sonin.mn

Энэтхэгийн ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монгол, Энэтхэг, Швед, Америк, Индонези зэрэг таван улсын нийт 80 тамирчин бүтэн өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр оюунаа уралдуулж аваргаа тодруулжээ.

Тэмцээнд манай улсаас Монголын оюун ухааны академийн гурван тамирчин дасгалжуулагч, олон улсын шүүгч Х.Хатанбаатарын хамт оролцож, 30 медалийн 9-ийг нь хүртэн, дунд насны ангилалд дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоон багийн оноогоор тэргүүлсэн байна.

Олон улсын аварга 16 настай Э.Энхмөнхийн хувьд хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэн нийлбэр оноогоор 80 тамирчнаас хоёрдугаар байрт шалгарч мөн дунд насны ангилалд түрүүлжээ. Тэрбээр "Хөзөр" цээжлэх хурдны төрөлд нэг багц хөзрийг 33 секундэд тогтоон алдаагүй нэрлэснээр Хятадын тамирчны эзэмшиж байсан дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Өнгөрсөн жил Лондонд болсон дэлхийн аваргын тэмцээний дунд насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан 14 настай З.Цэцэгзул хоёр хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр тавдугаар байрт орж дунд насны ангилалд дэд байр эзэлжээ.

Мөн Филиппиний тэмцээний аварга 16 настай Т.Энхжин нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэн "Хоёртын тоолол" төрөлд таван минутад 750 цифр тогтоон алдаагүй нэрлэснээр урьд өмнө З.Цэцэгзулын тогтоосон дэлхийн дээд амжилтыг ахиулсан байна. Дараагийн тэмцээн Хонконгг энэ сарын 13, 14-нд болох бөгөөд манай улсаас 10 тамирчин оролцох юм байна.

Б.Сийлэн

Эх сурвалж: