sonin.mn

Архангай аймгийн Хайрхан сумын харъяат хүчтэнүүд эр бяр нь жигдэрч, ид хаваа гайхуулан төрийн их баяр наадмын 3 түрүү, 4 үзүүрийг авч, Монгол улсын сумдын дотор үндэсний бөхөөр гарамгай амжилт тогтоосон түүхтэй. Сумын төв талбайд даян аварга Л.Чимэд-Очирын хөшөө сүндэрлэж, сургуулийн спорт цогцолборт, Ардын засгийн үед  Архангайгаас төрсөн дөрвөн аваргын зургийг хүндэтгэлтэй байрлуулсан байдаг юм.

Тус суманд хүчит бөхчүүдийн залгамж халаа болсон өсвөр үеийн үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах барилдаан боллоо. (Барилдаанд 14 сумын 98 бөх оролцож өрсөлдөв. Ахлах насанд: Н.Бат-Эрдэнэ /Тариат сум/, А.Баттогтох /Цахир сум/, П.Батцэрэн /Тариат сум/, Л.Чойжил /Начин клуб/, Г.Есөн-Эрдэнэ /Өлзийт/,

Дунд насанд: А.Мягмаржаргал /Эрдэнэбулган сумын 1сургууль/, Ч.Баатарсүрэн /Цэцэрлэг/, Г.Данзанпүнүү / Өлзийт/, Б.Батсайхан /начин клуб/, Э.Пүрэвдорж /Хайрхан/

Бага насанд: Б.Зоригтбаатар /Батцэнгэл/, А.Пүрэвсүрэн /Төвшрүүлэх/ Э.Энхцаг /Цэцэрлэг/, З.Мөнх-Эрдэнэ /Эрдэнэмандал/, Г.Сүхбаатар /Цэцэрлэг/ нар эхний 5 байрыг эзэлж алт, мөнгө, хүрэл медаль шагналын эзэд боллоо.

Багийн дүнгээр аймгийн заан Д.Нарангэрэл, аймгийн начин Ч.Энхболд, спортын мастер Батдэлгэр дасгалжуулагчтай Тариат, Төвшрүүлэх сум, Начин клубын бөхчүүд эхний 3 байрыг эзлэв. Тэмцээний үеэр Монгол Улсын харцага Гэлэгжамцын Батбаяр ирээдүйтэй бөхийн шагналыг жил бүр олгож байхаар шийдвэрлэж анхны шагналаа Батцэнгэл сумын бөх Б.Зоригтбаатарт гардуулав.

Тэмцээнд байр эзэлсэн хүүхдүүдийн шагналыг Хайрхан сумын уугуул ЖЭС компаний захирал Л.Алтай, Тэрхмандал компаний захирал Ё.Цэрэнчимэд, гавъяат малчин О.Дорж, улсын сайн малчин в.Даваадорж, З.Өлзийбадрах нарын хүмүүс ивээн тэтгэж гардуулсан юм.

Түүнчлэн Эрдэнэт хотод амьдардаг олон улсын хэмжээний мастер Ч.Мижирхангай аймгийн начин Н.Хайдав, Б.Бат-Эрдэнэ, Д.Төмөрбаатар нар нас тус бүрийн уран барилдааны шагналыг гардуулж өсвөр бөхчүүдэд амжилт хүсэв. Энэхүү барилдааныг Хайрхан сумын Засаг дарга Л.Пүрэвсүрэн / чөлөөт бөхийн спортын мастер/ түүний Тамгын газар, иргэдийн хурал, захиргаа, байгууллага хамт олон иргэд малчид санаачлагаараа тус сумын харъяат аймгийн хурц арслан Хишигбадрахын Намсрайжавын нэрэмжит болгон өндөр түвшинд зохион байгуулсан нь энэ.

Аймгийн хурц арслан Х.Намсрайжав гуай өөрийнх нь нэрэмжит тэмцээн сайхан болсон сэтгэл өндөр байгаагаа үгүүлээд "Сүүлийн жилүүдэд Хайрхан нутгаас аймаг, улсын цолтой бөх төрөхгүй байгаа юм. Энэ барилдаан бөхийн даллага буян хишгийг дуудсан сайхан барилдаан боллоо, одоо манай нутгаас сайхан бөхчүүд олноор гарах байх, намайг ингэж хүндэтгэн нэрэмжит барилдааныг сайхан зохион байгуулсан бүх хүмүүст их баярлалаа. Бөхийн босоо цагаан хийморь биднийг ивээнэ ээ" гэж бахдан өгүүлэв.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээний хаалтад зориулсан хүчит бөхийн барилдаанд 56 бөх барилдаж Батцэнгэл сумын биеийн тамирын багш, аймгийн начин Х.Дарханбаатар түрүүлж, Хайрхан сумын харъяат аймгийн начин Отгонбат үзүүрлэж сумын заан Дондов, Лувсанчимэд нар их шөвөгт шалгарлаа.

Х.Лхагва
Эх сурвалж: "Бөх"