sonin.mn

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхөөс хоёр нь сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржоос дараах тайлбарыг авсан юм.

-Хэд хоногийн өмнө гурван бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон гэж мэдэгдэж байсан. Гэтэл яагаад хоёр болчихов оо?

-Гурав биш хоёр бөх сэргээш хэрэглэсэн нь тог­тоогдсон. Энэ жилийн наадамд тав давж шөвгөрсөн Улсын начин Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын өгсөн 22826940, 28266916 дугаартай шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрсэн.

Энэ хоёр бөх “А” сорьцын хариугаа хүлээн зөвшөөрөөгүй тул “Б” сорьцыг БНСУ руу явуулсан. Харамсалтай нь, “Б” сорьцноос ч мөн адил сөрөг хариу илэрсэн.

-Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөх та бүхэнд ямар тайлбар хэлж байх юм бэ?

-Хоёулаа наадмын өмнө бэртсэн юм билээ. Бэртлээ эдгээх зорилгоор эм, бэлдмэл хэрэглэсэн гэх тайлбар өгч байгаа. Нэг нь наадмаас хэд хоногийн өмнө өвдөг дээрээ гарсан хатигаа хагалуулсан. Нөгөө нь гартаа хагалгаа хийлгэсэн.

Бэртэлдээ хэрэглэсэн зүйлээс сэргээшийн төрөл илэрсэн байж магадгүй л дээ. Гэхдээ гэмтэл, бэртлээ эмчлүүлэхээр эм хэрэглэх бол Допингийн эсрэг төвд мэдэгдэх ёстой. Харин тухайн төвөөс ийм хэмжээтэй хэрэглэж болно гэсэн заавар зөвлөмж өгдөг.

-Гэхдээ сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг 90 хоногийн дараа зарлаж байгаад бухимдах иргэд байна. Хугацаанд нь зарлаагүйгээс зарим хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацагдаж, иргэдийг төөрөгдүүлэх юм. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Жил жилийн наад­маар тав давсан буюу шөв­гөрсөн 16 бөхөөс сэр­гээшийн шинжилгээ авдаг уламжлалтай. Энэ жил шөвгөрсөн бөхчүүд бүгд шинжилгээндээ хамрагдсан. Тус бүр хоёр удаа шинжилгээ өгсөн.

Улмаар Олон улсын Олимпийн хороогоор баталгаа­жуулсан лабораторид бөхчүүдийнхээ шинжилгээг хүргүүлж хариуг заасан хугацаанд нь авсан. Гэхдээ Монголд сэргээ­шийн шинжилгээг тогтоох лаборатори байхгүй. Тиймээс Солонгост шинжилгээ явуулж хугацаа алдсан тал бий.

-Дээрх хоёр бөхөд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Монголын үндэсний бөхийн холбоо ямар нэгэн хариуцлага тооцохгүй. Хуулиараа Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хариуцлага тооцно. Энэ хороо хуралдаж ямар шийтгэл оноохоо шийдэх ёстой.

-Хууль болон дотоод журмандаа сэргээш хэрэглэсэн бөхөд яг ямар хариуцлага тооцохоор заасан байдаг юм бэ?

-Хоёр жил хүртэлх хугацаагаар барилдах эрхийг нь хасна. Мөн цол хураах заалт бий.

-Ингэхэд сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг танай холбоо олон нийтэд мэдээлэх үүрэггүй шиг санагдана?

-Тийм.

-Тэгээд яагаад та бүхэн бөхчүүдийн нэрийг нийтэд зарлаж байгаа юм бэ?

-Уг нь “Б” сорьцын хариу ирсэн даруйд Үндэсний баяр наадам зохион байгуулах хороо албан ёсоор зарлаж, олон нийтэд мэдээлэх ёстой. Хэрэв энэ байгууллага мэдээлээгүй бол МҮОХ мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг.

Харамсалтай нь сэргээшийн хариу гарчихаад бай­хад тэд мэдээлэл хийсэнгүй. Тиймээс бид өнөөдөр албан ёсоор сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн нэрийг зарлаж байгаа юм.

Б.Төрбат

Эх сурвалж: