sonin.mn
Энэ удаагийн дугаарын зочноор манай улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч ОУХМ Г.Ихбаярыг урилаа. Түүнтэй энэ спортын тухай болон сүүлийн үеийн тоглолт, ажил амьдралынх нь тухай ярилцсанаа хүргэе. 
 
-Энэ зуныг хэрхэн өнгөрүүлж байна?
-Энэ зун Говь-Алтай аймгаар гэр бүлээрээ аялаад ирлээ.
 
-Удахгүй лиг эхэлнэ бэлтгэл хэр байна?
-Одоогоор манай бэлтгэл эхлээгүй, баг тамирчид амралтын байдалтай байна. Есдүгээр сар дөхүүлээд бэлтгэл эхлэх байх.
 
-Таны аав манай шилдэг хөлбөмбөгчдийн нэг. Аавынхаа мэргэжлийг өвлөхгүй яагаад сагсчин болсон юм бэ?
-Би анх хөлбөмбөг тоглодог байлаа. Аавынхаа тоглож байхыг хараад биширдэг байсан юм. Сурагч байхдаа гүйлтээр хичээллэж бүх зайд гүйдэг байлаа.  
 
Нэг удаа гүйлтийн тэмцээнд орсон чинь манай сургуульд шинээр ирсэн сагсны багш намайг хараад секцэндээ шалгалтгүй авъя гэсэн. Ингэж л тавдугаар ангиасаа сагс тоглож эхэлсэн. Харин есдүгээр анги төгссөн жилээ сагсчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн.
 
-Ер нь спортын хүн болоход аавын тань нөлөө их байсан байх?
-Спортын  “А” үсгийг анх заасан хүн бол мэдээж аав. Багаасаа аавыгаа харж, үлгэр дууриал авч өссөн. Аав минь анх надад Германиас алаг хээтэй, хөлбөмбөгийн бөмбөг авчирч өгсөн юм. Миний баярласан гэж жигтэйхэн. Өдөржингөө байрныхаа хажуу талын сургуулийн хашаанд өнөөх бөмбөгөө өшиглөж өнждөгсөн.
 
Харин сагсны Энхбаясгалант багш маань анх хоёр алхамт залалт, шидэлт зааж өгсөн юм. Эхэндээ торгуулийн шидэлтээс ч үсэрч шидээд, самбартаа хүрч чаддаггүй хүүхэд байлаа. 
 
-Анх бэлтгэлийн үед шантрах үе гарч байв уу?
-Балчир байсан болохоор тиймэрхүү үе гаралгүй яахав. Ядарна, шантарна, бэртэнэ гээд л. Гэхдээ багш нарынхаа дэмжлэгтэйгээр хичээсээр байгаад ард нь гардаг байсан. Түүний хүчинд л өөрийгөө хүсэл зорилгодоо хүрч, өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог.
 
-Монголын сагсан бөмбөгийн хөгжил ямар замналаар явж байна вэ. Ирээдүйн хөгжлийг та хэрхэн харж байна?
-Анх Монголын сагсны лигийг “Одод” телевизийн “Цэнхэр гариг” нэвтрүүлгээр л хардаг байлаа. Тэр үеийн Ц.Шаравжамц, Ж.Майбаяр, Т.Түвшинбаяр, Д.Ганцогт зэрэг тамирчдыг харж тэдэн шиг мундаг тамирчин болохыг зорьж ирсэн.
 
Харин өөрөө лигт тоглож эхлэхдээ Монголын сагсан бөмбөг уналтад орж байсныг мэдэрсэн. Мэдээж одоо бол хөгжилгүй яахав. Сайн тоглогч нар олон байна. Хувийн болон багийн бэлтгэл ч сайн болж.
 
 
-”Алтан үе” гэж ярьдаг даа. Тэднийг өнөөгийн шинэ үеийнхэнтэй харьцуулвал хэр ялгаатай байна?
-Бидний дээд талын харж, шүтэж өссөн үеийг “Алтан үе” гэх болов уу. Харин намайг харж үлгэр дууриал авч өссөн хүүхдүүдэд би “Алтан үе” нь болох байх. Энэ сүлжээ хэзээ ч тасрахгүй, цаашдаа үе үеэрээ хөгжинө гэж бодож байна.
 
Ах нартаа загнуулах, зэмлүүлэх зүйл их гардаг байсан. Монголын сагсан бөмбөгийн үе болгонд л алдаа оноо, амжилт бүтээлтэй хором мөчүүд бий. Бид бие биесээ суралцаж, хурцлагдаж ирсэн. Миний хувьд сагсан бөмбөгийн дөнгөж хаалгыг нь тогшоод орж ирж байна гэж боддог.
 
-Та анх 2005 онд тэргүүн тоглогч болж байсан байх аа?
-Амьдралын минь сайхан дурсамжийн нэг шүү. Харин 2008 оноос миний нуруу өвдөж эхэлсэн юм. Тэр үед өмнөх жилүүдийнх шигээ сайн тоглож чадахгүй байсан. Гэхдээ цаг, хором бүрт өөрийгөө зоригжуулахыг хичээсэн. Багийнхан маань ч сайн дэмжиж байлаа.
 
Тамирчин хүний хамгийн том дайсан нь гэмтэл, бэртэл байдаг юм билээ. Гэхдээ багтаа оновчтой дамжуулалт, оноо авалт зэргийг өөрийнхөө хэмжээнд гүйцэтгэхийг хичээсэн минь талаар болоогүй.
 
-Сагс үе үеэрээ хөгждөг гэж та хэлээ. Туршлагатай тамирчны хувьд залгамж халаагаа хэр бэлдэж байна?
-Одоо харьцангуй  сагс сайн тоглодог, энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд олон болж.  Олон шатны лигүүдтэй болсон байна. Миний цахим хаягаар олон хүүхэд ханддаг. Техник, ур чадвараа хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө авдаг юм.
 
-Таньд гарын шавь бий юу?
-Одоогоор хараахан алга. Гэхдээ дэмждэг, итгэдэг хэдэн  дүү бий шүү. “Хасу Мегаватт” багийн холбогч Ж.Алтаншагай гэж нэг хүү бий. Ирээдүйтэй сайн тоглогч болно гэж найдлага тавиад байгаа. Дүү нартаа хандаж багийнхантайгаа эвтэй, хүмүүжилтэй байгаарай гэж хэлье. 
 
-Гуанжоугийн Азийн наадмаар таныг хожлын торгуулийн шидэлтийг хийсэн гэдгийг хүмүүс сайн мэднэ?
-Хамгийн амттай хожил маань Гуанжоугийн Азийн наадам байсан. Гэхдээ тэмцээнд явахаас өмнө намайг шигшээ багт дуудаагүй . Харин шигшээ багийнхан явахаасаа өмнө манай “MBM” клубтэй тоглолт хийсэн юм.  
 
Тэр үед бид шигшээг нь хожчихсон. Нөгөөдөр нь над руу залгаад, чамайг авч явахаар болсон,  чи анхны мэдүүлэгт орсон юм байна гэж хэлсэн л дээ. Узбекстантай тоглосон сүүлийн тоглолт дуусахад зургаан секунд дутуу байсан юм.
 
Би ямар ч байсан бөмбөгөө залж ороод, оролт хийж алдаа авъя гэж тоглосон. Би зорьсондоо хүрсэн. Хоёр торгуулийн шидэлтээ амжилттай хийчихсэн.
 
-Олон улсын тэмцээнд явахад зардлаа яаж шийддэг вэ. Манай шигшээ багийг төрөөс хэрхэн дэмждэг бол?
-Ихэнхдээ  холбооны зүгээс шийдэж өгдөг. Анх явж байхад бэлтгэл хийх заал хомс санагддаг байсан. Харин сүүлийн жилүүдэд нэлээд дэвшилт гарсан байна лээ. Ямар ч байсан бэлтгэл хийх заал хангалттай олддог болсон. Энэ манай холбооны л буян байх.
 
-Сүүлийн жилүүдэд манайд сагсан бөмбөгийн хоёр холбоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдний зүгээс тамирчдад ирдэг дарамт их болсон. Энэ талаар та ямар байр суурьтай байна?
-Би энэ хоёр холбоог нэгдчихээсэй  гэж боддог. Гэхдээ өрсөлдөөн дундаас чанар бий болдог гэх нь бий. Сүүлийн жилүүдэд шагналын сан, цалин, хангамж өссөн нь сайшаалтай. Яг бодлогын хүрээнд нэгдвэл илүү хөгжих юм болов уу гэж бодох юм.
 
-Таныг шүтдэг хүүхэд олон бий. Та тэдэнд хандаж холбогч хүн  ямар байх ёстой тухай багахан зөвлөгөө өгөөч?
-Холбогч хүн багийнхаа тамирчдыг мэдэрч сурах хэрэгтэй. Багийн гол ноён нуруу нь төвийн тоглогч байдаг. Хэрвээ чи холбох үүрэгтэй бол төвийн тоглогчтойгоо ойлголцож, бусад тоглогчдоо суллах нь чухал.
 
-Энэ жилийн “Флэй офф” ширүүн болсон. “Харцага”-тай хийсэн тоглолт гал гарахаар болсон?
-Энэ жил тоглогч, дасгалжуулагчдын солилцоо олон болсон. Манай багийнхан эхний тойрогт ойлголцол муу байсан. Харин “флэй офф”-т Харцагат дөрөв, хоёроор хожигдсон. Харцагын хувьд үнэхээр сайн байсан шүү. Тэд тоглолтын үеэр нэг баг шиг байж чадсан болохоор манайхыг хожсон гэж бодож байна.
 
-Үнэхээр сагсан бөмбөгөөр хичээллээд, лигт тоглоод, хангалттай амьдарч чадна гэсэн баталгаа хэр байдаг юм бэ?
-Энэ спортоор хичээллэснийхээ үр шимийг алхам тутамд мэдэрдэг. Миний хувьд “Танан Импекс” компанитай хоёр жилийн 30 сая төгрөгийн гэрээ хийсэн. Энэ жил гэрээ маань дуусч байгаа. Гэхдээ цаашдаа энэ багтаа тоглоно гэсэн бодол бий.
 
 
-Та саяхан Монголын өсвөрийн шигшээ багийг дасгалжуулсан.  Бээжинд болсон гурвын эсрэг гурав тэмцээн ямар болов?
-Анх ҮСБХолбооны нарийн бичгийн дарга С.Тулга надад өсвөрийн шигшээг дасгалжуулах санал тавихад нь хүлээж авсан. Тэр тэмцээнд бид Азийн топ болох Иранчуудыг хожиж, тавдугаар байрт шалгарч, боломжийн амжилт үзүүлсэн гэж бодож байгаа. Энэ тэмцээн монгол хүүхдүүдэд их ойр юм шиг санагдсан шүү.
 
-Танд яг энэ цаг мөчид Монголын сагсан бөмбөгийн хамгийн том эрх бүхий удирдлагыг  өгөөд,  хүссэн бүхнээ хий гэвэл та яг юу хийх вэ?
-Хэрэв тийм эрх олговол улсын шигшээ болон бүх тамирчдын эрх зүй, нийгмийн асуудлыг шийдэж, доороос гарч ирж байгаа хүүхдүүдийг бага наснаас системтэйгээр бэлтгэх санал гаргана. Мөн бүх шатны дасгалжуулагчдыг мэргэжлийн хэмжээнд бэлдэж сайжруулах зорилтыг тавих байх. Би ч ялгаагүй сайн дасгалжуулагч болмоор байна.
 
-Таны гэр бүлийн хүн бас сагсаар хичээллэдэг. Нэг гэр бүлийн хоёр энэ спортод сэтгэл, зүрхээ зориулаад явахад сайхан болон бэрхшээлтэй тал нь юу байдаг вэ?
-Бид бие биеэ сайн ойлгодог. Бэрхшээлтэйгээс илүү сайхан тал нь олон. Бэлтгэл сургуулилт хийгээд ядарна. Тэр үед хань минь өөрөө зовлонг нь мэддэг учир намайг хэнээс ч илүү ойлгодог юм.
 
-Хүү чинь том болоод сагсчин болно гэвэл та дэмжих үү? 
-Хүүхдүүдийн минь буян заяа л мэдэх байх. Хүслээр нь явуулна гэж боддог.
 
Ч.Гантулга
Э.Энхтөгс
 
Эх сурвалж: