sonin.mn

Казакстаны нийслэл Астана хотноо болсон чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид ганзага дүүрэн ирлээ. Тус баг тамирчдын дасгалжуулагчаар ажилласан МУГТ, ДАШТ-ний хошой мөнгөн медальт, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Пүрэвбаатартай ярилцлаа.

-Юуны өмнө баяр хүргэе.

-Баярлалаа. Манай багтамирчид Казакстаны нийслэл Астана хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож ойрын хэдэн жил аваагүй алтан медалиа авлаа. Өмнө нь 2001 онд Монголд Азийн аварга шалгаруулах тэмцээн болоход бид багаараа хоёрдугаар байрт орж байсан.

Харин сая Казакстанд аргагүй бөхийн орон гэгддэг Ираны бөхчүүдийг дийлсэнгүй. Гэсэн ч хоёрдугаар байр эзэлнэ гэдэг бидэнд чамлалтгүй амжилт. Харамсаптай нь Казакстаны тамирчид манай тамирчдыг улаан цайм луйвардаж хожсон тохиолдол гарсан. Гэсэн ч бид нутгийн дэвжээнд нь дарж Какакстаны баг гуравдугаар байрт орсон.

-Эзэн орон гэдгээр давуу эрх эдлэх гэсэн юм байна. Энэ асуудалд манай шүүгч хэр нөлөөлсөн бэ?

-Ганболд шүүгчийн хувьд нутгийнхаа дэвжээн дээр байгаа хүмүүст яав ч хүч хүрэхгүй шүү дээ.

-Багшийн зүгээс харж байхад манай тамирчид юугаараа илүүрхэж байв?

-Тамирчид өмнө нь цаг дуусахын үед их ядардаг, амьсгааддаг оноо алддаг гэж ярьдаг байсан. Гэтэл энэ байдал үгүй болсон. Үүний тулд их бэлтгэл хийлгэсэн. Дээр нь ямар ч тамирчин ямар ч том бөхтэй тааралсан барилдана гэсэн сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байсан. Тийм учраас өөрийнхөө болон бусад багш нарынхаа өмнөөс тамирчдадаа баярлалаа гэж хэлье.

-Манайхан тамирчдыг амжилт гаргахаар л тэр багшийн шавь, энэ багшийн гарын шавь гээд л ярьцгаадаг. Харин шигшээ багийн хувьд ямар байдаг биз?

-Тэгэлгүй яахав. Би шигшээ багийн багш учраас энэ бол ерөөсөө л Монгол Улсын нэр хүнд. Харин клубын багш байсан бол өөр хэрэг. Яагаад гэвэл манай клубын тамирчин шигшээ багаас гарахад би миний тамирчин гэж орилохгүй нь ойлгомжтой. Тийм учраас шигшээ багийн бүх тамирчид бид дөрвөн багшийн шавь.

Түүнээс тэрний, энэний шавь гэсэн ойлголт бидэнд огт байхгүй. Саяын тэмцээнд Баяраа багш үлдсэн тамирчдаа бэлтгэл хийлгэсэн. Харин Энхбаяр багш Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болох гэж байгаа учраас тамирчидтайгаа Хөх хотын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэсэн. Тэгээд МУГТ Ц.Цогтбаяр багш, бид хоёр явсан.

-Тэмцээний үеэр тамирчдадаа юуг аминчлан зөвлөж байв?

-Та нарын бэлтгэл маш өндөр байгаа. Тийм учраас та нарын ур чадвар, сэтгэхүй мэднэ. Та нар хэнээс ч дутахааргүй байгаа гэдгийг бүгдэд нь ойлгуулсан. Тамирчид маань ч сайн хүлээж авсан. Өмнө нь ямар амжилт гаргасан нь хамаагүй, түүнээс илүү амжилтыг хүлээж байгаа гэдгийг сайн хэлсэн.

-ОУХМ Б.Батзориг энэ жилээс жин өгсч 70 кг-ийн жинд барилдаж байгаа. Гэтэл саяын тэмцээнд харамсалтайгаар ялагдал хүлээсэн гэсэн. Яагаад тэр вэ?

-Казакстаны багийг нутаг дээр нь улаан цайм хожиж яваад бараг цаг дуусчихсан байхад цагийг нь зогсоогоод оноо алдаагүй байхад нь оноо торгуул өгөөд барилдаан эхлээгүй байхад нь цагийг нь явуулж дуусгаад хожигдуулчихсан. Үүнд бид яаж ч заргалдаад нэмэр байхгүй. Хүч ч хүрэхгүй.

-Ер нь ийм тохиолдол хэр гардаг вэ?

-Нутаг дээрээ болж байгаа тэмцээний үеэр ийм асуудал байнга гардаг. Тийм учраас тэмцээн болж байгаа орны тамирчдыг илт давуу хожихгүй хожигдох юм бол харамсах зүйл байхгүй гэсэн үг. Бараг дүрэм юм шиг л болчихсон байдаг шүү дээ. Харин монгол нутаг дээрээ ингэж чаддаггүй. Ер нь манайхан их шударга барилддаг шүү дээ.

-Та өөрийнхөө гаргаж чадаагүй амжилтыг шавь нараараа гаргуулна гэж ярьдаг. Тэрхүү амжилтанд хүрэхэд ойрхон байгаа тамирчид олон байна уу?

-Үүнд маш их итгэлтэй байгаа. Яагаад гэвэл намайг зодог тайлангуут гаднаас өндөр цалин амлаж, дасгалжуулагчаар ажиллуулах санал ирж байсан юм. Гэтэл би чөлөөт бөхийн буянаар өдий зэрэгтэй нэр хүндтэй сайхан амьдарч, ард түмнийхээ итгэлийг дааж явж байсан болохоор би чөлөөт бөхөд өртэй хүн.

Тийм учраас өнөөдөр уначихсан байгаа эрэгтэй багаа хамтран зүтгэж байгаа багш нартайгаа нийлээд хөл дээр нь босгоод эргээд багийнхаа амжилтыг өмнөх үеийнх шигээ болгочих юм бол миний хүсэл мөрөөдөл биелэх нь тэр. Энэ утгаар тамирчдадаа маш их итгэж байгаа. Тамирчид маань ч итгэлийг минь алдахгүй байх гэж бодож байна.

-Тамирчид маань цаашид юуг анхаарах нь зүйтэй вэ?

-Хүн болгон алдаатай байгаа. Надад ч гэсэн алдаа байгаа. Бид багаар их ажилладаг. Тийм учраас тамирчид түүн дээр, үүн дээр алдсан гэж нэг их зарлах нь илүүц биз. Алдаа оноо аль аль нь бий. Үүнийгээ бэлтгэл дээрээ ярина. Хийх ажил ч их байна. Бөхийн буян гэж сайхан зүйл байдаг. Тийм учраас чөлөөт бөхөө аварч хэвийн байдалд нь оруулахын тулд бид цуцашгүй ажиллах ёстой.

Ард түмнийхээ өгч байгаа урмаар хөглөгдөж, олимпоос аваагүй медалийг нь авахуулж, бүр олимпийн аварга төрүүлэхийн төлөө зүтгэнэ. Энэ дашрамд биднийг дэмжиж урам зориг өгч байдаг ард түмэндээ баярлаж явдгаа илэрхийлье. Өмнө нь том тэмцээнээс ганц медаль авбал их юм гэж боддог байсан бол одоо тамирчдын хэн нь ч авах боломжтой болсон.

Ингэж эн тэнцүүхэн барилдаж байгаа байхгүй юу. Бид саяын тэмцээнд Дэлхийн цомд оролцсон нэг номерын тамирчдаа авч яваагүй. Засгийн газраас зардлын мөнгө гаргах боломжгүй гэхээр нь залуучуудыг зардлаа олсон нь яв гэсэн зарим нь зардлаа олоод л явсан.

Ер нь бид гурав дөрвөн медаль авчих болов уу гэж дотроо бодож байсан. Гэтэл хүүхдүүд маань урам зоригтой барилдаж бидний бодож байгаагүй амжилтыг гаргалаа. Тийм учраас багш нь та нарыгаа дутуу үнэлж байсан бол уучлаарай.

-Тамирчдаа ялах бүрт сэтгэл огшоод л эрхгүй ид барилдаж байсан үе дурсагддаг байх даа?

-Тэгэлгүй яахав. Хүүхдүүд амжилт гаргахаар самсаа шархираад нулимс гараад нэг л сонин болчихдог юм. Энэ дашрамд хамт зүтгэж байгаа гурван багшдаа ч баярлалаа гэж хэлье.

-Таныг олимпийн медалийн үзүүрээс атгаад алдсаныг мэднэ. Гэтэл та түүндээ огт харамсдаггүй гэдэг. Ийм хор шаргүй хүн үү?

-Хүнд хор шар байдаг. Би ч өөрөө шартай хүн. Гэхдээ тэр харамслаа үргэлж бодож насаараа өөрийгөө хохироож яваад яах юм бэ. Бөөн сэтгэл санааны дарамт шүү дээ. Тийм учраас түүхэнд хэрвээ гэж үг байхгүй гэдгийг маш сайн ухамсарладаг. Миний барилдах хэмжээ, явах ёстой зам л тэр байж, тухайн үед юм болдгоороо болоод л өнгөрсөн.

Тийм учраас өнгөрсөн зүйлийн хойноос хэрвээ би тэгэх байсан, ингэх байсан гээд бодоод явах нь тэнэг хүний асуудал. Хэрвээ дараа нь шаналж харамсах байсан юм бол тэр үедээ өөрөө хичээж байх нь яасан юм, тийм биз дээ. Тиймээс би хор шаргүйдээ биш, тэр үед гаргасан алдаануудаа одоо тамирчдаараа давтуулахгүйн төлөө л явж байна.

-Сайн юманд садаа мунддаггүй гэгчээр мөн л та ДАШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа 2002 онд хүртсэн ч гэсэн таны хувьд харамсалтай тэмцээн болж өнгөрсөн байдаг. Энэ бүхнийг эргээд бодоход эмзэглэх сэтгэл төрдөг л байх даа?

-Нэг тиймэрхүү зүйл болсон шүү. Эхний тойрогт Энэтхэгийн бөхийг хожоод, хоёрдугаар тойрогт хийлж, гуравдугаар тойрогт Украины бөх, дөрөвдүгээр тойрогт Германы бөхийг ялсан. Ингээд хагас шигшээд Туркийн бөх Харун Догантай таарсан юм.

Энэ бол миний хамгийн их харамсч явдаг барилдаан. Би ялж яваад дайраад байвал оноо авахаар байсан ч урагш явалгүй, оноогоо хамгаалаад цаг дуусгачихъя гэж бодсон нь тактикийн том алдаа болсон. Ингээд би 5:6-гаар ялагдсан.

Нөгөө талд Армений Арам Маргарян Ираны Мохаммед Талайг хожоод аваргын төлөө гараад ирсэн. Гэтэл би барилдааны дараа нервтээд ер амарч чадаагүй. Маргаряныг аваргын төлөө үлдсэнийг бодохоор бүр ч харамсдаг. Хэрэв би түүнтэй барилдсан бол ялах л байсан.

-Таны хамгийн дургүй зүйл юу вэ?

-Өөрсдөө юм хийгээгүй байж, хүний хийснийг үгүйсгэдэг, тусалж дэмжсэн мөртлөө тусалж дэмжээгүй гэж ярьдаг дүр эсгэсэн хүмүүст дургүй. Ингэж нэр хүнд олоод алга болдог хүмүүс олон байдаг.

Д.Нэргүй

Эх сурвалж: