sonin.mn

“Өсвөрийн 9999 монгол шатарчид” тэмцээн  Завхан аймагт өнөөдөр эхэллээ.

Дөрөв хоног үргэлжлэх эл тэмцээнийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын санаачилсан гурван тулгуур бодлогын хүрээнд зохион байгуулж буй хэмээн зохион байгуулагчид нь ярив. Тус тэмцээнд аймгийн 24 сумын 31 сургуулийн хүүхдүүд оролцож буй аж. Бүх шатны тэмцээн “швейцари систем”-ээр таван өрөг тоглож, онооны дарааллаар байр эзлүүлэх бөгөөд анхан шатанд шалгарсан сурагчид энэ сарын 22-23-нд Улиастай хотод болох шигшээ тоглолтод оролцох юм.

Олон улсын Шатрын холбооны ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Халимаг Улсын Ерөнхийлөгч  асан Кирсан Илюмжинов, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, БСШУЯ болон ССАЖЯ-ны төлөөлөл маргааш тус аймгийн Баянтэс, Тэс суманд очиж, тэмцээний явцтай танилцах юм байна.

Завхан аймгийн Баянтэс сумын хувьд нийт 405 хүүхэд нийт таван насны ангилалаар шатрын тэмцээнд оюун ухаанаа сорьж байна. Тодруулбал, 5-7 насны ангилалд 21 хүүхэд, 8-9 насны ангилалд 36 хүүхэд, 10-12 насны ангилалд 138 хүүхэд, 13-15 насны ангилалд 143 хүүхэд, 16-18 насны ангилалд 67 хүүхэд оролцож байгаа юм.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг