sonin.mn

Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн үйл ажиллагааг энэ сарын 18-ны 10.00 цагт  Чингисийн талбайд зохион байгуулна.

Өдөрлөг нийслэл, дүүргийн Биеийн тамир спортын газар, хороод, оюутны болон өсвөрийн шигшээ баг, спортын холбоод, клубүүд үйл ажиллагаагаа сурталчлах ажлаар эхэлнэ. Өдөрлөгийн эхэнд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, төрийнхөө далбааг тив, дэлхийн тэнгэрт мандуулж амжилт гаргасан тамирчдыг нийслэлийн шагналаар шагнах ёслолын ажиллагаа болох юм.

Уран сайхны гимнастик, аэробик, спортын гимнастик, таеквондо, спорт бүжгийн баг тамирчид  спортын үзүүлэх тоглолтоо талбайд хуран цугласан нийслэлийн иргэдэд үзүүлж сонирхуулна.

Дугуйн парадыг Чингисийн талбай-Баруун дөрвөн зам-Зүүн дөрвөн зам-Чингисийн талбай гэсэн  чиглэлээр  явуулна. Мөн шүүгчийн дуут дохиогоор бүх нийтийн гүйлтийн гарааг тайзны өмнөөс гаргана. Гүйлтийг Чингисийн талбай -Төв шуудан-Цэцэг төв-Зоос гоёл-МУИС-ШУТИС-МУБИС-УДБЭТ-Чингисийн талбай гэсэн чиглэлээр зохион байгуулах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээлээр зохион байгуулж буй “Дуулиан 2020” ес дэх удаагийн тэмцээний сугалааны ажиллагааг нээж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл эхний сугалааг сугална. Сугалааны ажиллагаанд оролцож байгаа зочид, тамирчин сурагчдад хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэнэ.

Өдөрлөгөөр дүүргүүдийн Биеийн тамир спортын хороод, өсвөр, оюутны шигшээ багуудын үйл  ажиллагааг иргэдэд танилцуулах самбар, холбогдох цом, өргөмжлөл, медаль, танилцуулга, тоног төхөөрөмж, хувцас, зураг, ном, сэтгүүл зэргээр үзэсгэлэн гаргах юм.

Мөн дугуйн үзэсгэлэн худалдаа, пракат үйлчилгээ, спорт дэлгүүрийн үзэсгэлэн худалдаа, эрүүл мэнд, бие бялдрын сорилын үзлэг, зөвлөгөө өгөх, азын сугалаат үйлчилгээ,  "Улаанбаатар марафон 2014" зурагт үзэсгэлэн, "Сурагчдын лиг" сагсан бөмбөг, волейболын тэмцээн зохион байгуулах юм байна.

Ж.Болор

Эх сурвалж: