sonin.mn

Үндэсний их баяр наадмын шагайн харваа өнөөдрөөс эхэллээ.

Тэмцээнд 9 дүүрэг, 12 аймгаас 50 багийн 490 гаруй тамирчин авхаалж самбаа, цэц мэргэнээ сорихоор иржээ. Монгол Улсын дархан мэргэн, тэмцээний ерөнхий шүүгч С.Цог, “АНУ, Бельги, Франц, Солонгос улсад амьдардаг Монголчууд хүрэлцэн ирж оролцож байгаа нь энэ жилийн харвааг улам төгөлдөржүүлж байна” гэлээ.

Уг тэмцээнд Үлэмж дархан мэргэн 48, Дархан мэргэн 21, Гарамгай мэргэн 51, Улсын мэргэн 17, Дэд мэргэн 22, Харишгүй мэргэн 8, Аймгийн гоц мэргэн 55 буюу нийт харваачдын 42 хувь нь цолтой харваач юм. Дундговь аймгийн харьяат 91 настай Д.Санжаагэндэн хамгийн ахмад тамирчнаар тодорсон бол хамгийн залуу тамирчнаар Хэнтий аймгийн харваач 9 настай С.Цог-Өлзий тодорчээ. Тэмцээн 11-ийг хүртэл үргэлжлэх юм байна.

Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэн үедээ хаад ноёд өргөөнд зугаацдаг наадгай байжээ. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болж өргөжсөн байна. Шагайчид тойргоор тоглодог болохоор шагайн наадмыг “тойром” гэж нэрлэдэг.

Шагайн харваа 2001 оноос эхлэн үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж албан ёсны дүрэмтэй болжээ. Зурхайнаас 9 тохой буюу 4.72 метр зайнаас харвадаг. Зурхайн голд байх хасааг онох бөгөөд харвах хэрэгслийг хашлага, сум гэнэ. Хашлаган дээр сумаа тавьж байгаад нясалж харвана. Анх далны ясан дээрээс шагай нясалдаг байжээ.

Эдүгээ хашлагыг хар сэндэм, цагаан зандан модоор хийж, сумыг яшил, хар суман мод эсвэл бугын эвэр, зааны ясаар хийнэ. Харваачдын баг 7 гишүүнтэй бөгөөд зургаа нь харвана. Эсрэг багтай 80 минут орчим тоглодог бөгөөд багууд тойргоор өрсөлдөхөд өдөрт 10 цагийн турш сууж тоглох шаардлагатай болдог байна.

М.Уугантамир

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг