sonin.mn

"Ралли Монголиа 2014" олон улсын уралдаан манай улсад найман өдөр үргэлжилж дүнгээ гаргасан. Энэ жилиин уралдааны эмэгтэйчүүдийн төрөлд манай улсаас дөрвөн тамирчин оролцсоноос "Эко мото спорт" аяллын клубын тамирчин Б.Бат-Ундрал замаа дуусгаж, хувийн амжилтаа ахиулжээ. Тамирчин хүний хатуужил, тэвчээрийн хязгаарыг үзүүлсэн түүнтэй уралдааны талаар ярилцсанаа хүргэе.

-Уралдаанд хурд хүчээ сорьсон Монголын эмэгтэй тамирчдаас та ганцаараа замаа дуусгаж чадлаа. Замаа дуусгахад багагүй тэвчээр, хатуужил шаардсан байх?
-Би өнгөрсөн хавар мастер ралли тэмцээнд оролцсон. Тэр уралдаанд оролцоод их туршлагажиж, ралли гэж чухам юу болохыг мэдэрсэн. Үүнээс гадна өнгөрсөн жил болсон раллид манай улсын эмэгтэй тамирчид оролцсон нь бас туршлага болсон гэж бодож байна. Түүний дараагаас л олон улсын раллид оролцож үзнэ гэсэн зорилт тавьсан.

Тиймээс "Ралли Монголиа 2014" тэмцээнд оролцохын тулд эртнээс бэлтгэсэн. Тэмцээнд надаас гадна гурван эмэгтэй тамирчин оролцсон. Ер нь эмэгтэй хүнд хатуудахаар хэцүү замтай байсан гэхэд болно. 560 км-ийн бартаат зам туулахаас гадна эхний өдөр бороо орж таарсан. Тэмцээний явцад шавраас болоод халтирч унах гээд амаргүй байсан.

Дээрээс нь шил цантаад юу ч харагдахгүй хэцүү нөхцөлд зам туулсан. Нөгөө гурван тамирчин маань ч замаа амжилттай дуусгасан. Миний хувьд мастер раллид оролцсон нь илүү туршлага болсон байх. Магадгүй аз ивээсэн байж ч болох юм. Уралдааны үед мотоциклиосоо олон удаа унасан ч яс хугараагүй зөөлөн эдийн гэмтэл авсан учраас тэмцээнээ цааш үргэлжлүүлсэн.

Онхолдчихоод босч чадахгүй хэвтэж байх үед их зүйл бодогддог юм билээ. Гэсэн ч "Заавал босоод тэмцээнээ үргэлжлүүлнэ шүү" гэж бодоод боссон. Би "Yamaha ttr" 250 сс хүлгээрээ Говьсүмбэр, Архангай, Өвөрхангайн нутгаар нийт 3800 км туулсан. Аяллын зориулалттай мотоциклиор ингэж хол зам туулахад амаргүй байлаа.

-Онхолдохдоо хэр хүнд бэртэл авсан юм бэ?
-Хүн эхлээд хөл, гараа хөдөлгөж үздэг юм билээ. Яс хугараагүй болохоор их баярласан шүү, Тэгээд л хөл дээрээ босохоор зориглосон. Босоод харсан чинь мотоциклийн маань бүх зүйл эвдэрсэн байсан. Асах болов уу гэж айж байсан ч ассан болохоор их баярласан. Бүр бэртэлтэй байгаагаа мартаад орилсон гээч.

Тэгээд л тэмцээнээ үргэлжлүүлсэн дээ. Эвдэрсэн мотоцикльтой хурд хийх ямар ч боломжгүй 20-30 км/ц-ийн хурдтай явсаар дундын бариан дээр ирсэн. Тэндээ биеэ эмчид үзүүлж, мотоциклио чадахаараа засаад замдаа гарсан.

-Мотоциклио засаад уралдаанаа үргэлжлүүлэхэд хэдэн цаг зарцуулсан бэ?
-Яг таван цаг зарцуулсан. Уралдааны явцад Хонгорын элснээс гараад цааш 560 км зам туулах шаардлагатай байсан. Говийн зам нэлээд биржигнүүртэй, дов гүвээ, жалга ихтэй байснаас болоод тэр үү тэмцээнээ эхлүүлээд 100 км яваад онхолдсон. Тийм замыг эвдэрсэн мотоцикльтой туулахад хэцүү байсан.

Надад хаа явж байгаагаа мэдэх ямар ч боломж байгаагүй. Баримжаагаар, өмнө нь явсан машин, мотоциклийн мөрийг харж л явлаа. Тэр үед надад Японы тамирчин тусалсан.

Намайг онхолдоод босч чадахгүй байхад хажуугаар өнгөрөөд явалгүй зогсч мотоциклиороо нар халхалж тусалсан. Намайг босч чадахгүй болсон гэж бодсон уу ирээд нэлээд татсан. Тэгж тусалсны эцэст хэсэг хугацааны дараа би өөрөө боссон.

-Тэмцээнд оролцохоор Японы хоёр эмэгтэй тамирчин ирсэн. Уралдааны явцад тэднээс суралцах зүйл их байв уу?
-Тэмцээний автын төрөлд хоёулаа оролцсон. Бидэнтэй нэг нь л уралдсан. Автын төрөлд оролцсон тамирчид техникийн шалтгаанаас болж хасагдсан. Харин бидэнтэй уралдсан тамирчин арван жил раллид уралдаж байгаа туршлагатай тамирчин байсан.

Дээрээс нь сүүлийн таван жил Монголд болсон олон улсын чанартай уралдаануудад тасралтгүй оролцсон болохоор бүр ч ярих юм биш. Тэмцээний эхэнд өөрийнхөө хэр хэмжээг мэдэхгүй түүнтэй өрсөлдөх гэж нэлээд үзсэн л дээ. Японы тамирчны мотоциклийн багтаамж нь өндөр байсан болохоор дараа нь барахгүйгээ ойлгосон.

-Гадаадын тамирчид тэмцээнд оролцохдоо өөрсдийн хэрэглэдэг техникээ авчирдаг гэсэн. Энэ удаад ч тэгсэн үү?
-Японы тамирчид бүрэн бүрэлдэхүүнтэй ирсэн. Гэхдээ миний мотоцикль хуучин гэлтгүй сайн явсан. Харахаар л хайр хүрээд байсан. Тэгж айхавтар онхолдсоны дараа ч зүв зүгээр асч байхыг хараад үнэхээр их баярласан даа.

-Уралдааны замаа өмнө нь судалж байсан удаатай юу?
-Газар зүйн байрлалыг нь харснаас биш яг биечлэн судалж байгаагүй. Осолдохын өмнө анхаарах бичиг байсан. Тэр үед би нэлээд хурдтай явж байгаад  туршлагагүйтээд онхолдсон. Өмнө нь тэнд жалга байгааг мэдсэн ч тулгаад орчихсон учраас зайлаад гарах эсвэл онхолдохгүй байх боломж гараагүй.

Түүнээс их сургамж авсан. Одоо тийм замд зайгаа хэрхэн авахаас эхлээд олон зүйлд туршлагажсан гэж бодож байна.

-Онхолдсоны дараа хөл дээрээ босоход танд юу нөлөөлсөн бол?
-Тэмцээний зургаа дахь өдөр би онхолдсон. Тэрний урд өдөр ч сул чулуу ихтэй замд гарсан. Тэгээд ядарч явахад дундын бариан дээр байгаа хүмүүс "Чиний ард Монгол Улс байгаа шүү" гэж хэлээд их зоригжуулж, урам өгсөн.

Тэдний хэлсэн үг нь ч толгойд үлдсэн учраас "Мотоциклио унасан үедээ заавал босох хэрэгтэй, түрээд ч хамаагүй замаа дуусгах ёстой" гэж бодоод босдог байлаа. Усны хувьд зориулалтын цүнхэнд үүрээд явдаг болохоор шингэн зүйлээр дутагдаагүй.

Бас ойр зуурын хэрэглээний өвчин намдаах эм болон бусад зүйлтэй явдаг. Яс хугараагүй үед өөрөө өөрийгөө эмчлэх мэдлэг хэрэгтэй. Уралдааны сүүлийн гурван өдөр байнга л эм уусан. Мөн долоо дахь өдөр уралдсан уулын зам амаргүй байсан.

-Хатуужил, тэвчээр шалгасан уралдаанд эмэгтэй хүн өрсөлдөнө гэхээр хүмүүс өөр, өөр хүлээж авсан байх?
-Хамгаалалтын хувцас хэрэгсэл сайн болохоор тийм зүйлд санаа зовоогүй. Түүнээс гадна сав, бөөр доргино гээд өөрийгөө бүрэн баадагнаад явсан. Хэдийгээр халуун байсан ч баадагнасан зүйлээ ерөөсөө аваагүй.

Тэгээд өглөө босоод уралдаанаа бодохоор хоол хоолойгоор давахгүй байсан ч "Идэхгүй бол тамирдана" гээд хүчээр хооллодог байсан. Өглөө гараад ядарсан үөдээ дундын бариан дээр очоод нэг цаг унтана гэж боддог ч тэгэлгүй уралдаанаа үргэлжлүүлдэг байлаа. Бас барианд ороход хүмүүс их сайхан хүлээж авсан.

Тэр бүгдээс их урам авсан даа. Бид толгой тамирчдаас бараг цагийн хойно шахуу гардаг. Тэгээд зарим сайн тамирчинд техникийн асуудал гараад хоцроход нь надад боломж байгаа юм шиг санагдаж улам хурдалдаг байсан.

-Ер нь өөртөө хэр их итгэлтэй байв?
-Уралдаан эхлэхээс л замаа дуусгана гэсэн бодол надад байсан. Олон хүн надад итгэж байсан учраас тэдний урмыг хугалахгүйн тулд их хичээсэн. Мөн эхний өдөр намайг гэрээс гарахад ээж, эмээ хоёр маань сайн уралдахыг ерөөгөөд, сүү өргөсөн. Тиймээс уралдаанаа зогсооно гэсэн бодол надад нэг ч удаа бодогдоогүй.

-Мото спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ?
-Мотоцикль унаснаас хойш дөрвөн жил болж байна. Тэр үед замын хөдөлгөөнд оролцож зүрхэлдэггүй байлаа. Харин өнгөрсөн жилээс мотоцикль сонирхогчдын бүлгэмтэй нэгдэж хотын хөдөлгөөнд орж эхэлсэн. Энэ спортыг нэг л сонирхсон бол салж чаддаггүй. Ямар нэгэн аюултай зүйл болохгүй л бол хэр баргийн зүйлээс болж хаядаггүй спорт л доо. Хүмүүс ч их дэмждэг.

Өнгөрсөн жил юу ч мэддэггүй байхдаа тэмцээнд оролцоод их хүнд бэртэл авсан. Түүнээс болоод их эсэргүүцэлтэй тулгарсан ч одоо хүртэл спортоо, сонирхлоо хаяагүй л явна. Тэгээд ч багаасаа хурдны морь унаж өссөн нь надад мотоцикл унахад дөхөм байсан.

-Хамгийн ихдээ хэдэн км/цаш хурдалж үзсэн бэ?
Засмал замд 220 км/цаг хурдалж үзсэн. Шороо замд 120 км/цаг хүрсэн. Монголд яг хурд хийх зам байдаггүй. Гэхдээ хүмүүс 330 км/ц хүртэл хурдалдаг гэсэн.

-Энэ спортоор хичээллэхэд хөрөнгө мөнгө их шаарддаг биз?
-Мотоцикль унаж эхэлснээс хойш би өөртөө үнэтэй туфль, даашинз аваагүй. Өөрөөсөө илүү мотоцикльдоо аль сайн гэсэн хэрэглэл авдаг болсон. Ер нь их зардал өндөртэй спорт л доо.

-Одоо ямар тэмцээнд оролцох бодолтой байна вэ?
-Ирэх сард болох улсын аварга шалгаруулах тэмцээнд орно гэж бодож байгаа. Цаашдаа олон улсын тэмцээний эмэгтэй төрөлд уралдах бодол бий.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: