sonin.mn

Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн сагсанбөмбөгчид БНСУ-ын Инчеон хотноо болж байгаа Азийн зуны спортын 17 дугаар наадамд шуугиан дэгдээсэн амжилтыг үзүүлж шар тивийн шилдэг найман багийн нэгээр шалгараад байна.

Монголын үе үеийн сагсанбөмбөгийн тамирчдын түүхэнд байхгүй амжилтын эзэд болоод байгаа энэ цагийн монгол залуусын амжилтын нууцын талаар Монголын сагсанбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Тамиртай уулзаж сонирхсон юм. Энэхүү ярилцлагаа та бүхэнд толилуулж байна.

-Азийн 17 дугаар наадамд оролцож байгаа МСБХ-ны эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид гайхалтай амжилт үзүүлж шигшээ наймд шалгараад байна.  Энэ амжилтын талаар таны сэтгэгдлийг сонсоё?

-Хагас зуун жилийн түүхтэй, үе үеийн сагсанбөмбөгчдийн хүсэн хүлээж байсан амжилтыг үзүүлсэн гайхамшигтай тоглолтыг энэ удаагийн Азийн наадамд оролцсон эрэгтэй, эмэгтэй сагсчид маань үзүүлж чадлаа. Манай тамирчид Азийн шилдгийн шилдэг найман багт шалгарч чадна гэдэг бол монголчуудаа үнэхээр их баярлуулсан Монголын спортын түүхэнд тэмдэглэгдэх амжилтыг гаргасан том баяр боллоо. Энэ бол манай тамирчид, дасгалжуулагчид  маш сайн зохион байгуулалттай ажиллаж чадсаны үр дүн гэж дүгнэж байна. Бид бүхэн баярлаж урамшаад зогсохгүй энэ спортыг дэмжигч, сонирхогч бүх хүнийг баярлуулсан тоглолтууд  одоо ч үргэлжилсээр байна.

-Манай тамирчид энэ удаагийн наадамд ямар амжилт үзүүлэх зорилготой ирсэн бэ?

-Бид шигшээ наймд шалгарах зорилготой ирсэн. Энэ зорилгоо биелүүллээ. Азийн наадмаас байнга  медаль хүртдэг Хонконг, Йорданы шилдэг багуудыг хожлоо. Үнэхээр бид чадлаа.

-Монголын өсвөр залуу үеийнхнийг үргэлж байлдан дагуулж ирсэн энэ спортын амжилтыг ахиулах болон шигшээ багийг бүрдүүлэх талаар МСБХ-ноос юу хийж байна?

-Шигшээ баг бүрдээд 5-6 жил болсон. Энэ хугацаанд үүргээ сайн гүйцэтгэж ирлээ. Манай холбоо урд өмнө хэзээ ч байгаагүй шигшээ багтай болохоор өнгөрсөн зургадугаар сард 300 гаруй өсвөр насны хүүхдээс  сонгон шалгаруулалт явуулаад 15-20 насны 16 хүүхдийг тусгайлан системтэйгээр бэлтгэж эхлээд байгаа. Тэд 2-3 жилийн дараа шигшээ багт орж ирнэ. Дараагийн Азийн наадамд бид бэлтгэгдсэн шигшээ багтай тоглолт хийнэ  гэдэгт итгэл дүүрэн байна.

-Манай сагсанбөмбөгчдийн энэ наадамд үзүүлж байгаа амжилтын нууц юу байв?

-Энэ амжилтын нууц гэвэл боломж, чадвар, нөөц бий гэдгийг л манай залуус харуулж чадлаа. Манай сагсанбөмбөгчид энэ наадамд ирсэн улс орнуудын шигшээ багийн тамирчид шиг мэргэжлийн түвшинд бэлтгэл сургуулилт хангаж ирээгүй нь мэдээж. Өнөөдөр багийн спортыг төрөөс хангалттай сайн дэмжихгүй байгаа нь харамсалтай. Бид өөрсдийн нөөц боломжоороо л бэлтгэж байгаа болохоор ахуй хангамжаас эхлээд бэлтгэлээ базаах боломж нөхцлөөр яагаад ч өрсөлдөгч багийн түвшинд хүрэхгүй. Гэхдээ манай тамирчид ёстой бор зүрхээрээ тоглож байгааг хэлэх хэрэгтэй болов уу. Эмэгтэй тамирчид гэхэд л өөрсдөө зардлаа дааж ирээд ийм амжилт гаргаж байна. Энэ спортыг дэмждэг, сэтгэлтэй хүмүүсийн дэмээр манай тамирчид амжилттай тоглож байгаа. Мөн БНСУ-д суралцаж, ажиллаж, амьдардаг хүмүүс энд ирж бидэнд эх орондоо байгаа мэт их урам өгч, дэмжиж  байгаад талархаад баршгүй. Монголчууддаа баярлалаа.

Инчеон хотоос Д.Өлзийсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг