sonin.mn

Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков Оросын хамгийн эмзэг сэдвээр оролдож, Кремлийн дургүйг маш ихээр хүргэв. Тэрбээр Малайзын онгоцны осолтой холбогдуулан ОХУ-ын 2018 онд өөрийн нутагтаа зохион байгуулах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн / хөлбөмбөгийн ДАШТ/-ий эрхийг өөр оронд шилжүүлэх хэрэгтэй гэсэн бодолтой байгаагаа хэлэв.

Тэрбээр Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг ОХУ-аас шилжүүлнэ хэмээн ФИФА-гийн өмнөөс мэдэгдэл хийхийн дээр Украины хөлбөмбөгийн холбоо болон сайд нарын танхимыг нэн даруй өөрийн байр суурийг тодорхойлох хэрэгтэй гэж бодож буйгаа хэлжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг ОХУ-аас Украинд шилжүүлэхэд олон улсаас тусламж хүсэв.

Арсен Аваков түрэмгийлэгч, терроризмын ивээн тэтгэгчийн эсрэг хориг арга хэмжээ бүх салбарыг хамрах ёстой гэв. Барууныхан Украины зүүн нутагт осолдсон  Малайзын 298 хүний бүрэлдэхүүнтэй онгоцны хэрэгт ОХУ-ыг шууд бус оролцсон хэмээн Москвагийн эрх баригчдын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ боловсруулж буй.

Харин Владимир Путин тэргүүтэй ОХУ-ын удирдлагууд Украины зүүн нутаг, тэр дундаа Донецкийн Оросыг дэмжигч салан тусгаарлагчдад 10 мянган метрийн өндөрт нисч буй онгоцыг сөнөөх дэвшилтэт пуужингийн систем нийлүүлээгүй хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч Украины Засгийн газар болон АНУ-ын тагнуулын байгууллага энэ хэрэгт ОХУ-ыг оролцсоныг баримтаар тогтоохоор ажиллаж, барууныхан ч одоо болтол Малайзын онгоцыг ОХУ-ын нийлүүлсэн пуужингаар Донецкийн босогчид сөнөөсөн гэдэгт итгэж байна.

Малайзын онгоцны ослоор амь үрэгдсэн 298 хүний дотор Их Британийн 10 иргэн байсан бөгөөд үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Дэвид Кемэрон ОХУ-ыг хурцаар шүүмжилж, Владимир Путинтэй утсаар ярьсан. Тэгвэл олон улс, тэр дундаа барууны ертөнцөд нөлөө бүхий байр суурьтай Дэвид Кемэрон 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийг ОХУ-аас хурааж авахын эсрэг байгаагаа мэдэгдлээ.

Үүнд ОХУ-ын иргэд ихэд талархаж буйгаа цахим өртөнцөд тэмдэглэжээ. Онгоцны ослын дараа Москвагийн эрх баригчдыг шүүмжилж, үүнтэй холбоотойгоор Дэвид Кемэрон, Владимир Путины харилцаа муудсан. Харин Их Британийн хөлбөмбөгийн ДАШТ-ий байр суурь ОХУ-д чухал дэмжлэг болж, Москва, Лондонгийн харилцаа сэргэх эхлэлийг тавилаа.

Үүнээс өмнө Их Британийн шадар сайд Ник Клегг 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг ОХУ-аас хураан авахыг шаардаж, илүү чангаруулсан хориг арга хэмжээ оногдуулахыг уриалсан. Ник Клегг Украины зүүн нутгийн асуудалд Гүржээс салан тусгаарласан Өмнөд Осөт, Абхазын адил хөндлөнгөөс оролцож байгаа Москвад энэхүү нэр хүндтэй дэлхийн тэмцээнийг зохион байгуулж, нэр төр олж баясах боломж олгохгүй байх хэрэгтэй гэсэн юм.

Мөн "ОХУ-ын хил хязгаарыг давсан ааш авирт ДАШТ зохион байгуулахыг зөвшөөрвөл дэлхий нийт сул дорой, хоёр нүүртэй бялдууч "болсны илрэл" гэснийг Украины Дотоод хэргийн сайд өөрийн Фэйсбүүктээ нийтэлжээ. Ямартай ч Их Британийн эвслийн Засгийн газрын Шадар сайд Ник Клегг хөлбөмбөгийн ДАШТ-нийг ОХУ-аас өөр газарт зохиохыг уриаллаа.

Харин Дэвид Кемэрон ОХУ-ын энэ эрхээр оролдох ёсгүй хэмээн ОХУ-ын эсрэг авах Европын холбооны хориг арга хэмжээний багцад спортын үйл явдлын талаар оруулахыг эсэргүүцнэ. Тэгвэл Дэвид Кемэроны төлөөлөгч "Ерөнхий сайд 2018 хөлбөмбөгийн ДАШТ-нийг ОХУ-д хийхийг барууны холбоотнууд шууд дэмжиж эсэргүүцнэ гэдэгт итгэхгүй байгаа. Гэхдээ ОХУ-ын зан авир хүмүүсийн энэ асуудлыг сөхөж эхлэхэд хүргэсэнд гайхах юм алга" гэж мэдэгджээ.

ОХУ 2010 оны арванхоёрдугаар сард ФИФА-гийн сонгон шалгаруулалтаар 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг өөрийн нутагтаа зохион байгуулах өрсөлдөөнд ялсан бөгөөд саяхнаас энэ эрхийг нь хураах хүсэлтэй барууны улстөрчид бий болж, энэ тоо өссөөр байна. Тэгвэл Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ "Спортын томоохон үйл явдлыг эсэргүүцэх нь асуудлыг шийдэх үр дүнтэй арга биш" гэж мэдэгдсэн.

Хэдийгээр ФИФА ингэж мэдэгдсэн ч ОХУ энэ асуудалд анхаарлаа хандуулж, барууны улстөрчдийн бодлыг өөрчлөх хэрэгтэй болоод байна. Хөл бөмбөгийн ДАШТ нь олимпийн наадмаас дутахааргүй том баяр бөгөөд хүн төрөлхтний спортын гурван том /зуны олимп, өвлийн олимп, хөлбөмбөгийн ДАШТ/ наадмын нэг юм.

Мөн олимпийн наадам шиг хамгийн олон үзэгч дагуулдаг спортын нэг төрөл юм. Гэхдээ бүх асуудал нь эндээ биш, иймэрхүү том наадмыг зохион байгуулснаар тухайн орны олон улсын тавцан дахь нэр хүнд, танигдах байдал цаашлаад төр, засгийн тэргүүний улс төрийн байр суурь бэхждэг.

Ер нь дэлхийн томоохон удирдагчид өөрсдийн байр сууриа бэхжүүлж, үр хойчдоо дурсагдахын тулд төр барих хугацаандаа дээрх гурван наадмын ядаж нэгийг нь эх орондоо зохион байгуулахыг хүсдэг нь нууц биш. Харин Сочигийн өвлийн олимпийг зохион байгуулсан Москвагийн тэргүүн Владимир Путины хувьд 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ алдаж болохгүй алтан боломж.

Нөгөөтэйгүүр, түүний засаглалын үед дахин ийм боломж олдохгүй. Сочигийн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулж, олон үндэстэн, ястныг нэгтгэсэн хуучин ЗХУ-ын үөийнхээс олон алтан медаль авах боломж бүрдүүлснээрээ Владимир Путин Оросын ард түмнээс хайр хүндэтгэл хүлээж, зохион байгуулалтын арга шийдлээрээ олон улсаас өндөр үнэлгээ авч, улс төрийн рэйтингээ өсгөөд авсан.

Гэсэн ч Украины эүүн нутгийн хямрал болоод Малайзын онгоцны ослоос болж дэлхийн тэргүүн удирдагч хэмээх байр суурь нь ганхаж эхэлсэн. Хэдий тийм ч В.Путин одоо ч дэлхийн №1 улстөрчийн байрандаа байсаар л байна.

Э.Төгсжаргал

Эх сурвалж: