sonin.mn

Хүннү гүрэн байгуулагдсаны 2223, Их монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын буриад сурын харваа Үндэсний сурын алтан зурхайд өчигдөр болж өндөрлөсөн.

16 аймгийн 160 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон энэхүү харваанаас хоёр мэргэн шинээр төрж, мөн тооны спортын мастер, гурван харваач дэд мастерын болзол хангажээ.

Эрэгтэй харваачдыг Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул Хэрлэн сумын харьяат, “Цацраг Трейд”, “Дорнын гэрэгэ” компанийн харваач З.Ариунбат манлайлсан бол Сэлэнгэ аймаг Ерөө сумын уугуул, Алдар спорт хороо, Жем интернейшнл компанийн харваач Б.Батбаатар аман хүзүүджээ.

Завхан аймаг Тосонцэнгэл сумын уугуул, Орхон аймаг, Эрдэнэт хотын харьяат Монгол Улсын гавьяат тамирчин  Даяр Дуурсах мэргэн Ш.Даваахүү гутгаар байр эзэлсэн бол Дорнод аймаг Баяндун сумын харьяат “Адуун чулуун” ХК, “Дорны Гэрэгэ” ХХК-ийн харваач, Буриад сурын хошой мэргэн, Олон улсын хэмжээний мастер О.Сүхбаатар, Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, УБ хотын Баянзүрх дүүрэг, Бурхан халдун групын харваач Т.Баярмэнд нар удаах байруудад шалгарсан байна.

Харин эмэгтэй харваачдаас Хөвсгөл аймгийн Бүрэнтогох сумын уугуул, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Бурхан халдун группийн харваач Ж.Нямдаваа түрүүлж, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, Дорнын гэрэгэ ХХК-ны харваач, Үндэсний сурын спортын мастер, аймгийн мэргэн Ч.Гандаваа дэд байр эзэлжээ.

Гутгаар байрт Өмнөговь аймгийн харьяат Таван толгой транс” ХХК, Ажнай корпорацийн харваач, үндэсний сурын Монгол Улсын мэргэн, спортын мастер С.Баярмаа шалгарч, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, Алдар спорт хороо, Жем интернейшнл компани, Зэвсэгт хүчний 167-р ангийн харваач С.Энхтунгалаг, Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, УБ хот, Хан-Уул дүүрэг, Петровис компанийн харваач, үндэсний сурын Монгол улсын мэргэн, спортын мастер Б.Бүтваан нар удаах байруудад шалгарсан байна.

Үндэсний их баяр наадмын сурын харваа өнөөдөр хүүхдийн харваагаар үргэлжилнэ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг