sonin.mn

ОХУ-ын Челябинск хотод энэ сарын 25-31-нд болох жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчид оролцох гэж байна. Манай үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч б.Балжинням тэргүүтэй 18 жүдоч тун удахгүй эх орноосоо мордох аж.

Тэмцээний эхний өдөр болох 60 кг-ын жингийн барилдаанд манай улсаас Д.Амартүвшин, Г.Болдбаатар нар татами дээр зодоглох аж. Тэмцээний хоёр дахь өдөр Д.Төмөрхүлэг, А.Батсуурь нар тив дэлхийд алдартай жүдочидтой өрсөлдөх бол Хөдөлмөрийн Баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин С.Ням-Очир нар 73 кг-ын жинд барилдахаар болжээ.

Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Л.Отгонбаатар нар дэлхийн аваргын төлөөх татами дээр хурд хүчээ сорих юм байна. Харин Хөдөлмөрийн Баатар, олимпын наадмын алт, мөнгөн медальт тамирчин Н.Түвшинбаяр 100 кг-ын жинд барилдахаар тус, тус бэлтгэлээ базааж байна.

Эмэгтэй тамирчдын хувьд 25-ны өдөр 48 кг-ын жингийн барилдаанаар дэлхийн аваргын салхийг хагална. Энэ жинд манай улсаас гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар уран мэх, хурд хүчээ сорих аж. Тэгвэл 52 кг-д М. Бундмаа, А.Цолмон нарын бөхчүүд зодоглохоор болжээ.

Б.Номуун

Эх сурвалж: