sonin.mn

Хэдхэн хоногийн өмнө манай хойд хөршийн өмнөд Уралын нийслэл гэгддэг Челябинск хотноо жүдо бөхийн ДАШТ амжилттай зохион байгуулагдаж, энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Г. Болдбаатар аваргалан эх орон, элэг нэгтнүүдээ баярлуулсан билээ.

Тэгвэл энэхүү тэмцээнийг өөрийн биеэр үзэж сонирхсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин манай улсад ажлын айлчлал хийх үеэрээ 60 кг-ийн жингийн дэлхийн аварга Г. Болдбаатарт баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсчээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 60 кг-ийн жингийн хагас шигшээ болон шигшээ барилдаануудыг өөрийн биеэр үзэж сонирхсон төдийгүй Г. Болдбаатарын уран мэх, хурд хүч, авхаалж самбааг гойд үнэлснээ уулзалтынхаа үеэр өгүүлжээ. ОХУ-ын төрийн тэргүүнтэй манай улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид уулзах үеэр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Чин­гисийн цомыг дурсгал болгон бэлэглэсэн байна.

В.Путин жүдочидтой уулзахдаа, “ Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийнхан дэлхийд танигдсан, уран чадвартай, үнэхээр гайхалтай барилдаануудыг үзүүлдэг. Энэ спортын төрлийг Монголд амжилттай хөгжүүлж байгаа холбогдох албаныханд талархууштай. Ялангуяа тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн уралдаануудад амжилт гаргасан тамирчид, саяхан Челябинскт болсон ДАШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн эмэгтэй тамирчдынхаа амжилтыг дэмжиж, төр засгийнхаа зүгээс урамшуулах нь тэдний урмыг сэргээж, цаашдын тэмцээн уралдаанд улам их амжилт гаргахын үндэс суурь нь болох биз ээ. Монголын Засгийн газар тэдний гаргасан амжилт, гавьяа зүтгэлийг зохих ёсоор үнэлдэг гэдэгт найдаж байна” хэмээн ярьсан тухай албаны хүмүүс мэдээллээ.

Д.Мөнх

Эх сурвалж: