sonin.mn

МОСКВА. /BBC/. Шатрын дэлхийн аварга асан Гарри Каспаров Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөхөөр болжээ. Түүний өрсөлдөгч нь уг холбооны одоогийн ерөнхийлөгч, харь гарагийнхантай холбоо тогтоосон хэмээн нотолдог Кирсан Илюмжинов юм.

ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр Норвегийн Тромс хотод уг байгууллагын Ерөнхий ассамблейн хуралдааны эхний өдөр болж байгаа ажээ. Кирсан Илюмжинов Олон улсын шатрын холбоог 1995 оноос хойш 19 жилийн удирдаж байгаа юм. Тэрбээр 1993-2010 оны хооронд Халимагийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан билээ.

Илюмжиновын өрсөлдөгчид түүнийг Кремлийн утсан хүүхэлдэй хэмээн нэрлэдэг. Харин Гарри Каспаров эсрэгээрээ Владимир Путины өрсөлдөгч гэдгээрээ алдартай. Каспаров Илюмжиновыг Путинтай нягт холбоотой байдаг гэж буруутгадаг бөгөөд ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн суудалд удаан хугацаанд суусан нь "ивээгдэх" /“фаворитизм”/ бодлогын ул мөр гэж үздэг байна.  

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг