sonin.mn

Португалийн алдарт хөлбөмбөгчин Андерсон Луйс Де Коза буюу Деко гудамжны хөлбөмбөгийн хамгийн дуулиант тэмцээн болох "Tiger street football''-д оролцохоор өнгөрсөн баасан гаригт манай улсад хүрэлцэн ирсэн. Аваргуудын лигт "Порту", "Барселона"клубээс тоглон ялалт байгуулж байсан түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Манай улсад ирэхийн өмнө Монголын хөлбөмбөгчдийн талаар хэр мэдээлэлтэй байв?
-Юуны өмнө Монголын ард түмэнд болон "Монголын үнэн" сонины уншигчдад энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Миний бодлоор хөлбөмбөг бол маш аугаа, гайхамшиггай спорт. "Tiger street football" бол мэргэжлийн хөлбөмбөгөөс шал өөр л дөө.

Учир нь мэргэжлийн хөлбөмбөг олон дүрэм, журамтай. Тэр хэмжээгээрээ баригдмал буюу их хуурай тоглолт гардаг юм шиг надад санагддаг. Харин гудамжны хөлбөмбөг бол тэс ондоо.

Та бид бүгд ялгаагүй гудамжны хөлбөмбөг тоглож өссөн. Гудамжны хөлбөмбөг нэлээд хурц, дайчин, шийдэмгий чөлөөтэй байдаг. Тийм болохоор энэ удаагийн "Tiger street football" тэмцээний албан ёсны төлөөлөгч болооч гэсэн саналыг дуртайяа хүлээж авсан.

Учир нь би багадаа гудамжны хөлбөмбөг тоглож өссөн. Дэлхийн өнцөг булан бүрт хүүхэд гудамжны хөлбөмбөг тоглож өсдөг. Үүнтэй хүн болгон санал нийлэх байх. Тэр ч утгаараа би бага насаа дурсах гэж энэхүү саналыг хүлээж авсан гэж хэлж болно.

"Tiger street football" тэмцээн өнгөрсөн наймдугаар сард Камбожид болсон. Тэр тоглолтын үеэр Монголын хоёр багийн тамирчдын тоглолтыг үзсэн. Үнэхээр хурдтай, хүчтэй, тоглодог юм билээ.

Монголд ирээд хөлбөмбөг тоглодог, шүтэн биширдэг олон фанат байдгийг олж харлаа. Унэнийг хэлэхэд би Монголын хөлбөмбөгийн хөгжил хурдацтай хөгжиж байгааг харах сэтгэл өндөр байна. Энэ хэмжээгээр надад бахархах сэтгэл төрж байна. Мөн намайг болон энэхүү тэмцээнийг хүндэтгэж ирсэн хүмүүст баярлалаа гэж хэлье.

-Энэ удаагийн тэмцээнийг өмнөхөөс нь арай өөрөөр зохион байгуулна гэсэн. Тухайлбал ямар, ямар өөрчлөлтүүд орсон бэ?
-Тэмцээнд оролцогчдын чанарыг сайжруулах зорилгоор багийн тоог багасгасан. Камбож, Монгол хоёроос тус бүр хоёр, хоёр баг оролцож байгаа. Дараагийн тоглолт есдүгээр сарын 6-ны өдөр Сингапурт болно. Эндээс шалгарсан тоглогчдыг нэгтгэж нэг баг болгоод Деко болон түүний нөхөдтэй халз өрсөлдүүлнэ.

Деко болон түүний нөхөд гэхээр манай мэргэжил нэгт тамирчидтай гэсэн үг. Бүгд л олон улсын чанартай тэмцээнд оролцож байсан нэгэн үе шуугиан тарьж байсан хөлбөмбөгчид.

Яагаад ингэж байна гэхээр "Tiger street football" тэмцээн Азийн хөлбөмбөгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан. Энэ хэрээр гудамжны хөлбөмбөг хөгжиж, тэр хэмжээгээр хөлбөмбөг сонирхох залуус ихэснэ гэж бодож байна.

-Та Монголын хөлбөмбөгчдөөс хоёр шилдэг тоглогч шалгаруулна. Тэднийг ямар шалгуураар тодруулах вэ?
-Монголын тамирчид онцлог, давуу тал ихтэй. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай юм шиг санагдлаа. Учир нь намайг нисэх буудал дээр бууж байхад бороотой, тэнгэр бүрхэг сэрүүхэн өдөр болох гэж байгаа юм шиг санагдсан.

Гэтэл хоёрхон цагийн дотор бороо орохоо больж тэнгэр цэлмэж эхэлсэн нь надад сонин санагдсан. Энэ хэрээр хүмүүс нь аливаа зүйлд хувьсан өөрчлөгдөх чадвар сайтай юм болов уу гэсэн бодол төрлөө.

Шилдэг тоглогчийг шалгаруулахдаа хурд, авьяас, ур чавар, арга техник зэргийг нь харна. Ямар ч тэмцээн уралдаан өрсөлдөөнтэй, ширүүн болдог ч аль нэг нь онцгойрон гарч ирдэг шүү дээ. Тийм болохоор тоглогчдийг нэг бүрчлэн ажиглаж харна.

-Монголчууд "Хувьтай хүн хур борооноор" гэж бэлгэшээж хэлдэг юм. Таныг манай улсад анх удаа ирэхэд бороо орсныг их бэлгэшээж байна?
-Би Монголд анх удаа ирж байна. Өмнө нь өргөн уудам тал нутаггай, нүүдэлчин соёл иргэншилтэй ард түмэн зэрэг тодорхой мэдээлэлтэй байсан. Хотын төв рүү орж нийслэл Улаанбаатартай зах зухаас нь танилцлаа. Хөгжиж буй хот юм шиг санагдсан.

Хүмүүс нь их соёлтой бас их цэвэрхэн хувцасладгийг нь харлаа. Надад Улаанбаатар таалагдаж байна. Хамгийн сайхан зүйл нь үндэснийхээ урлагийг үзүүлж сонирхуулсан. Мөн үндэсний хувцсаа бэлэглэсэн.  Надад нандин сайхан бэлэг олон хэдий ч монголчуудын өгсөн бэлэг хамгийн үнэтэй нь боллоо.

-Улаанбаатар хотод хэд хоногийн хугацаатай ирсэн бэ. Тэмцээний дараа хийхээр төлөвлөсөн зүйл бий юү?
-"Tiger street football" тэмцээний хүрээнд хоёр хоногийн хугацаатай ирсэн. Хүний хүсэл хязгааргүй. Хүсэл мөрөөдөл ч ялгаагүй. Уг нь тэмцээний арга хэмжээнээс өөр төлөвлөсөн зүйл олон бий. Гэтэл цаг хугацаа давчуу болохоор яах бол гэсэн бодол төрж байна.

-Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөөд удаагүй байна. Хөлбөмбөг сонирхогчдын тааварлаж байгаагүй гал ассан тоглолтууд олон болсон. Мэргэжлийн хөлбөмбөгчин хүний хувьд бодлоосоо хуваалцаач?
-Энэ удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хөлбөмбөг сонирхогчдыг ёстой л суудлаас нь өндөлзүүлсэн тоглолтуудаар дүүрэн байсан. Үүнтэй хүн болгон санал нийлэх байх.

Миний хувьд мэргэжлийн хөлбөмбөгчин, сонирхогч гэсэн үүднээс үзсэн. Сэтгэл догдпуулсан, харамсах, хүлээн зөвшөөрөхгүй байх зэрэг олон тоглолтууд гарсан.

Бразилийн хожигдол надад үнэхээр харамсалтай санагдсан. Хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Гэхдээ бөмбөг бөөрөнхий шүү дээ. Тоглогч бөмбөгийг удирдаж явдаг хэдий ч тэр хаашаа өнхрөхийг урьдчилан тааж мэдэх боломжгүй.

-Танд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж бүрэн байсан ч яагаад тоглоогүй юм бэ?
-Энэ удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Португаль болон Бразилийн багт орж тоглох боломж надад байсан. Гэсэн ч би нэгэнт зодог тайлсан хүн. Ногоон талбайгаа хүндэтгэсэн гэж хэлж болно.

-Танд "Челси", "Барселона" зэрэг хөлбөмбөгийн шилдэг багуудаас тоглох санал тавьж байсан. Тухайн үед та "Барселона"-г сонгож байсан. "Челси"-ийн багийг тоглогч болох боломжоос татгалзсан нь тухайн үед нэлээд шуугиан тариад авсан. Тэр үөийг эргэн дурсвал?
-Би багаасаа л хөлбөмбөг тоглож, хөлбөмбөгөөр амьсгалж өссөн. 14-15 настайдаа "Барселона" багийн хөлбөмбөгчдийн тоглолтыг харж, тэдэн шиг болохыг хүсч мөрөөдөж ирсэн.

Тухайн үед надад "Челси", "Барселона" хоёроос санал ирсэн. Багын мөрөедлее биелүүлэхийн тулд "Барселона"-г сонгосон.

Нэг үгээр хэлбэл, "Барселона"-г сонгосон нь миний багын мөрөөдөл байсан. Хэдий одоо би зодог тайлсан ч тухайн үеийн тоглолтуудаа бодохоор сайхан санагддаг юм.

-Та нэг ярилцлагадаа "Хөлбөмбөг бол яахын аргагуй гайхамшигг тоглоом" гэж хэлсэн байдаг. Тэрхүү гайхамшигт тоглоомын сайхныг мэдрэхийг хүссэн хүүхэд залууст юу гэж зөвлөмөөр байна?
-Хөлбөмбөг бол яахын аргагүй гайхамшигт тоглоом. Хөлбөмбөг сонирхогч хүүхэд залууст хандаж хэлэхэд хувийн зохион байгуулалт, хариуцлага, нэг хамт олон болж чадах гэсэн гурван зүйлд сэтгэлээсээ хандах хэрэгтэй.

Мэдээж хувь хүний хүсэл сонирхол, чадвар, авьяас зэрэг шаардлагатай л даа. Тийм болохоор хөлбөмбөг сонирхогч хүүхэд залуусыг хүсэл мөрөөдөлтэй байгаарай гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

Эх сурвалж: