sonin.mn

Казахстаны Алма-Ата хотноо зургадугаар сарын 4-6-нд болсон эмэгтэйчүүдийн боксын А зэрэглэлийн тэмцээнд Хилийн 0184 дүгээр ангийн тамирчин, спортын мастер М.Гүндэгмаа алтан медаль хүртжээ. Түүнээс тэмцээний талаар сонирхоход,

-Миний жинд зургаан тамирчин өрсөлдсөн. Би алтан медалийн төлөө Узбекстаны тамирчинтай тоглож II тойрогт гартаа бэртэл авсан ч ялахын тулд тэвчээртэй тоглосон. Ялчихаад дэвжээнээсээ буухдаа эмчид үзүүлтэл хугарчихсан байна гэсэн. Одоо эмчилгээ хийлгэж байгаа.

Энэ жил Улсын аваргад 54 кг-ын жинд түрүүлсэн. Улсын аваргадаа түрүүлсэн бол тэр жиндээ олон улсын тэмцээнд явах эрхийг өгдөг юм. Одоо ирэх арваннэгдүгээр сард Солонгост болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ Улсын шигшээ багийн тамирчидтай хамт гарна. Эмэгтэйчүүдийн боксын спорт манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа.

Одоогоор манай улсаас эмэгтэйчүүдийн боксын Азийн наадмын нэг мөнгө, Азийн аварга гурван тамирчин байдаг. Миний зорилго бол Олимп, дэлхийн аварга болж эх орныхоо болон хилчдийнхээ нэрийг гаргах.  Энэ дашрамд надад үргэлж тусалж дэмждэг Хилийн 0184 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, хилчиддээ баярлаж явдгаа илэрхийлье гэсэн юм.

Ахлагч Л.Номингэрэл

Эх сурвалж: “Эх орны манаа” сонин