тэмцээн уралдаан болдгийг мэдээд намайг хичээллүүлэхээр болсон. Би хөгжлийн бэрхшээлтэй болсноосоо хойш гэрээсээ гарах дургүй, зан аашийн хувьд ч бүрэг болсон. Тэр үед ээж минь надад санаа зовоод намайг нийгэмшүүлэх гэж хичээсэн.

Түүнийх нь үр дүнд Биеийн тамир спортын тамгын газрын дарга байсан Ням ахтай танилцуулж спортоор хичээллэх болсон доо. Ням ах л намайг хараад парапауэрлифтингийн тамирчин болно гэж хэлсэн.

Улмаар 2000 онд Ш.Энхсайхан багшийг танилцуулсан юм. 2000-2002 онд бэлтгэл хийж байгаад багш маань гадаад руу ажлаар явсан. Тэгээд долоон жилмйн дараа багштайгаа эргэн уулзаж спортоороо үргэлжлүүлэн хичээллэж байна.

-Та одоо хаана ажиллаж байна вэ?

-"Арт холдинг" компанид нягтлан бодогчоор ажиллахаар болсон. Би пауэрлифтингийн спортдоо хайртай. Паралимпоос медаль зүүх зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж байна. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө ялан дийлэхийг хичээж байна даа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин