sonin.mn

Монголын тамирчид Азийн ХVII наадмын тэнгэрт төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлж эх орон нэгтнүүдээ баярлуулаад байгаа. Энэ бол зөвхөн жүдочдийн ялалт. Одоо удахгүй чөлөөтийн бөхчүүд, ялангуяа ширэн бээлийт­нүүд маань Инчоны тэнгэр дор хүнд нударганыхаа амтыг мэдрүүлэх болно.

Монголын боксчид “эцэг” нь болсон Ардын багш Д.Банди гуай хажууд нь паргиадуу хоолойгоор зангарагтай гэгч нь ганц хоёрхон үг хэлээд зогсож байвал жинхэнэ аянга цахилгаан шиг нэдрээд өнгөрдөг түүхтэй.

1997 онд Будапештийн тэнгэр дор монголын боксчдын салхийг хагалж гавьяат тамирчин тамирчин Т.Үйтүмэн рингин дээр нь Унгарын боксчныг накаутаар ялж, анхны мөнгөн медалийг шүүрэхэд чухамхүү Д.Банди багш л сөөнгө хоолойгоор уухайлан хашхирч зогссон гавьяатай.

Түүнээс хойш У.Мөнх-Эрдэнэ, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Н.Төгсцогт нарын олимп, дэлхий­гээс авч ирсэн алт, мөнгөн медалиудын ард Ардын багш Д.Банди ханхайтал зогсож байсан нь маргашгүй үнэн билээ.

Өчигдөрхөн л цахим ертөнцөөр Ардын багш Д.Бандийн багахан хөмсөг зангидсан зураг цацагдаж, олон хүний сэтгэгдэлд дарагдсан байна лээ. Түүний зургийг гарынх нь шавь, дэлхийн аварга П.Сэрдамба авч “Зургийг нь авсанд багш уурлаж байна” хэмээх тайлбартай оруулсан байсан.

Ер нь бол Монголын боксчдын аав, Ардын багш Д.Банди гуай хэзээний л инээчихсэн явж байдагсан. Булган аймгийн Тэшиг сумын уугуул Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш Д.Банди өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан нь хэдхэн жилийн өмнөх явдал.

Тэр хооронд боксчид аавгүй мэт болж, ихэд өнчирсөн билээ. Харин өнгөрсөн гуравдугаар сараас Д.Банди багш эргэн ирж өнөөдөр Монголын боксын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч хийж яваа.

Буриадууд ард олондоо хүндлэгдсэн, хийсэн ажилтай, хэлэх үгтэй халхагар өвгөдөө “Баавай” хэмээн эрхэмлэн дууддаг. Д.Банди багш Монголын боксын спортын дөрвөн үеийнхэнийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд нь хүргэсэн,халз тулааны спортын баавай дасгалжуулагч аргагүй л мөн.

Монголын боксын спортын үндэс суурийг тавигч гавьяат дасгалжуулагч Б.Олзотоос хойш түүн шиг дасгалжуулагчийн ажилд тэсрэлт гаргаж, Монголын боксчдын авьяас чадварыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлсэн багш байхгүй.

Уг нь УБДС-ийг төгссөн математикийн багш хүн юм билээ. Математикийн багшийн оновчтой түргэн сэтгэлгээгээ, өөрийн төрөлх уужуу тайван ухаантай хослуулан намуухан дуугаар зааж зөвлөсөөр Монголын боксчдыг өнөөдрийн хэмжээнд бэлтгэсэн гавьяатан билээ. 2012 оноос өмнөх сүүлийн арван жилд дэлхий нарыг бүтэн тойрох 365 хоногоос 70 гаруй өдөрт нь гэртээ тайван хонож үзээгүй Д.Банди багш аргагүй л жаахан ядарч, бие нь тэнхээрээд ажлаасаа чөлөө хүссэн болов уу.

2010 оны тавдугаар сард цус харвасан ч Монголын боксын маргаашийн төлөөх сэтгэлийн их тэнхээ, хань ижил, зургаан сайхан хүүхдийнхээ хүчээр хоёр хөл дээрээ бат зогссон билээ. Д.Банди багш хэзээ ч хаана ч уулзсан инээмсэглэсэн, уриалгахан зангаа­раа угтаж, царгиадуу баргил хоолойгоор ажил хэргээ урамтай гэгч нь тайлбарладаг зантай.

Түүнд уулзаж учирсан хүмүүсийг, шавь нараа, хавь ойрынхноо өөртөө татах ямархан нэгэн хүч байх шиг л санагддаг. Миний бодлоор тэр их хүч нь ямар ч үед адгаж сандардаггүй, орилж хашгичдаггүй дөлгөөхөн тайван занд нь л оршдог болов уу. Бээжингийн олимпод Монголын боксчид аянга цахилгаан шиг тэсэрч Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгөн медаль шүүрэх хүртэл 1350 удаа рингэнд шавь нараа дагуулан гарч, тэр хэрээр л тархиныхаа эд эсээс хороосон нь ойлгомжтой.

Бээжингийн олимп хүртэлх зургаан жилд эх орныхоо хилийн дээсийг 200 гаруй удаа алхаж Монголын ширэн бээлийтнүүдийн гайхамшигтай цуврал ялалтуудыг удирдан чиглүүлж явсныг нь бодохоор 60 насны босгыг холхон алхсан түүнийг бахдан бишрэхээс л аргагүй.

Бээжин, Милан, Баку, Чикаго, Бусан гээд дэлхийн өнцөг булан бүрт Монголын ширэн бээлийтнүүдийг ялалтын тавцан өөд хөтөлж явсан уртын их замынх нь гэрч болсон 20 ширхэг хуудас нь дууссан гадаад паспорт түүнд хадгалагдаж байгаа.

Монголын боксын спорттой 50 шахам жилийн амьдралаа хол­босон түүний хоолойны хөвч нь суларч, өнөөдөр ярихдаа нэлээн хүч гарган хоолойгоо шахаж ярьдгаас амархан ядардаг болсон юм билээ.

Гучин хэдэн жил дасгалжуулагч хийхдээ боксын тэмцээн үзэхээр танхимд цугласан олон зуун хөгжөөн дэмжигчдийн шуугианаас даван дуугарч, хэрэгцээтэй цаг үед нь шавьдаа ганц ч болтугай ончтой зөвлөгөө өгөх гэж хоолойгоо сөөтөл хашгирч явсны хор нөлөө өнөөдөр ингэж илэрч байгаа.

Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарын хоёр хөдөлмөрийн баатар, Т.Үйтүмэн, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нарын таван гавьяат, 30 гаруй ОУХМ, 60 гаруй спортын мастер, 600 гаруй зэрэгтэй боксчныг Монголын их спортод бэлтгэж өгсөн Ардын багш маань олон жил өөрийн гэсэн орон сууцгүй, айлаас айл дамжин нүүдэллэж билээ.

2008 оны Бээжингийн олимпод алт, мөнгөн медаль ихэрлүүлэн Монголын спортыг цоо шинэ түвшинд гаргачихаад ирэхэд нь улсаас байр өгөлгүй өвгөн багшийн голыг харлатал гомдоосон түүхтэй. Гараас нь хөтлөн явж их спортын оргилд хүргэсэн шавь нар нь гавьяа шагналдаа дарагдаж байхад, замыг нь зассан дасгалжуулагчийг нь бүгдээрээ мартчихсан нь мөн ч эмгэнэлтэй хэрэг шүү.

Харин 2009 оны Миланы дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж багаараа 75 хувийн амжилттай тэмцэлдэж, 48 орноос тавдугаар байрт шалгараад ирэхэд нь сая нэг ШШБЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооныхон дөрвөн өрөө байраар мялааж билээ. Ардын багшийг өөрийн гэсэн орон сууцтай болоход нэр нөлөө, албаны эрх дархаа ашиглан ихэд хүчин зүтгэл гаргасан ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид гүн талархал илэрхийлүүштэй.

Хүн гэдэг чаддаг юмаараа хэрэгцээтэй цагт нь хэн нэгнээ магнайг нь тэнийтэл баярлуулах шиг буянтай ажил гэж юу байх билээ дээ. Д.Банди багш Монголын боксын спортыг хөл дээр нь найдвартай босгосон шигээ өөрийнхөө зургаан хүүхдийг эрдэм боловсролтой, хаана ч амьдралаа аваад явчих чадвартай хүмүүс болгон хүмүүжүүлжээ.

Том охин Б.Ариунтуяа нь “Урбанек” ком­панид ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг. Түүний нөхөр үндэсний “Соёмбо” хөдөл­гөөний тэргүүн Б.Лхагважав гэж сэтгэлийн хөдөлгөөнөө тэр бүр ил гаргаад байдаггүй хянуур нэгэн байдаг. Чамбайхан хүргэн нь нэгэн удаа “Өөлөх өөгүй сайхан хүн” хэмээн хадам аавыгаа магтаж зарим хүмүүсийн нүдийг том болгосон байна лээ.

Том хүү Б.Ариунболор нь “Улаанбаатар” дээд сургуульд багшилдаг бол удаах охин Б.Ариунжаргал нь “Толгойт” өртөөнд хариуцлагатай албанд зүтгэж, түүний дүү Б.Ариунчимэг нь төрийн албанд зүтгэж яваа. Их амьдралын жаргал зовлонг 30 гаруй жил хуваалцаж яваа гэргий Д.Долгоржавыгаа “Энэ зэрэгтэй явах амьдралын минь түшиг” гэж ихэд хайрлан дээдлэх юм билээ. Д.Долгоржав эгчийг монголын спортын хүрээнийхэн андахгүй. Тун ч илэн далангүй, их л хээгүй нэгэн билээ.

Харин Д.Банди баавайг өөхөнд ороосон бөөр шиг л газарт хүргэлгүй бөөцийлж байх санаатай ганц хүн гэж хэлж болно. 1997 онд гавьяат дасгалжуулагч болоход, дараа нь 2009 онд Ардын багш болоход нь л нутаг усныхан, хамаатан садан, үр хүүхэд, ач зээгээ бүгдийг нь тойруулаад нэг сайхан цугласан даа гэж ярина. “Муу өвгөн минь дэндүү гэмээр цайлган цагаан сэтгэлтэй хүн.

Муу хүнд итгээд XV хорооллынхоо сайхан байрыг алдчихаад олон жил зүдэрч амьдарсан шүү. Төр түмэндээ хоёргүй үнэнч сэтгэлээр зүтгэснийх хожуухан ч гэсэн өөрийн гэсэн сайхан орон байртай болоод одоо л нэг сэтгэл минь тэнийж явна. Гэртээ ирэхэд нь юунд ч санаа зовохооргүй байлгах гэж зүтгэсээр ирлээ. Үнэндээ миний муу өвгөн чинь оймсоо ч хаана байдгийг мэддэггүй хүн” хэмээн саяхан ярьсан байсан.

Хийсэн ажилтай, хэлэх үгтэй, сүүн цагаан зам мөртэй хүний ажил , амьдрал аяндаа л тэгшрээд ирдэг юм байна. Баавай минь таны олон жилийн сэтгэлээ шингээсэн их ажлын үр шимээр дэлхийд Монголын бокс толгойны хэдэд найдвартай жагсдаг боллоо. Гурав хүрэхгүй сая хүнтэй Ази тивийн жижигхэн орны хувьд энэ бол гайхмаар амжилт.

Монголын боксын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч “Баавай” танд цаашид хийх ажил мөн ч их байна санж. Таны удирдлагаар Монголын боксын үндэсний шигшээ баг 2008 оны амжилтаа давтах өдөр холгүй гэдэгт итгэнэм. Риогийн олимп хүртэл танд хийх ажил их байна. Монголын бокс, ард түмнийхээ магнайг дахин тэнийлгэх эрч хүч, урам зориг танд байгаа.

Хэсэгхэн зуур Монголын боксын удирдлагууд жаахан таарамж муутай байсан нь Ардын багш, агуу дасгалжуулагч Д.Банди таны л орон зай дутагдсаных шүү. Одоо та эргээд ирсэн болохоор Монголын боксчид удахгүй дэлхийн дэвжээг эзэгнэх л болно.

Д.Банди “Баавай” минь 2008 онд Бээжингийн тэнгэрт мандсан хөх Монголын хоёр жилийн дараа Риогийн тэнгэрт мандах болтугай. Та л түүнийг бүтээж чадна. “Баавай” минь хүчирхэг хөвгүүдээ удирдан залж алдар гавьяаны өндөрлөгт дахин нэг удаа зогсоорой.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: