sonin.mn

Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааны салхийг хагалж хурдалсан хязаалан насны морьдын уралдаанд Төв аймгийн Цагаан-Уул сумын уугуул аймгийн алдарт уяач Түвдэннямын Батзоригийн сартай зээрд үрээ түрүүлж, торгон жолоо өргүүллээ.

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд газар газраас цугласан 318 шандаст үрээ бүртгүүлсэн бөгөөд улс бүсэд даага, шүдлэндээ айрагдаж байсан төрд данстай хурдан буянууд бүгд мордсон юм.

Харин 307 хурдан үрээ гарааны зурхайгаас эргэхэд Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат аймгийн алдарт уяач Түвдэннямын Батзоригийн хурдан зээрд үрээ, аман хүзүүнд “Мон-Эрдэнэ” компанийн П.Энхмөнхийн бор үрээ, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул О.Батболдын хүрэн үрээ морьд өнгөлөн гарч давхисан юм. Сартай зээрд үрээ энэ жил битүү үрээ улсынхаа наадамд ирж шандас сорьжээ.

Хязаалан насны морьдын аман хүзүүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бадраагийн хүрэн халзан, айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн зээрд давхисан бол дөрөвт Зууны манлай, Тод манлай уяач Даваахүүгийн хүү Баянбатын зээрд хурдалж, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн хээр тус тус хурдлан ирж наадамчин олноо баясгалаа.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг