sonin.mn

Энэ удаагийн ярилцлагын зочноор, Монгол Улсын Гавьяат дасгапжуулагч, Шатрын улсын аварга П.Жигжидсүрэнг урьж ярилцлаа. Түүний бэлтгэсэн шавь нараас нь Монголын шатрын анхны эрэгтэй их мастер Б.Хатанбаатар, анхны эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул зэрэг олон сайн шатарчид төрөн  гарсан билээ.

-Та сүүлийн үед юу хийж байна . Сонирхуулахгүй юу?
-Сая "Улаан-Үд" Байгаль нуурт очиж, хэд хоног амраад ирлээ. Одоо ажилдаа ороод шатрынхаа хүүхдүүдтэйгээ хичээллээд л сууж байна даа.

-Хүүхдүүд гэснээс та багадаа ямархуу хүүхэд байсан бэ. Өөнтөгч хүүхэд байсан гэдэг?
-Би хүүхэд байхдаа сахилгагүй, хөдөлгөөнтэй ахмад хүмүүсээс их айдаг байсан. Харин үеийнхэнтэйгээ бол шатар тоглосон ч, барилдсан ч, үгээр ярьсан ч заавал дийлж, дээр нь гарахыг боддог, ер нь л хүнд дийлдэх дургүй хүүхэд байсан даa. Би их шооч зантай.

Хүмүүсийг шоолж, ёжилж явуулж байгаад заримдаа өөрөө эвгүй байдалд орох юм уу эсвэл тэр хүнээ эвгүй байдалд оруулдаг. Хэдий нас ахисан ч гэсэн энэ муу зуршлаасаа аль болох салах юмсан гэж бодож явдаг.

-Таныг нэг удаа тэмцээн дээр хожигдчихоод, гэртээ ирээд аягаа хагалж байсныг мэдэх юм байна?
-Тэгэлгүй яахав. Хор шар бол шатарчин хүнд байх ёстой зүйл. Хүн хожигдсон өрөг дээрээ яагаад хожигдов гэж дүгнэлт хийдэг. Харин давуу байж байгаад хожигдлоо, ялагдлаа гэж олон шалтаг тоочдог хүнд дургүй.

Хүн бурууг дүгнэж болно гэхдээ ялж байгаад ялагдчихлаа гэдэгтэй би эвлэрдэггүй. Тэр хүнд ямар нэг том дутагдал байгаа болоод ялагдаж байна шүү дээ.

-Таныг хүүхэд байхад танайхаар хүмүүс байнга ирж, аавтай чинь шатар нүүдэг байсан гэдэг. Аав тань анхны багш байж дээ?
-Яахав учиргүй их юм зааж өгөөгүй ч гэсэн анхны "А" үсэг буюу цагаан толгойг заасан хүнээ ямар ч хүн багш л гэж үздэг шүү дээ. Намайг бага байхад, томчууд хоорондоо бооцоо тавин тоглож, хожигдсоныгоо элдвээр шийтгэж, шоглож нэр хоч хүртэл өгдөг байсан. Жишээ нь аавтай тоглосон манай нутгийн нэг хүн хожигдчихоод өмдгүй буцаж байлаа шүү дээ.

Тухайн үед их инээдтэй санагдсан ч нөгөө талдаа бол их өрөвдөлтэй байж билээ. Энэ бүхэн надад их зүйлийг ойлгуулж өгсөн. Гэхдээ энэ нь хүмүүсийн ёс суртахуунд муу үр дагавартай. Гэвч орчин үеийн шатрын сургалтанд төдийлөн нөлөөгүй л дээ. Би үүнийг хүүхдүүдүүдэд сургах хүмүүжүүлэх талаас нь тайлбарлаж өгдөг.

Тэр үедээ хориг цээргүй байсан энэхүү "бооцоот" тоглоомд хэрэг болохуйц зүйл их байгаа учир авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Цаашид үүнийг зөв талаас нь судалбал ач злбогдолтой л зүйл.

-Тэгвэл та өөрөө бооцоотой тоглож байв уу?
-Тоглож байсан. 15-16 настай байхдаа дэд мастер н.Батаа гэж хүнтэй өдөр шөнөгүй нэг төгрөгөөр тоглож, 16 илүү хожиж, бооцоонд авсан мөнгөөрөө хуушуур авч идэж билээ. 1967 онд Архангай аймгийн нэг завод дээр нэг агенттай 24-ийн чихрээр тоглоод хожиж, хоёр уут чихэр авч байлаа. Сайхан л байсан.

Энэ нь одоогийн ханшаар бол багагүй мөнгө байлаа шүүдээ. Бас 1975-1976 онд байгууллагын хадлангаар яваад, хоолны давс дуусчихсан байсан болохоор Батсүмбэрийн сангийн аж ахуйн хадлангийн даргатай шатар тоглоод хоёр уут давс авч байлаа.

Мөн өөрийн үе тэнгийн анд мастер н.Гунгаабазартай тоглож, бүтэн сарынх нь цалинг авч байлаа. Харин өөрөө 1960-д оны үед Олон улсын мастер Т.Үйтүмэнтэй тоглож 20-30 төгрөг алдаж байлаа.

-Эцэг хүний захиас амьдралд сургамж болж, урам өгдөг шүү дээ?
-Сайн шатарчин болоорой, чадвал улсын аварга болно шүү гэж хэлж байсан. Тэгээд би 1982-1985 онд улсын аварга болсон. Даанч амьд ахуйд нь аварга болж чадаагүйдээ харамсдаг юм. Аавынхаа "Миний хүү өөрийнхоо бор амьдралыг залгуулж чадна. Харин хүний дургүй битгий хүргэж байгаарай, аль болох хүний сайн аашийг нь авч байгаарай гэсэн захиасыг нь биелүүлж л явдаг даа". Хоёрдугаарт архинаас хол яваарай гэж захидаг байсан. Үүнийг ч бас хичээж л явдаг.

Бусад талаар бол санаа зоволтгүй гэдэг. Мөн ороо бусгаа хэцүү амьдралд зөв замаар явж, гайгүй залуучуудыг сонгож нөхөрлөж байгаарай гэж хэлсэн. Хэрвээ амьдралд чинь ямарч хүнд бэрх, зовлонтой үе тохиолдсон ч уул усаа, эцэг эх хоёроо сүсэглэж биширч, явбал цаг бусын аюулаас зайлуулж өгдөг юм шүү гэсэнсэн.

Ер нь миний ээж аав хоёр наддаа л бурхан байсан. Надад эцэг эх, уул усаа сүсэглэх ёстойг ойлгуулаад буцсан даа.

-Тухайн үед нэр алдраа цуурайтуулж, байсан Монголын шилдэг шатарчин анхны олон улсын мастер Т.Үйтүмэн гуайн талаар та ямар бодолтой явдгаа дурсаж ярихгүй юу?
-Т.Үйтүмэнтэй би ойр дотно байсан хүнийх нь нэг. Үүеэ бол асар их авъяастай, маш хөдөлмөрч хүн байсан. Зан чанарын хувьд бол гүндүүгүй, хээгүй сайхан монгол эр хүн байлаа. Тэр үедээ бол жинхэнэ од гэж хэлж болохуйц, шатарчин байсан шүү.

-Тухайн үед Т.Үйтүмэн гуайд нам засаг их хатуу хандаж байсан гэдэг. 1972 оны дэлхийн аварга Р.Фишертэй хайнцаад, ирэхэд нь хөрөнгөтний шатарчинг хожиж чадсангүй гэж хурлаар оруулсан мөртлөө, мөн дэлхийн аварга, Оросын шатарчин Борис Спасскийтэй гурван ч удаа тэнцсэн тоглолт үзүүлж ирэхэд нь ах дүү орны найрамдалт харилцаанд сэв суулгалаа хэмээн зэмлэж байсан гэдэг?
-Тэр хоёртой тэнцээд ирэхэд нь зэмэлсэн явдал байхгүй ээ. Үүнийг би хүмүүсийн дэвэргэж, ярьсан худал цуурхал гэж боддог. Харин Т.Үйтүмэнг зарим нэг хүн санаатайгаар унагах гэж, архи дарс ихээр өгөх болсон. Шатрын спортод тиймэрхүү зөрчил тэмцэл байсан. Нөгөө талаар бол Т. Үйтүмэнд өөрт нь ч буруу байсан.

Тэр архинд их орсон байсан, үүнээс болж амьдрал нь ч уруудан доройтсон. Архинд орох явдал бол манай үе үеийн шатарчдыг холуур тойроогүй, харин ч дайрч байлаа. Уг нь архи гээч зүйл хүндэлдэг сайн хүндээ өгдөг идээ боловч, архины тухай сайн мууг шатарчидад хэлж ухуулах, талын юм бага байна.

Харин 1968 оны шатрын олимпиадад олон улсын мастер Л.Мягмарсүрэн Америкийн шатарчин н.Бирнтэй хожих байсан өрөгтөө хожигдсон явдлаас болж, хөрөнгөтний шатарчинд хожигдпоо гэж зэмлүүлж байсан.Тухайн үед хүмүүс энэ тал дээр өөр өөрийнхөө байр суурийг илэрхийлж байсан. Түүнээс биш Оросын шатарчинд хожигдох ёстой байсан юм гэдэг асуудал арай ч байгаагүй ээ.

-Шатарчид төрөөс санхүүгийн дэмжлэггүй, өөрсдөө бор зүрхээрээ явдаг гэж дуулсан?
-Ганц шатар биш бүх спорт л тийм байна шүү дээ. Шатрын ертөнцийг удирдаж байгаа холбоо маань холбоо шиг холбоо байж чадвал энэ бүхнээ зохицуулаад байж чадах бололцоотой. Сүүлийн үед "буудлага", "жүдо бөх" гэх мэт спортууд сайн хөгжөөд байгаа байна. Энэ нь тухайн спортуудын холбоо нь сайн ажиллаж байгаа байхгүй юу. Холбооны үйл ажиллагааг зөв удирдаж чадахгүй байгаа учраас л гаргах амжилтандаа хүрч чадахгүй байгаа юм.

Мэдээж хэрэг төр засаг бол энэ олон шатарчдыг мөнгө санхүүгээр хангана гэдэг учир дутагдалтай. Мэргэжлийн холбооны дэмжлэг хэрэгтэй байгаа. Төр засагт ойлгуулж хэлж, энэ тал дээр сайн чиглүүлж өгөх ёстой. Холбоо тааруу байна гэж би дүгнэж байна. Ганц миний дүгнэлт биш, бусад хүмүүс ч ингэж ярьдаг юм.

"Шатрын холбоо" сайн ажиллавал төр засаг дэмжихгүй биш, дэмжинэ ээ. Ингэж дэмжүүлэхийн тулд бид бас амжилт гаргах ёстой юм.

-Шатарчдыг цалин, хангамж муу байхад нь дэлхийн домогт аварга Р.Фишер өөд нь татсан гэдэг. Санал нийлж байна уу. Тэр хүний тухай ер нь ямар бодолтой байдаг вэ?
-Тиймээ шатрын үнэлгээ муу байхад Р.Фишер л жаахан өөд татсан шүү дээ. Энэ хүн л шатарчдын хөдөлмөрийг үнэлүүлдэг болгосон. Одоо бол ихэнх оронд шатрын хичээл доллараар 20-30 доллар, еврогоор бол 20-35 евро байдаг. Зааж байж менгө авдаг энэ ойлголтонд удахгүй хүрнэ. Тэр хэмжээнд хүрээгүй ч гэсэн тэр өндөрлөгт очих шат дараалал явагдаж байна.

Одоо даан ч тийм сайн дасгалжуулагч ховор байна даа. Энэ бүхнийг судалж л байгаа. Р.Фишер бол дэндүү гайхамшигтай шатарчин байсан. Тухайн үеийн дэлхийн шилдэг шатарчидын төлөөлөл болох, М.Тайманов, Б.Ларсен нарыг тус бүрийг 6:0 харьцаатайгаар бут ниргэж байлаа шүү дээ. Мөн дэлхийн аварга Борис Спасскийтэй 24 тоглолт хийх ёстойгоос 12,5:8,5 харьцаатай буюу нэмэлт гурван тоглолт хийлгүй ялж байлаа.

Түүгээр зогсохгүй эдгээр тоглогчдын цаана байгаа бүхэл бүтэн том баг холбооны эсрэг ганцаарахнаа тэмцэж ялалт байгуулсан. Үүнийг гайхамшиг гэхээс өөр юу гэх юм бэ. Харин Р.Фишерээс гардаг байсан янз бүрийн этгээд зан бол байх л асуудал гэж боддог.

-Гадаадын орнуудад бол нэг шатарчны цаана шатрын багш, сэтгэлзүйн багш, эмч сувилагч, ёс суртахууны багш, санхүүч гээд бүхэл бүтэн баг ажилладаг гэсэн. Манайд энэ талын сургалтыг нэвтрүүлэх боломж хэр байна вэ?
-Энэ талын менежмэнтийг хийх бүрэн бололцоотой. Энэ бол гагцхүү цэвэр холбооны ажил. Холбоо санаачлага гаргавал энэ олон багш, баг хамт олныг бүрдүүлж болно. Үүнийг бүтээхийн тулд хөөцөлдөх л хэрэгтэй байгаа юм.

Сая болсон шатрын олимпиадад шигшээгийн арван тамирчин оролцсоны гурав нь алдаг оног бэлтгэл хийж, бусад долоон тамирчин нэг хоногийн бэлтгэл хийхгүй явсан ч, манай эмэгтэй шатарчин Б.Мөнгөнтуул тоглосон бүх өрөгтөө хоёр тэнцэж, бусдыг нь хожиж, ялангуяа сүүлийн өргүүддээ гурван том их мастерыг дараалан хожсон явдал бол ямар мундаг шатарчин бэ гэдгээ харууллаа.

Тэгэхлээр дэмжлэг сайн үзүүлээд байвал Б.Мөнгөнтуулд дэлхийн аварга ойрхон байна. Ийм хүнээ дэмжихгүй, идэвхгүй бодлого явуулаад байвал нөгөө л тамын тогооны үлгэр болно шүү дээ.

-Шатар Энэтхэгээс үүссэн гэж үздэгч, эртний түүхтэй Монголд маань үүссэн гэж үздэг яриа бас байдаг?
-Зөвхөн Монгол, Энэтхэг гэлтгүй манайхаас үүссэн гэж маргадаг орон олон шүү дээ. Хамгийн гол нь Энэтхэгчүүд шатар манай оронд үүссэн гэдэг шинжлэх ухааны баримтаа дэлхийн оюуны өвд бүртгүүлчихсэн байдаг. Монголд үүссэн нь үнэхээр үнэн бол манайх бас үүнийгээ баримтаар нотолж, бүртгүүлэх шаардлагатай л даа. Одоогийн байдлаар монголоос шатрын үнэт олдвор олдчихоод байгаа. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас чулуун шатрын дүрс бүхий янз бүрийн сийлбэрүүд олдсон гэдэг.

-Дэлхийн нийтийн шатрын ертөнцөд "ховсдоод хожчихлоо" гэх яриа байдаг. Ийм зүйл шатарт байх ёстой юм уу?
-Хүний сэтгэл зүйд нөлөөлнө гэдэг бол шударга биш. Хөгжилтэй орнуудад иймэрхүү зүйлс их байдаг. Жишээ нь шатрын их мастер асан В.Корчной бол сэтгэл зүй сайтай тоглогч байсан гэдэг. Гэтэл 70-д оны эхээр Оросын шатарчин дэлхийн аварга А.Карповтой тоглох тоглолтынх нь үед хуучин Зөвлөлт холбоот улсаас 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, Корчнойгийн сэтгэлзүйд нөлөөлж, тоглолтыг нь унагах оролдлого хийсэн байдаг.

Мөн Хятадын шатарчид, тамирчиддаа энерги өгч байхыг би нүдээрээ харсан. Нэг их энергитэй хүмүүс байдаг. Тэдний биед хүрэх маягаар авдаг гэх үү дээ. Харин үүнийг бол би байх асуудал гэж боддог. Энэ чинь ховсдохооос шал өөр зүйл шүү дээ.

-Ингэхэд П.Жигжидсүрэн гэж хүн хэдийнээс шатрын ертөнцөд танигдах болов оо. Таныг 30 гаруй насандаа улсын аварга болж байсныг мэдэх юм байна?
-1963 оны өсвөр үеийн аваргаас мөнгөн медаль авсан үеэс танигдаж эхэлсэн. Тэр үедээ сургуулийнхаа багш нарт их үнэлэгдэж байлаа. Дараа нь Спортын мастер болж байсан. Улсын аварга болон, шатрын олимпиадад олон удаа тоглосон энэ бүх үйл явдлууд минь юм даа.

Одоо 11,12-той хүүхдүүд их мастер болж байна шүү дээ. Дөрөв, таван насандаа шатар сурч байна. Ингэж хурдацтай өсөхөд орчин үеийн хөгжил, мэдээлэл нөлөөлж байна.

-Бахархдаг шавь нараасаа нэрлэхгүй юү?
-Одоо бол Б.Мөнгөнтуулаар бахархаж байна. Б.Хатанбаатараар бахархдаг тэр бол үнэхээр шатрын агуу их авъяастай хүн, анх зургадугаар ангидаа над дээр ирж байлаа. Тэгээд бас А.Энхтуулбайна. Одоо 20 настай. Бусад хүүхдүүдийг бодвол их хөдөлмөрч, ямар нэг юм маш хурдан сурдаг. Англи, Орос хэл мэддэг. Юмыг маш сайн харьцуулж дүгнэх чадвартай хүүхэд.

-Та өөрөө ямар амжилт гаргачихаад, өөрөөрөө хэр их бахархаж, баярлаж байв?
-Нэг их бахархахаар том амжилт байхгүй ээ. Гэхдээ Т.Үйтүмэн, болон Л.Мягмарсүрэн хоёрын дараа олон улсын мастер болсон минь нэр төрийн хэрэг юм даа. Тэр үед олон улсын мастер болно гэж бодож байсангүй.

Бас 2000 онд "Монхангай" компаниас бооцоотой тэмцээн зохиоход, тэр үед Б.Хатанбаатар, Б.Шаравдорж хоёр их мастер болчихсон байсан үед, хоёуланг нь хожиж ялагч болсон минь бас л нэр төрийн хэрэг байлаа.

-"Хагас жарны тулаан" хэмээх шатрын номонд олон улсын мастер Х.Сүрэндорж агсан таны тухай бичихдээ "Олон л шатарчинтай тоглоод хожиж, хожигдож л байлаа. Харин би Жийгээ багшийг яагаад ч юм хождоггүй юм. Түүнтэй найман удаа таарч тоглохдоо ердөө ганц удаа тэнцэж байсан. Түүний хоржоонтой гэмээр залинд урхидуулчихаад байдаг" гэсэн байна лээ?
-Х.Сүрэндорж чинь миний шавь л даа. Надтай тоглолт таардаггүй байх л даа. Х.Сүрэндорж тактик барьж тоглодог. Би стратеги барьж тоглодог тул тэр тоглолтоо гаргахад хэцүү байсан байх. Магадгүй багштайгаа тоглож байсан болохоор биеэ барих зэрэг, сэтгэлзүйн асуудал байсан байх аа. Түүнээс биш, надад хүнээс онцгойроод байх тийм их заль байхгүй.

-Мөн тус номонд таныг онгоцны буудал дээр цүнхээ алдчихаад "Өө одоо дүүрч" гээд огт тоогоогүй нь сонин санагдсан гэж бичсэн байдаг?
-Нэгэнт алга болсон юмны хойноос харамсаад яах вэ дээ. Харин аливааг хүндээр хүлээж авдаг гэдэг дээр бол мэдээж хэрэг амьдралд ямарваа нэг гэнэтийн зовлон, гамшиг тохиолдоход сэтгэлд их эмзэг тусдаг даа. Анх "Зууны шатар" клубыг үүсгэн байгуулж, өвгөн дасгалжуулагч намайг баярлуулж байсан золгүй тохиолдлоор өөд болоход би үнэн голоосоо харамсч байлаа.

Хэдийгээр тэр хүн бурхны оронд очсон ч түүний хань Г.Баярмаа клубын захирлаар ажиллаж үйлсийг нь үргэлжлүүлж байна. Тэр эрхэм амьд сэрүүн ахуйдаа хүү Ц.Ашидыг минь гараасаа битгий салгаарай гэж надад захисан юм. Тэр захиасын дагуу хүүгийнх нь дасгалжуулагчаар ажиллаж л байна даа.

-Их амжилтын цаана сайн хань ижил, сайхан гэр бүл байдаг гэдэг?
-Тэгэлгүй яахав миний хань хоол унд, хувцас хунар гээд л миний бүхий л ар талыг хариуцдаг хүн шүү дээ. Ер нь айлын эхнэр хүн ямар байх ёстой миний хань тийм л байдаг.

А.Батнасан

Эх сурвалж: