sonin.mn

Олимпийн төрлийн спортуудаас манай улсад эрчимтэй хөгжиж, дэлхийн түвшинд хүрсэн нь жу-до, чөлөөт бөх, бокс, буудлага юм. Спортын энэ дөрвөн төрлийг топ дөрөв ч гэж нэрлэдэг.

Хүн амынхаа тоонд жишвэл манай тамирчид бокс, чөлөөт бөх, жу-до, буудлагын төрлөөр 1-5 сая хүн амтай орнууд дотор олимп, дэлхийн аваргад үзүүлсэн амжилтаараа тэргүүлж байна. 1960-аад оны сүүлчээр Монгол телевизийн нэрэмжит самбо бөхийн тэмцээн явагдаж эхэлсэн нь манай улсад жу-до бөх хөгжих үндэс болсонтой маргах хэрэггүй.

1974 онд Б.Чанарав самбо бөхийн дэлхийн аварга болж, 1975 онд энэ амжилт миний багш, спортын гавьяат мастер М.Пунцагаар үргэлжилсэн юм. Өдгөөгийн жу-до бөхийн алдарт дасгалжуулагчид далаад оны эхэн үеийн самбогийн тамирчид байлаа шүү дээ. Ч.Насантогтох, Г.Дэлэг багш гээд нэрлэвэл олон нэр гарна. Жудо бөхийн бүдгэрсэн нэгэн түүхэн амжилт бий.

1972 оны Мюнхений олимпийн 60 кг-ийн жинд Б.Буядаа мөнгөн медаль хүртсэн байдаг. Б.Буядаа өнөөгийн жараад оны сүүлийн хагаст Украин Улсын Львов хотод суралцаж байхдаа жу-до бөхөөр хичээллэж, тив дэлхийн дэвжээнд амжилт гаргатлаа бэлтгэгдсэн байжээ. Манай жу-до бөхийн түүх энэ хүнтэй салшгүй холбоотой.

Б.Буядаа наяад оны дундуур Хөдөлмөр нийгэмлэгт эмэгтэйчүүдийн жу-дог анхлан хичээллүүлж эхэлсэн байдаг. 1978 онд манай спортын дээд удирдлагуудын дунд үл ойлголцол гарч тэр жилийн чөлөөт бөхийн дэлхийн аваргад манай бөхчүүд оролцоогүй бөгөөд энэ үеэр Б.Буядаа допинг хэрэглэсэн гэх яриа далд нөхцөлд гарч, түүнд олгосон гавьяат тамирчин цолыг хураасан юм.

Бүр хожим 1992 онд Японы бөх /1972 оны олимпийн аварга/ манай улсад ирэхдээ Б.Буядаатай уулзаж, допингийн талаар одоо л сонсож байна гэсэн байдаг. Эргэлзээтэй л асуудал, учир битүүлэг энэ явдлын далдлагдсан “нууц”-ыг сайн мэдэх Ш.Магван /1978 онд Монголын олимпийн хорооны дарга болсон/ өнөөг хүртэл, үнэнийг ярьж бичдэггүй нь тун ч хачирхалтай.

Б.Буядаа тэр үеийн орост сурч боловсорсон, өндөр түвшинд бэлтгэгдсэн тамирчин, допинг хэрэглэх ёс зүй, хүмүүжил байхгүй л баймаар даа. Жу-дочдын олимпийн анхны мөнгөн медалийн учир битүүлэг хувь заяа илрэх цаг ирэх байлгүй.

1970-аад оны дунд үеэс самбо, жу-до бөхийн хосолсон шигшээ баг байгуулагдсан нь жу-до бөхийн төрөлд онцгой түлхэц болсон байх. 1978 онд Дарханд явагдсан самбо бөхийн тэмцээний үеэр М.Пунцаг багш “Тэр хоёр залуугийн барилдааныг сайн хар! Өнөө жу-дод чинь таарсан стильтэй бөхчүүд байгаа юм” гэж шавь нартаа хэлж байлаа.

Тэр хоёр залуу нь 1980 оны Москвагийн олимпоос мөнгө, хүрэл медаль авсан Дамдин, Даваадалай нар байсан юмдаг. Наяад оноос жу-до бөхийн улсын шигшээ баг самбо бөхөөс салж, өрх тусгаарласан санагдана.

1981 онд Улаанбаатарт жу-до бөхийн олон улсын тэмцээн болоход японы хоёр бөх ирсэн юмдаг. 65, 75 кг-ийн жинд барилдсан тэр хоёр түрүүлэх нь түрүүлсэн /энэ хоёр жин бол манай тамирчид олимпоос медаль авсан жин байлаа/. Хөлийнхөө эрхий хуруунд угладаг модон улавчтай япон жу-догийн дэвжээний буланд улавчаа орхиод дэвжээнд гарахад үзэгчид гайхан харж байлаа.

Өвөө нарын ярьдаг заналт дайсан, самуурай гэгчийг би анх удаа амьдаар нь харж байгаа нь тэр. 65 кг-д барилдсан япон мате дохиогоор ухас хийтэл монгол бөх суун тусан хонгодоод цацчихсан чинь эппоноор дээшээ хараад пад хийх нь тэр. Япон бөх аймаар гээд байсан, амархан л юм байна гэж арван естэй хүүхэд би бодож билээ.

Монголын дэвжээнд анх зодоглоод ялагдалдаа итгэхгүй толгой сэгсэрч зогссон тэр япон жу-дочийг нисэлттэй шидсэн эр өдгөөгийн гавьяат жүжигчин, уртын дуучин Түвшинжаргал байсан юм.

1987 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Баттулга хүрэл, Балжинням мөнгөн медаль авснаар манай жу-догийн хөгжлийн шинэ эрин үе эхэлсэн гэж болно. Ерээд оны шилжилтийн үед ч жу-до бөх хөгжлийнхөө голдирлоор явж дэлхийн түвшинд хүрч буйгаа баталсаар л байлаа.

Бөхийн төрлүүдээс анхлан жу-до бөхөөр олимпийн аварга төрсөн нь ч жу-догийн туулж ирсэн зам өгсүүр байсныг гэрчилнэ. Жу-до бөхийн үүсэл Ази тивээс гаралтай, бие галбирын хувьд ази хүнд тохирсон спорт.

Өнөө цагийн жу-до бөхийн шилдгүүд Ази тивийнхэн байгаа нь ч үүнийг гэрчилнэ. Энэ давуу талыг эрчимтэй хөгжүүлж, жу-до бөхийн монгол “школ”-ыг бий болгосон гайхалтай ололтоо судалгаанд оруулж, ажиллах нь чухал. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл спорт даяаршсан, мэдээлэл асар хурдацтай түгж, цаг хугацаа, орон зай богиноссон цагт аливаа спортод хил хязгаар хумигдаж, нэгдмэл болж байна.

Спорт бол хэдхэн хүний ажил, авьяастай л бол гэсэн ойлголт хуучирч байна. Ямарваа спорт шинжпэх ухаан, сэтгэл зүй хоёрт тулгуурлан хөгжиж байна. Хичээллэгч нь монгол, орос, казак, керри эсвэл халимаг хүн байх нь сонин биш.

Гагцхүү судалгаа шинжилгээ, сэтгэл зүй л тулгуур багана болно. Тухайн спортын шилдэг мэргэжилтнүүд дэлхийн аль ч улсад дасгалжуулагч хийх эрх нээлттэй. Хүндийн өргөлт монгол хүний бие организмд таарах, таарахгүйг судлах, шинжпэх ухаанчаар нээх явдал чухал.

Жу-до бөх монгол хүний спорт мөн болж, баталгаа нь манай бөхчүүдийн үзүүлж буй амжилт. Монголчууд жу-до бөх, бөхчүүдээрээ бахархаж, спортын баяр цэнгэл амсаж байна. Дэлхийн түвшинд хүрсэн амжилтаа хадгалах, ахиулахад юуг анхаарах ёстой вэ?

Энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хэд хэдэн зүйл ажигласнаа сийрүүлье! Манай жу-дочдод нэг том орон зай эзгүй байгаа нь ажиглагдлаа. Энэ нь сэтгэл зүйн бэлтгэлтэй холбоотой юм л даа. Азийн наадамд түрүүлээд буй Д.Төмөрхүлэг олимп, дэлхийн дэвжээнд гарахдаа одоо яадаг бол гэсэн итгэлгүй, халирамхай шинж илэрхий харуулсан шүү дээ.

Манай жу-дочид аль орны бөхтэй таарснаас ялах, ялагдах нь мэдрэгдмээр харагдаж байдаг нь яах аргагүй спортын сэтгэл зүйчийн орон зай үгүйлэгдэж байгааг гэрчилнэ. Өрсөлдөгчтэйгээ 5 минут буюу 300 секунд яаж барилдахыг дасгалжуулагч нь секунд бүрээр хувиарлаж, барьц хөдөлгөөн хууралт, мэхний эхлэл үргэлжлэл, төгсгөл бүр шийдэж байх ёстой.

Үүнийг хэрэгжүүлэгч бөх нь хэдэн м^нга дахин давтаж, механик хөдөлгүүр болох ёстой. Энэ бол дасгалжуулагчийн хөдөлмөр. Энд нэг зүйлийг онцлоход мэхний эхлэлийг хардаг, хэлдэг төгсгөлийг хардаггүй байх нь элбэг юмаа. Тухайн мэхний төгсгөлийг харах чадвар бөхийн биш дасгалжуулапнийн авьяас. Мэх дутуу хийгдсэн бол бөх биш дасгалжуулагч дутуу харсан хэрэг.

Харин мэхээ дутуу хийсэн бол өөр асуудал яригдана. Алдарт сагсчин Жордон өөртөө эрдэж дутуу алхаж шидээд бөмбөг ороогүй тохиолдлыг ярьж, би бол гүйцэтгэгч хүн. Миний шидсэн бөмбөг цагирагт орсон бол дасгалжуулагч оруулж байгаа хэрэг. Орохгүй бол би алдаж байгаа хэрэг. Дасгалжуулагчгүй бол би ердөө л эхлэн тоглогч гэж хэлсэн нь байдаг.

Спорт бол цаг үеийн үзэгдэл, нэг хүнээр дархлагддаггүй. Ажаад байхад алдар нэр, өмнөх амжилтыг нь бодоод нэг тамирчинг “урдаа барьдаг мод” болгодог, тэр нь эрдэж бардаж явдаг үзэгдэл манай топ дөрвөн спортод байсаар л байна.

Цаг цагаараа байдаггүй гэдэг өвгөдийн үг спортод ч хамаарна. Азийн наадмын жу-до бөхийн багийг залуусаар түлхүү бүрдүүлсэн нь өмнөхөөс илүү амжилт үзүүлэхэд нөлөөллөө шүү дээ.

Спортын залуу халаа хүн ам багатай орны хувьд бэрхшээлтэй асуудлын нэг. Гэхдээ ганц дээлт барилдаанч, ганц морьт уралдаач гэдэг үгийг март гэсэн санаа огт биш л дээ. Спортод нэг намын, нэг даргын, нэг тамирчны ноёрхол гэж байдаггүй. Спорт ердөө хоёр жигүүртэй. Амжилт, залуу халаа.

Дэд хурандаа П.Батнайрамдал

Эх сурвалж: "Соёмбо" сонин