sonin.mn
“Инчеон-2014” Азийн 17 дахь зуны наадамд багаараа амжилттай оролцож, хувийн үзүүлэлтүүдээрээ багаа тэргүүлсэн “SBL Хасын хүлэгүүд” багийн тоглогч Б.Билгүүнтэй ярилцлаа. 
 
 
-Юун түрүүнд Азийн наадамд багаараа бахдам амжилт үзүүлсэнд тань баяр хүргэе. Та бүхний амжилт Монголд багийн спорт хөгжихгүй гэдэг ойлголтыг өөрчилж чадлаа.
-Баярлалаа. Бид шигшээ багийнхаа өмнөх амжилтыг ахиулсандаа маш их баяр­тай байгаа. Шахуу ху­ваарьтай тоглосон хэдий ч багийнхан маань маш сайн тоглосон. Мөн тоглолтууд болсон ордонд монголчууд олон байсан болохоор би­дэнд маш их урам зориг өгч, биднийг хурцалж бай­сан. Тэдэндээ ч гэсэн баяр­лалаа гэж хэлье. 
 
-Билгүүн хэзээнээс сагсан бөмбөг тоглож эхэлсэн бэ?
-Долоодугаар ангиасаа хойш тоглосон юм байна. 14 настай байсан байх аа. Секц, дугуйлангийн тухайд есдүгээр ангиасаа эхэлж хичээллээд 2005-2006 онд “Баганат-Өргөө” багт орж, мэргэжлийн түвшинд бэлт­гэл сургуулилтаа хийж эхэл­­сэн. Түүнээс хойш со­­­нир­­хогч биш, сагсан бөм­бөгч­ний хэмжээнд бэлт­гэл хийдэг болсон.
 
-Одоо супер лигийн шинэ улирал эхэллээ. Хуучин багтаа тоглоно биз дээ?
-Тэгнэ. Бусад баг урьд­чилаад 3-5 жилийн гэрээ хийдэг ч гэсэн манай баг та­мир­чидтайгаа хийсэн гэ­­­рээ­гээ жил жилээр нь ши­нэчилдэг. Жил жилээр нь гэрээгээ хийгээд ямар нэг зүйл болбол чөлөөт агент болоод явах боломж олгодог илүү уян хатан гэрээ хийдэг. 
 
-Супер лиг гэснээс нэг багт шигшээ багийн гурван тамирчин байх ёстой гэ­сэн дүрэмтэй болчихсон. Үүнийг танай баг хэрхэн шийдэх вэ. Танай багт гур­ваас илүү шигшээгийн та­мирчин байдаг шүү дээ?
-Шигшээ багийн таван тамирчин манай багт бий. Бид тэгэхээр хоёр та­мирч­наа тоглуулахаа болих уу, эсвэл багаа барьж үл­дэхийн тулд шигшээ багаас нэрээ татах ёстой юу гэсэн сонголтод тулаад байгаа. Уг нь энэ хоёр хол­бооны асуудал ший­дэгд­чихвэл энэ асуудал нэг тийш болох байх. 
 
-Энэ хоёр холбоо ер нь нэгдэж болдоггүй юм уу. Хоёр холбоо гэхээсээ илүү­тэйгээр улстөржилт яваг­даад байдаг юм биш үү
-Сүүлийн үед сагсан бөмбөгт улстөр, аль нэг намын нөлөө хэт орох болсон. Засаг барьж байгаа намаас шалтгаалаад өөр болж. Үүнээс болоод жирийн тамирчин бид хохирох гээд байна. Адаглаад л Спортын төв ордонд бэлтгэл хийх гэхэд заал өгөхгүй, хэн нэг эрх мэдэлтэй дарга заалыг бүтэн жилээр нь түрээслээд авчихсан байх жишээтэй. 
 
-Тэгэхээр та хэд Азийн наадамд явахаасаа өмнө их, дээд сургуулиудын заалыг “гуйж” бэлтгэлээ хийсэн гэдэг яриа үнэн болж таарах нь ээ?
-Сагсан бөмбөгийн ту­хайд заалны асуудал их хөн­­дөгддөг. Өдөрт нэг удаа бэлтгэл хийхэд заал асуу­­далгүй. Гэхдээ 2-3 удаа бэлтгэл хийхээр сур­гуу­лиудын хичээл эхэлчихсэн гэдэг тул заал өгөх нь ховор байсан. Тиймээс өглөө, өдрийн цагаар заалны асуу­дал хүнд байсан. Үүнийг л төрөөс шийдээд өгчихвөл болох гээд байна. 
 
-Ер нь манайд яг олон улсын стандартад нийцсэн сагсан бөмбөгийн заал, танхим байдаг юм уу?
-Стандартын шаардлага хангасан заал гэвэл “Буянт-Ухаа”-гийн спорт цог­цолборыг хэлэх бай­на. Гэх­дээ сар гаруйн хуга­цаанд бэлтгэл хийхэд тэнд бэлт­гэл хийх боломж би­дэнд олдоогүй. Их сур­гуу­лиудын зааланд бэлтгэл хийж байхад талбайн хувьд хэмжээ нь ижил мөртлөө орон зайн хувьд бага. Тий­мээс тэнд очоод тоглоход илүү том заалтай болохоор орон зайн баримжаа алдах асуудал байсан. 
 
-Харин Инчеонд очсон хойноо энэ асуудлыг хэр­хэн шийдсэн бэ. Аль нэг холбоо энэ асуудлыг зохи­цуулсан уу?
-Байрны асуудал хүнд байсан. Хоёр холбоо аль аль нь үүнийг шийдэж чадаагүй. Гэхдээ манай Ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт хувийн зардлаараа бүх тамирчдаа буудалд байр­луулж, хоол ундны асууд­лыг шийдэж байсан. Бас тэнд байдаг монголчууд маань өглөө, оройдоо монгол хоол авчирч өгч байсан. 
 
-Азийн наадмын үеэр шигшээгийнхээ нуруулаг тоглогч гэдэг утгаар танд багагүй ачаалал ирж байх шиг байсан. Өрсөлдөгчөөс ирэх хамгаалалт, ачаалал хэр байв?
-Би лигт гурав дугаартай тоглодог. Харин шигшээд манайхан нуруу нам бо­лохоор хойшоо 4-5-д гарч тоглох шаардлага гарсан. Зарим тоглогч маань бэрт­сэн болохоор сүү­лийн х­э­дэн тоглолтод төвд тог­ло­сон. Манай багийн хувьд нуруугаар намхан ч гэсэн хамгаалалт, хурдтай довтол­гоогоор сул талаа нөхөж тоглосон.
 
Бидний хувьд эндээс явахдаа 4-5 тоглолтод орно гэж бодож явсан. Сүүлд шигшээ наймд үлдсэн бо­лохоор түүнээс илүү их тоглолт хийсэн. Хүмүүс зөвхөн Т.Санчир бид хоёрыг их ачаалал авсан гэж ойлгоод байх шиг байна. Тийм биш шүү дээ. Бүгд л өндөр ачаалал авсан. Нөгөөтэйгүүр бид хоёр оноо аваад байна гэдэг нь ба­гийнхан маань бид хоёрт оноо авах боломжуудыг гар­гаж өгч байсан гэсэн үг.
 
-Бусад орны тамирчид зөвхөн сагсан бөмбөгөөрөө хичээллэж, түүгээрээ амь­­дардаг. Харин та хэ­­дийн хувьд ажлаа хий­хийн зэ­рэгцээ орой нь бэлт­гэлээ хийдэг. Ер нь ажил, бэлт­гэлээ хэрхэн зохи­цуулдаг вэ?
-Миний хувьд “Хас” банкны картын төвд ажил­ладаг. 09:00 цагт ажилдаа яваад, орой 18:00 цагт тараад, харьж цайгаа уучихаад ирж бэлтгэлээ хий­­дэг. Бэлтгэл маань 22:00 за­римдаа 23:00 цагийн үед тардаг. Иймэрхүү байдлаар л өдөр өнгөрдөг. Тиймээс бид­нийг мэргэжлийн тамир­чин гэж хэлэхэд бас хэцүү. 
 
-Таны хувьд БНСУ-д энэ спортоор сурч байсан. Энэ удаагийн Азийн наадамд тэр туршлага чинь хэрэг болов уу?
-Би 2007 онд БНСУ-д сагсан бөмбөгийн спортоор суралцаж байсан. БНСУ, манайх хоёрын бэлтгэл их өөр. Тэд тамирчдынхаа ар амьдрал гээд бүхий л асуудалд нь анхаарлаа хандуулж, зөвхөн тэмцээ­нийхээ бэлтгэлд анхаарлаа хандуулахад нь анхаардаг. Монгол тамирчид шиг аж­лаа хийгээд хажуугаар нь сагс тоглоно гэж байхгүй. 
 
Бүр арван жилийн 3,4 дүгээр ангиасаа эхлээд яг л тэр чиглэлээрээ байнгын бэлтгэл хийлгэдэг. Зөвхөн сагсан бөмбөгийн тамирчин болж, улсынхаа лигт ор­но гэсэн зорилго өмнөө тавь­сан байдаг. Тэгж байж ч чадварлаг сайн тамирчид төрөн гарч байгаа юм л даа. Бид ч гэсэн удахгүй тийм болох байх гэж бодож байна.
 
-Тоглолтын үеэр танд БНСУ-аас санал ирсэн гэх яриа байгаа.
-Ганц нэг таньдаг хүмүүс маань буцаад манайд тог­лохгүй юм уу л гэсэн. Түү­нийг албан ёсны санал гэж хэлж болохгүй байх. Надад хийх зүйл их байна.
 
-Таны хувьд зөвхөн 17 дахь Азийн наадам ч гэлтгүй олон улсын тэм­цээнүүдэд байнга өндөр амжилт гаргадаг. Тэр бү­хэнд тоглолтуудыг тань харсан бүсгүйчүүд “Сайхан залуу байна дурлачихлаа” гэдэг үг хэлж байхыг олонтаа сонссон. Гэр бүлтэй болж амжсан уу?
-Амжаагүй байна. Гэхдээ найз охинтой. 
 
-Сониноос удахгүй “NBA” эхлэх гэж байна. Та аль багийг дэмждэг вэ?
-NBA гэвэл “Миами хит”-ийг дэмжиж байсан гэхдээ энэ жил арай сонирхолтой байж магадгүй гэж бодоод “Клэвлэнд Кавалиэрс”-ийг харж байна. Шинэ бүрэл­дэхүүнээс сайн тоглолт гарч магадгүй гэж найдаж байгаа. 
 
-Л.Жэймсийг дагаад дэмждэг багаа сольчихож бай­гаа юм уу гэвэл буруу­дах болов уу?
-Мэдээж Л.Жэймсийг да­гаж байна гэж болох л юм. Өндөр нуруутай, хү­чирхэг, бүх байрлалд тог­лох чадвар­тай учраас дэм­жиж явдаг.
 
 
М.Санчир
Эх сурвалж: